Наймдугаар сарын 25 бол төрийн 60 гаруй мянган албан хаагч нийтийн тээврийн хэрэгслээр зорчих өдөр. Өнөөг хүртэл нийтийн тээврээр ажил гэрийн хооронд хөл залгуулж ирсэн болохоор жолооч, кондукторуудынх нь өмнөөс яс хавталзаад болдоггүй. Хайнга гэхэд арай л дэндүү дээ дэндүү. Өнгөрсөн өвөл Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр автобусаар ганцаараа шахуу зорчиж, гэнэтийн шалгалт хийсэн. Харамсалтай нь, түүнийг кондукторууд зандарч зорчигчид нь танимхайрч суудал хүртэл тавьж өгч байсан удаатай.
Тэрээр эхлээд Чингэлтэйн чиглэлийн автобусанд суухад кондуктор нь хурдан урагшаа, хойшоо бол хэмээн зандарч хотын мэрийн өгсөн 500 төгрөгийн хариултыг нь шидэж өгсөн гэдэг. Г.Мөнхбаяр дарга жолооч, кондукторт нь хандан хөгжмийнхөө дууг багасгаж, буудлаа зарлаж, үйлчлүүлэгчээ хүндлэхийг захиад буусан юм. Дараагийн автобусанд суухад битүү цантчихсан, хөгжмөө чанга дуугаргаад, скочдсон цонхоор салхи нэвт үлээн хүйт дааж, дуут дохио хангинуулан, гэнэт, гэнэтхэн огцом тоормозлож Г.Мөнхбаяр даргын тэнцвэрийг шалгасан гэдэг. Гэнэтийн шалгалтаа дуусгахаар сүүлчийн автобусанд суух гэтэл буудал дээрээ зогсохгүй давхичихсан удаатай. За яахав тухайн үед хотын дарга нийтийн тээврээр ганц удаа зорчиж үзээ л биз. Дахиж автобусанд суух биш гэсэн шиг төрийн болон хувийн автобус баазуудын аль нь ч өнөөдрийг хүртэл алдаа дутагдлаа зассангүй.
Харин наймдугаар сарын 25-наас эхлэн өдөр бүр өглөө, оройгүй төрийн албан хаагчид нийтийн тээврээр зорчих нь байна шүү том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчид минь. Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга цаашлаад ННТГ-ын дарга П.Наранцэцэг нар ч зорчиж мэдэх нь. Нийслэлийн Засаг даргын хэвлэл мэдээлэл хариуцсан нөхдүүд лав эртхэн босоод автобусаар явж сурна даа гэчихсэн ярьцгааж байна лээ. Иймд автобусны жолооч, кондукторуудад урьтаад өгөх хэд, хэдэн зөвлөгөө байна. Юуны түрүүнд, төрийн албан хаагчид үйлчлүүлэх гэж байгаа учир автобусаа сайтар цэвэрлээрэй гэж зөвлөе. Хог шороо, үнэр танар, суудлын бүрээс гээд арай л дэндүү. Цаад төрийн албаныхан чинь ажлын шаардлагаар срочкон цамц, костюм пиджак, албаны хувцсаар өдөр бүр гангарахгүй бол болохгүй хүмүүс. Харин үнэтэй цайтай албаны гоёл нь өдөр бүр шороо тоос болж, зарим тохиолдолд бохь наалдчихвал бас л хэцүү еэ. Жолооч нараас бас гуйх зүйл байна. Автобуснуудад “BUS TV” гээд жижигхэн телевизүүд байрлуулсан. Ихэнх нь хошин шог, реклам, клипээ тасралтгүй гаргана.
Хачирхалтай нь, зохиолын дуунд дуртай жолооч ах нар маань телевизийнхээ реклам, хошин шогийн хажуугаар хөгжмөө зэрэгцүүлэн чангаар чарлуулчихна. Ажлаасаа ядраад гэр рүүгээ явж байгаа хүнд хамгийн хэцүү зовлон гэвэл энэ дээ. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн төрийн албан хаагчид нийтийн тээврээр зорчих гэж байгаа болохоор ачаалал нь нэмэгдэх биз. Хүн багталцахгүй чихэлдээд эхлэнгүүт жолооч нар огцом, огцом тоормозлож төвөггүйхэн урагшаа, хойшоо чигжиж орхино. Автобусаар зорчиж үзээгүй төрийн олон ч албан хаагч, оюутан гээд кондукторуудаас хаана бууж, суухыг залхтал асуух нь ойлгомжтой. Уурлаж уцаарлалгүй асуултад нь хариулж, буудлаа байнга зарлаад явчихвал хэн, хэндээ хэрэгтэй л байх. Удахгүй цаадуул чинь толгой нь эргэхээ болих л хойно. За тэгээд оройхон 21.30 минутаас хойш холын чиглэлийн автобуснууд замын голд буудал зогсоолгүй газар хүмүүсээ буулгаад хаячихна. Боловсон нэгэн нь шатахуун дуусчихлаа, бид өглөөний ээлж, эрт буух ёстой энэ тэр гээд ганц хоёр буудлын цаана буулгачихна. Омогтой нэгэн нь энэ буудлаас цааш явахгүй шүү, арын унаанд суугаарай гэж хөөнө. 22.30 минут хүртэл явах биз дээ гэхээр “Хэлдэг газраа хэлээрэй” энэ тэр гээд л уурлана. За тэгээд зөвлөгөөг минь хүлээн авч, цэвэрлэсэн автобусандаа жолооч, кондукторууд минь битгий тамхи татаарай. Жолооч нар замын турш тамхи баагиулсан шигээ жишим ч үгүй явдаг бол кондукторууд нь хүн цөөрч, эцсийн буудал руу явах замд нарийхан тамхиа амандаа зуучихдаг зуршилтай.
Төрийн албан хаагчид чинь биднийгээ бодоход айхтар хүмүүс. Бүдүүлэг авирласан болгоныг чинь төвөггүйхэн ховлож мэднэ. Автобусаа цэвэрлээрэй, алдаагаа засаарай даа.