Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баатар дарга автобусаар хөл дүүжлэх нь


Төрийн 60 мянган албан хаагч энэ сарын 25-наас эхлэн ард түмэнтэйгээ хамт нийтийн тээврээр үйлчлүүлэх нь. Гэхдээ энэ нь сайн дурын үндсэн байх ёстой хэмээн өчигдөр хуралдсан НИТХ-ын ээлжит бус II хурлын үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэллээ. Тэрээр хичээлийн шинэ жил эхлэн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх гэж байгаатай холбогдуулан түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ авахаар болжээ.
Өөрөөр хэлбэл, Зүүн дөрвөн замын уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, автомашины улсын дугаарын сүүлийн цифрээр ялган долоо хоногийн ажлын өдрүүдэд 08.00-22.00 цагийн хооронд Их тойруу дотор, Нарны замаас хойшхи хэсэгт замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах тогтоолын төсөл өргөн барьсан юм.
Өдгөө авто замын хөдөлгөөнд 300 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буй. Энэ нь замын түгжрэл өмнөх жилүүдээс 2,5 хувиар нэмэгдсэн гэсэн үг гэнэ. Хэрэв одооноос л замын түгжрэлийг бууруулах арга хэмжээ авахгүй бол ирэх онд хаашаа ч үгүй болж, гацаа үүснэ хэмээн төрийн бус байгууллагынхны судалгаа гарчээ. Тиймээс түүний эл цогц арга хэмжээ цаг үеэ олжээ хэмээн НИТХ-ын төлөөлөгчид хэлж байлаа. Гэхдээ зарим төлөөлөгчийн хувьд нийтийн тээврээр 60 мянган төрийн албан хаагч зорчиж байгаа гэдгийг яаж мэдэх юм бол. Өглөө ажилдаа ирэхэд нь бүртгэх юм уу гэхэд нөгөө хэсэг нь сайн дурын л үндсэн дээр шүү дээ.
Одоо тэгж коммунист засгийн  шиг хатуу аргаар торгоно, шийтгэнэ гэдэг хоцрогдсон арга. Нийслэлийн иргэн хүний хувьд үүргээ биелүүлж нийтийн тээврээр яагаад үйлчлүүлж болохгүй гэж. Асуудлыг ямар том болгож ярьдаг юм бэ. Өмнөх дөрвөн жилд хийж байхгүй яасан юм бэ хэмээн улиран сонгогдсон МАН-ын хэсэг төлөөлөгчийг чимхээд авав. Үүнд нь, хэгжүүрхсэн МАН-аас НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид нэлээд бухимдан хурлын уур амьсгал үндсэндээ нэлээн ширүүхэн өрнөсөн юм.
 Ингээд нийслэлийн “шүдний өвчин“ болж буй түгжрэлийг биеэрээ мэдэрч буй НИТХ-ын төлөөлөгчид асуултдаа орлоо. Г.Гантөмөр төлөөлөгч “Нийслэлийн түгжрэлийг бууруулахын тулд ННТГ-аас ямар зохицуулалт хийж байна вэ. Төрийн албаны 60 мянган албан хаагч нэмэгдэхээр нийтийн тээврийн ачаалал нь ихсэх юм биш биз дээ. Түгжрэл үүсгэж буй микроавтобусны талаар ямар бодлого баримталж байна гэж ННТГ-ынхнаас тайлбар өгөхийг хүсэв.
Дарга ажлын шалтгаанаар ирж амжсангүй хэмээн түүний орлогч Ч.Энхсайхан “Өнөөгийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнээс микроавтобусыг бага, багаар хасч байгаа. Голчлон хотын захын хороололд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж буй. 2000 онд микроавтобус 2100 байсан бол өдгөө 820 болсон” хэмээв. Харин Д.Амарбаясгалан төлөөлөгч “Бэлтгэл ажлаа сайн хийх хэрэгтэй. Автобусны жолооч нар замын хөдөлгөөнд соёлгүй оролцож байна гэсэн гомдол их байдаг. Мэргэшсэн, сургалтад хамрагдсан нь хэд байгаа юм бэ. Зорчигчийн аюулгүй байдал чухал шүү” хэмээв. Үүнд, ННТГ-ын орлогч Ч.Энхсайхан “Автобусны тоог 20 хувиар нэмнэ. Автобус хүрэлцэхгүй, ачаалал нэмэгдэх нь гэсэн зүйл байхгүй. Жолооч нарын тухайд 2015 он хүртэл сургалтад хамруулахаар төлөвлөсөн” гэв. Төлөөлөгч Д.Авирмэдийн хувьд “Жолооч нар өөрсдөө түгжрэл үүсгэдэг учраас торгуулийн хэмжээг нэмье. Замын хөдөлгөөний соёл гэж байхгүй болж. Жолооны курсийн чанар ч муу байна” хэмээн асуудал дэвшүүлэв. Асуудал хариуцсан Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Ч.Жаргалсайхан “Өнөөдөр хувийн хэвшлийн 100, төрийн байгууллагын 20 гаруй  жолооны курс байдаг. Курс төгсөгчдийг түгжрэлтэй газраар явуулж шалгадаг байя.
Дээр нь, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн бол хүлээх торгуулийн хэмжээг нэмэхийн тулд Замын хөдөлгөөний дүрэм болон Захиргааны хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Машины дугаарын сүүлийн циф­рээр ялган замын хөдөлгөөнд оролцуулахыг дэмжиж байна. Хэрвээ эл санал хэрэгжвэл манайх бүрэн бүрэлдэхүүнээрээ, уртасгасан цагаар ажиллана. Манайх 210 албан хаагчтай” гэв. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Ер нь, замын хөдөлгөөний соёлыг хүүхдэд багаас нь сургах хэрэгтэй. Гадаадад ЕБС-д нь хичээл  ордог. Манайх л замын хөдөлгөөндөө соёлтой оролцооч ээ гээд гуйгаад байдаг. Тиймээс яваандаа замын хөдөл­гөөнд хэрхэн соёлтой оролцох талаар ЕБС-ийн программд хичээл нэмж оруулна. Торгуулийн хэмжээгээ ч нэмэх хэрэгтэй. Авто замын осол ч их гарч байна шүү дээ” хэмээв. Эл асуудлыг хөндөн төлөөлөгч Д.Оросоо авто замын осол хэр олон гарч байгааг Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Ч.Жаргалсайханаас тод­руулахад ”Улсын хэмжээнд 2010 онд 962 авто замын осол гарч байсан бол өнгөрсөн онд 1100 болж өссөн. 79 хүн нас барж, 371 хүн тахир дутуу болж, бие сэтгэлээрээ хохирч үлдсэн. Энэ нь жолооч нарын ур чадвар муу, авто замын түгжрэл ч нөлөөлсөн нь судалгаагаар тог­тоогдсон” гэв.
Харин төлөөлөгч Г.Ганбаяр “Улсын дугаарынх нь сүүлийн цифрээр нь ялгана гэхээр яам, агентлагийн сайд нарт хамаатай юу. Тогтоол журам нь иргэдэд үйлчилж, дарга нарт хамааралгүй байдаг гэсэн шүүмжлэл гарах вий дээ. Бид ажил хийгээгүй биш хийсэн шүү өнгөрсөн дөрвөн жилд. Хоёр жилийн өмнө төлбөртэй зогсоолыг бий болгоё гэж Газрын албанд төвлөрүүлсэн. Энэ ажлыг үргэлжлүүлнэ биз дээ. Мөн манай улс баруун гар талын дүрэмтэй.
Гэтэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож буй автомашины 70 гаруй хувьд нь буруу талдаа рультэй байгаа нь түгжрэл, ослын шалтгаан болж буй. Энэ талаар хотын дарга та ямар бодлого баримталж байна вэ хэмээхэд “Яам, агентлагийн сайд, дарга нарыг автобусаар зорчуулна гэвэл хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Яам, агентлагийн гаднах зогсоол бол хотын нутаг дэвсгэр, нийтийн эзэмшлийнх учраас хотын мэдлийнх. Тиймээс зогсоолын тал­­байн төлбөрийг нэмж болох юм. Зогсоолоос олсон мөнгөөрөө гэр хорооллын гудамжинд хатуу хучилттай авто зам тавина. ЗЦГ-аас буруу талдаа рультэй автомашиныг 2016 он гэхэд замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Баруун гарын дүрмээ баримтлана гэсэн” гэлээ.
Харин Б.Төмөрчулуун төлөөлөг­чийн хувьд Замын хөдөлгөөний удирдлагын төв гэрлэн дохиог удаан барьдгаас түгжрэл үүсгэж байна гэж бодсон бололтой. Даргыг нь дуудсан боловч Л.Батцоож байсангүй, түүнийг төлөөлж орлогч нь иржээ. Төлөөлөгч “Та нар камерынхаа тоог нэмнэ, бүрэн хянадаг болно гэсээр байтал би НИТХ-д дахиад сонгогдчихлоо. Ямар ч гэсэн хариултаа сонсоно оо гэхэд танхимд суусан төлөөлөгчид нир хийтэл инээлдэн хатуу нэхэлтэй хүн шүү хэмээн тодорхойлоод авав. Ингээд Л.Батцоожийн орлогч нь нэлээн сандарсан байдалтай  ”Аль  ч чиглэл ачаалалтай байвал ННТГ, ЗЦГ –ынхаа хүмүүстэй ярилцаад гэрлэн дохиог удаан барьдаг” хэмээн цаашаагаа үргэлжлүүлэх гэхэд товчхон бөгөөд тодорхой ярь хэмээн НИТХ-ын дарга Д.Баттулга ширүүхэн хэлэхэд улам сандаргачихав.
Харин машины дугаарынхаа сүүлийн оронгоор ялгаж авто замын хөдөлгөөнд оролцоно гэхээр яана гэсэн үг вэ хэмээсэн асуултад нь ЗЦГ-ын дэд дарга, хурандаа Ч.Жаргалсайхан ”Их тойруу хамгийн их түгжрэлтэй байдаг. Хяналт тавъя гэвэл хүчрэхгүй. Тиймээс  Нарны замаас Их тойруу хүртэлх замд машиных нь дугаарын сүүлийн оронгоор нь ялгаж хөдөлгөөнд оролцуулах юм. Та дандаа биш нэгхэн өдөр л 8-20 цагийн хооронд энэ районоор явахгүй байгаач ээ гэж л хүсч байгаа юм” тайлбарлаж өгөв. Ингээд долоон цаг гаруй хуралдсан НИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээ дэмжигдсэн юм.
 Гэхдээ наймдугаар сарын 25-наас зохион байгуулалтын арга хэмжээ авч, эхний ээлжинд хоёр сарын хугацаанд хэрэгжихээр болов. Тогтоол батлагдсаны дараа НИТХ-ын дарга Д.Баттулга  “НИТХ-ын төлөөлөгчдийн шийдвэрээр батлагдсан энэ асуудал ямар нэг шалтгаанаар хэрэгжихгүй бол тухайн албан тушаалтанд хариуцлага тооцно. Хурлаас гаргасан шийдвэрт НИТХ хяналт тавьж ажиллана” хэмээн сануулав. Ямартай ч, зам засвар, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын түгжрэлийг бууруулах эл цогц арга хэмжээний хүрээнд жолооч нар дараах байдлаар тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцох юм байна. Тодруулбал,
Харин эл автомашины хязгаарлалтад ОБЕГ, Түргэн тусламжийн төв, нийтийн тээврийн хэрэгсэл, “Буян” компани, хам­гаалалтын компанийн авто­машинд хамаарахгүй юм байна.

Т.Оюунбаяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан