Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон дэлхий нийтээрээ 1998 оноос тэмдэглэж иржээ.
Хүүхдийн эрхийн тухай Конвенцид нэгдсэн улс орнууд 1998 оноос, манай улс Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламжлал болгон энэ өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлдэг.
Хүчирхийлэл нь зөвхөн нэг хүүхэд, нэг л гэр бүлийн асуудал биш бөгөөд үүнд нийгэм тэр чигээрээ өртөж байдаг бөгөөд хүчирхийлэлд өртсөн хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын баяр баясгалангүй, итгэлгүй болж, өөрөө хүчирхийлэгч болох магадлал өндөр байдаг ба улмаар нийгмийн баялгыг бүтээгч бус, улс орны хөгжлөөс хойш татдаг иргэд бий болсоноор үйлдвэрлэл буурах төдийгүй эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.
НҮБ-ын Хүүхдийн сангаас явуулсан судалгаагаар дэлхий дээр жил бүр 133 саяаас 275 сая хүүхэд эцэг эхийнхээ харгис, хатуу зан авирын гэрч болдог болох нь тогтоогджээ.
Тэмдэглэлт өдрийн хүрээнд зохион байгуулж буй ажил, арга хэмжээ нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нар хүүхдээ зодож, шийтгэлгүйгээр хүмүүжүүлэх талаар хэлэлцэж тодорхой үр дүнд хүрэх үйл ажиллагаа юм.
Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход эцэг, эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг, оролцоо, дэмжлэг нэн чухал.
Монгол Улсад хүүхдийн эсрэг гэмт хэрэг жилд дунджаар 1500-1700 орчим үйлдэгдэж, 1000-1300 хүүхэд гэмт хэрэгт холбогдож, бүртгэгдсэн гэмт хэргийн 65-70 хувь нийслэлд, 35-45 хувь орон нутагт үйлдэгдсэн байна.
Хүүхдийн эсрэг гэмт хэрэг нь амь нас, сэтгэл зүй, эрүүл мэндэд бодит хохирол учруулдагаараа хор уршигтай. Судалгаанаас харахад 87 хувь нь насанд хүрэгчдээс хүүхдийг зодож шийтгэх, бэлгийн хүчирхийлэлд өртүүлэх, эд зүйлийг нь хулгайлж дээрэмдэх, авто ослын хохирогч болгох зэргээр үйлдсэн байна.
Тухайлбал: 2019 онд гэмт хэргийн улмаас 1598 хүүхэд хохирч, 624 хүүхэд гэмтсэн, 1356 хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нь хувь хүний хүмүүжил төлөвшил, зан байдал, гэр бүлийн харилцаа, архидалт зэрэг шууд нөлөөлөхөөс гадна хүүхдийг зодож, загнах явдлыг байдаг зүйл мэт хандах зарим иргэдийн хандлага нь хүүхэд хохироход нөлөөлж байна.
Цагдаагийн байгууллагаас хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч, гэр бүлийн харилцаа хандлага, хүүхэд залуучуудын хүмүүжил ёс суртахууныг өөрчлөх, гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр “Нэг хором”, “Яараад яахав дээ”, “Зөв тусгал”, “Ойлгоё, хүндэлье”, “Хайр өвтгөдөггүй” зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан.
Мөн “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх олон улсын өдөр”-ийг НҮБХС, ДЗМОУБ, ХЗДХЯ, ХНХЯ, ГБХЗХГ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж, оролцон ажиллаж ирсэн. Өнгөрсөн онд энэ өдрөөр Сүхбаатарын талбайд урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулж, энэ арга хэмжээгээр дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэж, хүүхдийг эерэг аргаар хүүмүүжүүлэх, эцэг эхчүүд өөрсдөө үлгэрлэх, хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой “Зөв тусгал” арга хэмжээ, гудамж талбайд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Хүүхэд хамгаалагч” эргүүлийг улсын хэмжээд зохион байгуулж, ажлуулж эхлүүлсэн.
Энэ жилийн тухайд цаг үеийн нөхцөл байдалд тохируулан хэвлэл мэдээллийн байгууллагын дэмжлэг туслалцаатай иргэдэд хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл хүргэж ажиллах юм.
Дараахь зүйлийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нартаа анхааруулж байна.
- Ямарваа хүчирхийллийг мэдээлэх нь чухал юм.
- Хүчирхийллийг нуун дарагдуулвал цаашид даамжрах аюултай.
- Зодож шийтгэх зэрэг ямар ч хүчирхийллийг таслан зогсоох.
- Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх
- Эцэг, эх өөрсдөө хүмүүжил төлөвшилд суралцах.
- Хүүхэд хүчирхийлэлд өртсөн эсэхийг байнга тандаж анхаарч байх шаардлагатай.
Эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ дараах уриалгыг хүргэж байна.
Хүүхдэд сургаалаас илүү үлгэр жишээ байдал илүү нөлөөлдөг
Хүүхэд таныг биш та хүүхдээ ойлгох ёстой
Хүмүүжил бол хамгийн дээд боловсрол
Эргэж ирэхгүй хүүхэд насыг нь хайрла түүнийг хамгаал
“ХҮҮХДЭЭ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ!”