Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлэх “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн 2 дахь үе шатыг хэрэгжүүлэх баримт бичиг болох Хэлэлцүүлгийн тэмдэглэлд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Цэдэвсүрэн, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-н төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолын үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Цэдэвсүрэн, Энэхүү төслийн 1-р үе шат 2015-2019 онд загвар аймаг, дүүрэг сонгон амжилттай хэрэгжиж дууссан бол 2 дахь шатанд үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулахаараа онцлог болохыг дурдаад “Боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэхэд өндөр үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-н төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико, “Тэгш хамруулан сургах арга хэмжээг бага дунд боловсрол төдийгүй, сургуулийн өмнөх боловсролын хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд хамтарч ажиллах болно. Ялангуяа алслагдсан аймаг сумдын багш нарыг чадваржуулах онлайн сургалт зохион байгуулах бодолтой байна. Хэнийг ч үлдээхгүйгээр боловсрол олгох бодлогыг ЖАЙКА дэмжиж ажиллах болно” гэлээ.
“Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн 2 дахь үе шат нь 2020 оны 8-р сараас эхлэн 3,5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд төслийн явцад Япон улсаас мэдлэг, туршлагатай мэргэжилтэн, зөвлөхүүд ирж ажиллан сургалт, семинар явуулахаас гадна Япон улсад сургалтад хамруулах юм.
Мөн бэрхшээлийнх нь онцлогт тохирсон Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах замаар үндэсний хэмжээнд 2-16 насны Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг, бага, дунд сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлж, хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээнд хамруулах нөхцөлийг бүрдүүлэхийг зорих юм.