Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БЭЭЖИН ХОТЫН СУРГУУЛИУДЫН ТАНХИМЫН СУРГАЛТЫГ ЭХЛҮҮЛЭХ ТОВ ТОДОРЛОО

Бээжин хотын Онцгой байдлын комисс 4 дүгээр сарын 12-ны өдөр ээлжит хэвлэл мэдээллийн хурал хийж, Бээжин хотын сургуулиудын танхимын сургалт эхлэх тодорхой хугацаа болон элсэлтийн ерөнхий шалгалтын товыг зарласан байна.

Хятадын Коммунист намын Төв хорооноос дэвшүүлсэн “Ковид-19” халдварын тархалттай тэмцэх, хумих, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тууштай үргэлжлүүлэхийн хамтаар улс орны эдийн засгийг сэргээж, үйлдвэрлэлт, ажил эрхлэлтийг эхлүүлэх үндсэн зорилтын дагуу, багш, сурагчдын эрүүл мэнд, амь насыг тэргүүн эгнээнд тавьж, сурагчид болон нийгмийн сэтгэл зүйн төлөв байдлыг хэвийн байлгах үүднээс онцгой байдлын зэргээ бууруулахгүй ч эхний ээлжинд 4 дүгээр сарын 27-ны өдөр Бээжин хот даяар ахлах сургуулийн 3 дугаар анги буюу төгсөх ангиуд, 2 дугаар ээлжинд 5 дугаар сарын 11-ний өдрөөс дунд сургуулийн 3 дугаар ангиуд хичээллэж эхлэх бэлтгэлийг ханган ажиллах шийдвэр гаргасан тухай мэдэгдэв.

Хичээл эхлэхтэй холбогдуулан дараах анхааруулгыг нийт эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, багш нарт хандан гаргасан байна. Үүнд,
1. Сургуулийн дотоод орчинд сурагчдыг олноор цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, анги сэлгэж явахгүй байх,
2. Сургууль гэр хооронд зорчихоос өөр маршрутаар явахгүй байх,
3. Гадны иргэдийг сургуулийн орчинд нэвтрүүлэхгүй байх,
4. Эцэг эхчүүд хүн олон цугласан газраар явахгүй байж, урьдчилан сэргийлэх хамгаалалтыг тогтмол хийж байх,
5. Ангийн сурагчдын халууныг өдөрт 2 удаа хэмжих,
Сэжигтэй тохиолдол илэрвэл тусгайлан бэлтгэсэн бүсэд тусгаарлалт хийж, мэргэжлийн байгууллагад хандах, улмаар ангиар нь хичээл орохыг зогсоох, онц нөхцөл байдал үүссэн тохиолдолд сургуулийн хэмжээнд хичээл орохыг зогсоох арга хэмжээг дээд шатны боловсролын байгууллагаас авна.
6. Сургуулийн орчинд амны хаалттай байх,
7. Сургуулийн эд хогшил болон нийтийн талбайн халдваргүйжүүлэлтийг тогтмол хугацаанд хийж байх,
8. Анги танхимын агаарын солилцоог нэмэгдүүлж, ангийн ариутгалыг өдөрт 2 удаа хийх,
9. Хичээл эхлэх үед нийтийн эрүүл мэндийн боловсрол болон вирусын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай хичээл орох,
10. Сургуулийн нийтийн агааржуулалтын системийг ойрын хугацаанд ашиглахгүй байх зэрэг болно.

Бусад ангийн хичээл эхлэх хугацааг тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан жич зарлана гэв. Цэцэрлэг болон сургалтын төвүүд ойрын хугацаанд үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулав.

Бээжин хотын хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалт 7 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд, дунд сургуулийн анги дэвших шалгалт 7 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон байна.

Хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан Бээжин хотын Онцгой комиссоос Бээжинд суралцдаг бусад хот, муж, ӨЗО, олон улсын сурагчид, багш, сурган хүмүүжүүлэгч нар 14 хоногийн өмнө Бээжин хотод буцан ирж, нуклотидын тест өгч, 14 хоног тусгаарлагдсан байх ёстойг анхааруулав.

Бээжин хотын хэмжээнд, их дээд, сургуулиудын хичээл цахим хэлбэрээр явагдаж байгаа ч сургууль цуглах хугацаа тодорхойгүй хэвээр байна. Учир нь их, дээд сургууль цуглах үед улс орон даяар шилжилт хөдөлгөөн ихсэж, БНХАУ-ыг зорин ирэх гадаад оюутны урсгал мөн нэмэгдэх тул вирусын халдварын тархалтын дотоод болон гадаадын нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай байгаа тухай Бээжин хотын Онцгой байдлын комиссоос мэдэгдсэн талаар тус улсад суугаа манай Элчин сайдын яамнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан