Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын баатар ч хатуухан юмтай учирсан даа



Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захиаргчаар томилогдон ажлаа аваад удаагүй байгаа, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийг  нийслэлийн газрын маргаан, агаарын бохирдол, замын түгжрэл, хог хаягдал гээд амаргүй амаргүй хатуухан  самрууд түм түмээрээ л угтаж байна.
Ажлаа авмагцаа хэд хэдэн дүүрэгт очиж иргэдтэй уулзахад нь чухамдаа болж бүтэж байгаа зүйлийн тухай нэг үг дуулдсангүй. Хаа л бол “Хаалга цонох хаагаад барилга барьж байна”, “Энэ хог хаягдал чинь хэцүүдлээ”, “Замын түгжрэлийг яах вэ”, “Сургууль цэцэрлэгт хүүхэд багтахаа байлаа” хэмээн бухимдсан, асуусан, аврал эрсэн хүмүүсийн баргар царай.
Энэ бүхэн нь чухамдаа нийслэлийг ийм болтол нь туйлдуулж, түмэн бэрхшээлтэй болгосон хотын өмнөх удирдлагуудын бий болгосон авлига, газрын наймаа, хөрөнгө мөнгө иддэг албан тушаалтнуудын том сүлжээнээс үүдэлтэй. Хамгийн хатуу самар нь чухамдаа энэ.
Нийслэлийн өмнөх удирдлагууд болох М.Энхболдоос авхуулаад “Алимаа” Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нарын үе залгамжлуулан хийсэн газрын наймааны золиос болж алдагдсан хот төлөвлөлтийн бодлого, гишгих газаргүй болтол барилга барьсан хотын төв, өдий төдий хөрөнгө заран байж засчихаад хоёр гурван сар, нэг жилийн дараа  биднийхээ хөрөнгөөр дахиад л засдаг зам гээд л манай нийслэл чухамдаа оросын орхигдсон тосгоноос ч долоон дор орчихсныг л хүлээн авч байна.
Нийслэлийн удирдлагад байсан М.Энхболдын хувьд хотын унаган хүүхэд гэж болох бол Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр хоёр нь хөдөөний хүмүүс. Тэдний хувьд нийслэл хотыг өнөө л хөдөөгийн сум, аймгийн төв шигээ сэтгэхээс биш хэзээ ч том хотын хэмжээнд сэтгэхгүй, тэгээд ч сул л газар байвал мөнгө болж харагдаад байснаас биш орчин үеийн хот ямар байх ёстой талаар үнэндээ юу ч мэдэхгүй хүмүүс  байсан. Хамгийн аймаар нь энэ том хотод хийж болох ажил, сайжруулмаар зүйл бүхэн нь эцэстээ олон түмний тусын тулд гэхээсээ “Үүнийг хийвэл, дундаас нь хэдэн төгрөг унах бол” гэдэг сэтгэлгээ дээрх гурван даргын үед ноёлж байсан. Тэд энэ бүхнийг хийх нэрээр дунд доод түвшний хүмүүсээ гар хөл болгон хамтарч зашсаар бүр сургачихсан.
Замын түгжрэлийг багасгахын тулд замын нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг ачна гэдэг шийдвэр гарч байсан уу гарч байсаан. Гэхдээ үүнийг  нийслэлийн Засаг дарга, НЗДТГ, Замын цагдаагийнхан замын түгжрэлийг бууруулахын тулд биш, харин энэ ажлын явцад халаас хармаагаа яаж түнтийлгэх вэ гэж хийж байснаас бараг хэрэгжээгүй. Агаарын бохирдлыг бууруулах, хог хаягдлыг ачих, газрын зөвшөөрөл гээд бүхий л ажил, энэ ажлыг  хариуцсан хүмүүсийнхээ л амьдрал ахуйг өөд нь татсанаас биш нийслэлийн оршин суугчдад нэг ч өгөөжөө өгөөгүй.
Улсын баатар Э.Бат-Үүл одоо “хууль бус бүхнийг цэгцэлнэ” гээд байгаа. Чухамдаа орой дээр нь М.Энхболд байгаа газрын наймааны энэ аймаар сүлжээ “үхэхдээ үхэр буугаа” гэгчээр мөчөөгөө өгөхгүй тун хатуугаар тэмцэнэ л дээ. Тэдний дээрээсээ аваад доод шат хүртэл бий болгосон авлигын сүлжээ нь шийдвэр болгоныг нь найрсгаар хүлээн авч байгаа дүр үзүүлэн “Гүйцэтгэе” гэчихээд гараад л аль болох хэрэгжүүлэхгүйн төлөө элдэв арга чарга хэрэглэнэ. Дээшээ М.Энхболд руугаа утасдана. Ингээд болохгүй байгаа хүмүүсийг нь халаад эхлэхээр “намаар нь ялгаварлаж хомроголон халлаа” гэж уйлалдана, жагсана.  Энэ бүхнийг одоо УИХ-ын дэд дарга, Засгийн газрын шадар сайдын сэнтий рүү мярааж байгаа М.Энхболд удирдан чиглүүлнэ.
М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нарын бий болгосон мафийн сүлжээний хувьд энэ хотод хэдий чинээ их бэрхшээл, тулгамдсан асуудал байж, хүмүүс яаж л аль болох их бухимдаж байвал тэр хэрээрээ халаасанд нь их мөнгө урсан орж ирж байсан болохоор энэ тогтолцоог эвдэхийг нэг л их хүсэхгүй байгаа.
Замыг үнэхээр чанартай сайн тавьчихвал дараа жил нь засна гэж ажил гарахгүй, энэ хэрээрээ дундаас нь мөнгө унагах боломжгүй болох жишээтэй.
Тэгээд ч тэдний энэ булхайг илчилж, асуудлыг шийдээд л байвал дахиад энэ хүмүүс зөөлөн сэнтийд заларч, ард түмний мөнгөнөөс халаасалж байх карьер нь дуусах болохоор бүр ч үгүй.
Монгол Улсын баатар Э.Бат-Үүл ч хатуухан самартай учирч, ширүүхэн эсэргүүцэлтэй тулгарч байна даа.

Х.Өлзийбаяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан