2020 он бол олимпын жил. Дэлхийн бүх улс орон болоод тамирчин, дасгалжуулагчид бүтэн дөрвөн жилийн хөдөлмөрөө зөвхөн “олимп”-д шалгуулдаг. Токио-2020 олимп хаяанд ирсэн энэ үед манай улс олимпын бэлтгэлээ хэрхэн хангагдаж байгаа болон Монголын спортын салбарын талаар Боловсрол Соёл Шинжлэх Ухаан, Спортын Яамны Биеийн тамир, Спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэгтэй ярилцлаа.
-Токио 2020 олимпын бэлтгэл хэрхэн хангагдаж байна вэ?
Токио 2020 олимп манай тамирчдад хэд хэдэн давуу талтай. Тухайлбал цагийн зөрүү багатай. Бээжин 2008 оны олимптой адил буюу +1 цагийн зөрүүтэй учир тамирчдын маань бие мах бодийн дасан зохицох тал дээр давуу тал болно гэж харж байгаа. Түүнчлэн тамирчид маань энэ удаагийн олимпийн эрх авах болон олимпийн тэмцээнд санхүүгийн ямар нэгэн хүндрэлгүйгээр оролцоно. Өнгөрсөн жилүүдэд Ерөнхий сайдаар ахлуулсан Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо хэд хэдэн удаа хуралдаж чухал шийдвэрүүд гаргасан. Үүний үр дүнд 2020 оны Биеийн тамир, спортын газрын төсөв хоёр дахин нэмэгдсэн. Түүнчлэн Токио олимп сан байгуулагдаж, 2019 оны 11 сараас хойш Ерөнхий сайдын нэрэмжит хандивын цом 21 аймаг, 9 дүүрэг аж ахуй нэгж байгууллагуудаар аяласан.
Өмнөх олимпын жилүүдэд ийм төрлийн сан байгуулагдаж, дунджаар 300 орчим сая төгрөгийн хандив цуглуулж байсан бол Токио-2020 санд одоогоор 2,5 тэрбум төгрөг цугларчихсан байна. Мэдээж олимп болоход хугацаа байна. Тэр хүртэл хандивын аян үргэлжилнэ, энэ тоо цаашдаа өснө гэдэгт итгэлтэй байна.
- Манай шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын тэмцээн уралдаанд оролцоход тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг нь санхүүгийн асуудал. Тэгэхээр энэ асуудал шийдэгдсэн гэж хэлж болох уу?
Бүрэн шийдэгдсэн гэж хэлмээр байна. Тиймээс бид шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдадаа сахилга бат, ёс зүйтэй байж, тэмцээндээ амжилттай оролцох шаардлагыг л тавьж байна.
- Одоогоор манай тамирчин олимпын хэдэн эрх аваад байна вэ?
Өнөөдрийн байдлаар олимпын ес, паралимпийн таван спортын төрлөөр нийт 15 эрх авчихаад байна. Цаашид мэдээж эрхийн тоо нэмэгдэнэ. Олимпын эрх олгох тэмцээнүүд ирэх таван сарын сүүлээр эцэслэгдэнэ. Тухайлбал чөлөөт, жүдо бөхийн тамирчид тухайн сарын дэлхийн чансаанаас хамаарч олимпын эрхээ олгоно.
Ер нь манай улс 45 олимпын эрх авна гэсэн зорилготой байгаа. Тэр зорилтдоо 100 хувь хүрнэ. Магадгүй давуулан биелүүлэхийг ч үгүйсгэхгүй. Учир нь манай шигшээ багийн тамирчид эрх олгох тэмцээнүүдэд санхүүгийн ч юм уу ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр оролцож байгаа болохоор найдвар их тавьж байгаа.
-Олимпын наадмын бэлтгэл ажлын нэг нь хувцас. Өнгөрсөн жилүүдэд олимпын наадамд өмсөх тамирчдынхаа хувцсанд нэг их ач холбогдол өгдөггүй байсан. Харин энэ жил сонгон шалгаруулалт зохион байгуулсан нь ихээхэн онцлогтой байлаа?
Ирээдүйд бид өөрсдийн гэсэн спортын брэндтэй болох хэрэгтэй. Монгол гэсэн өнгө аяс шингээсэн спортын брэндтэй болчихвол алсдаа Монгол улсын шигшээ багийн тамирчдын хувцасны өнгө аяс ч нэг болж ирнэ. Түүнийгээ дагаад хөгжөөн дэмжигчид хүртэл тэр брэндээр гангардаг байх зорилт тавьж байгаа юм. Тиймдээ ч олимпын наадамд бэлтгэх Үндэсний хороо 2020 оны олимпын наадамд өмсөх тамирчдын хувцасны сонгон шалгаруулалт зарласан. 10 гаруй уран бүтээлчид оролцсоноос нээлтийн ажиллагаанд өмсөх ёслолын хувцас болон спортын бэлтгэлийн хувцасны төрөлд Michel&Amazonka илт давуу ялалт байгуулсан. Нийт 400 орчим сая төгрөгийг Токио 2020 сангаас гаргахаар төлөвлөсөн. Тамирчид маань ч гэсэн биед таарсан, өөртөө таалагдсан хувцсаа өмсвөл өөртөө итгэх итгэл нь нэмэгдэнэ шүү дээ.
- Олимп гэснээс, энэ жил сагсан бөмбөгийн тамирчид маань нэлээд шуугиан тарилаа. 3х3 эмэгтэй баг тамирчид маань олимпын эрхээ авчихлаа. Одоо эрэгтэй баг хэдийд олимпын эрхийн төлөө тоглох вэ гэдгийг хүмүүс сонирхож байгаа байх?
Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид буюу 3х3 эмэгтэй баг тамирчид өнгөрсөн 11 дүгээр сард “Токио-2020” олимпын наадамд өрсөлдөх эрхээ албан ёсоор авсан. Энэ нь Монгол улс анх удаа багийн спортын төрлөөр олимпын эрх авсан явдал болсон. Манай улсад энэ эрхээ хослуулах боломж бий. Тун удахгүй эмэгтэй баг тамирчид маань Энэтхэгт болох тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
Энэ тэмцээнд олимпын эрхээ авчихсан байгаа топ 4 баг оролцохгүй. Тэгэхээр манай улс олимпын эрхээ өвөртлөх боломж нэлээн өндөр гэж харж байгаа.
-Энд нэг зүйлийг тодруулъя. Манай улсын топ спортын төрөлд бокс бичигддэг. Олимпын алт, мөнгө, хүрэл медальтнууд хүртэл төрсөн. Харин сүүлийн үед тамирчдынх нь амжилт буураад байна гэх шүүмжлэл дагуулах боллоо?
Ямарваа нэг амжилт цикл, дараалалтай байдаг. Бид цаашид топ спортуудынхаа амжилтыг нь тогтвортой байлгаж, бусад спортуудыг эгнээндээ элсүүлэх маягаар хөгжих хэрэгтэй байгаа юм. Боксын хувьд шүүлт маш их нөлөөлдөг спорт. Харин энэ жилээс боксын спортын шүүлт буюу шударга бус шүүлт нэлээд цэгцэрнэ. Тэгэхээр манай тамирчдын амжилт шударга гараад явах болов уу. Ер нь боксын спортод нэлээд том шинэчлэл хийгдэж байгаа. Токио-2020 олимпид гэхэд л жендерийн тэгш байдлыг хангах үүднээс боксын жин анх удаагаа эрэгтэй, эмэгтэй жин тэнцүү болсон. Хэдийгээр манай хоёр чухал жин буюу Рио 2016 олимпын наадамд Д.Отгондалайгийн хүрэл медаль хүрсэн жин хасагдаж байгаа ч гэсэн жин жингийн тамирчид тэмцээн уралдаануудад амжилттай оролцсоор байна.
- Чөлөөт бөхийн холбоо нэг хэсэг нэлээд шуугиан тарьсан. Шигшээ багийнхаа тамирчдыг ялгаварладаг, дарамталдаг гээд л. Танай байгууллага энэ тал дээр ямар арга хэмжээ авдаг вэ?
Спорт холбоод бол Төрийн бус байгуулага. Тэгэхээр хууль эрх зүйн хүрээнд бол энэ мэт дотоод асуудалд нь нөлөөлөх боломж байдаггүй. Харин санхүүгийн талаас нь нөлөөлөх боломж бий. Өөрөөр хэлбэл шигшээ багийнх нь зардлаас нь тодорхой хэмжээгээр танах ч юм уу. Цаашлаад, тухайн холбоог төр нь хүлээн зөвшөөрөх гэдэг асуудал яригдана. Нэг спортын гурав, дөрвөн ч холбоо байна шүү дээ. Тэгэхээр төр нь ямар спорт холбоог хүлээн зөвшөөрөх вэ гэдгээ маш тодорхой зааж өгмөөр байгаа юм. Түүнийгээ хууль эрхзүйн баримт бичигтээ тусгах хэрэгтэй. Энэ талаар нэлээд судалгаа хийж үзсэн. Жишээ нь аливаа холбоо нь заавал тухайн орныхоо Олимпын хорооны гишүүн, цаашлаад ОУОХ-ны гишүүн, Олон улсын Допингийн эсрэгийн төвийн үйл ажиллагааг нь дэмждэг байх ёстой гэдэг ч юм уу, хэд хэдэн шалгуур үзүүлэлтүүдийг зааж өгдөг олон улсын туршлага байна. Энэ системыг нутагшуулбал энэ мэт асуудлууд аандаа цэгцэрнэ.
- Энэ асуудал 2017 онд шинэчлэн баталсан Биеийн тамир, спортын тухай хуульд тусгагдсан уу?
Харамсалтай нь тусгагдаагүй. Гэхдээ энэ хууль батлагдсанаар манай улсад биеийн тамир, спорт хөгжихөд чухал түлхэц болохуйц хэд хэдэн заалт орсныг дурдъя. Тухайлбал энэ хуулийг дагаад тодорхой чиглэлээр журмууд гарсан, спортыг дэмжиж байгаа аж ахуй нэгжүүдэд гааль болон албан татварыг хөнгөлөлт эдлэхээр болсон. Мөн сум болгонд буюу 330 суманд биеийн тамирын арга зүйч ажиллуулах шийдвэр гарсан.
- 330 суманд биеийн тамирын арга зүйч гэснээс 2018 онд Биеийн тамир спортын салбарын үндэсний зөвлөгөөн гэж том арга хэмжээ болж байсныг санаж байна?
Манай улсад биеийн тамир, спортын салбар 1921 оноос үүсэж хөгжсөн гэдэг. Гэтэл 2018 онд хийсэн үндэсний зөвлөгөөн нь дөнгөж дөрөв дэх нь байсан. Ирэх жил манай салбарын үүсч хөгжсөний 100 жилийн ой болно. Энэхүү ойгоороо Үндэсний тав дахь зөвлөгөөнийг хийнэ байх. Дөрөв дэх зөвлөгөөний үеэр цагийн үеийн нөхцөл байдал, орон нутаг болоод спорт холбоодод тулгамдаж байгаа асуудлуудаа нэлээд нухацтай ярилцсан, Биеийн тамир спортын байгууллагын сайн засаглал юу вэ гэдэг талаар Швейцар улсын мэргэжилтэн ирж илтгэл тавьж, нэлээд хэрэгтэй ойлголтуудыг өгсөн нь өнөө үр дүнгээ өгч байгаа.
-100 жил гэдэг бага хугацаа биш. Өөрсдийн эрүүл мэнд, амьдралын зөв хэмнэлд биеийн тамирыг дадал болгосон иргэд тийм ч их биш. Харин өнгөрсөн онд гарсан эрүүл мэнддээ зарцуулах мөнгөө улсаас авах шийдвэр бүх нийтийн, иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад бодитой ажил боллоо хэмээн ам сайтай байгаа шүү?
Энэ бол манай салбарт өнгөрсөн онд хийгдсэн ажлуудын нэг нь. Эрүүл мэндийн яамтай хамтраад спортын клубыг магадлан итгэмжлэх журмыг баталсан. Одоогийн байдлаар спортын 14 клуб магадлан итгэмжлэгдээд байна. Энэ онд дор хаяж 20 спорт клубыг магадлан итгэмжлэхээр зорилт тавьсан.
Иргэд магадлан итгэмжлэлийг зөвхөн фитнес клубт олгож байна гэж ойлгоод байгаа. Үүнд таеквондо, сагс, волейбол, ширээний теннис, усанд сэлэлт, иогийн гээд төрөл бүрийн клуб багтаж болно. Түүнчлэн спорт клубууд магадлан итгэмжлэгдсэнээр цаашид бүх спорт нэгдсэн стандарттай болно. Иргэд улиралд 60 мянга, жилд 240 мянган төгрөгийг эрүүл мэнддээ анхаарсныхаа төлөө улсаас тэтгэмж болон авах нөхцөл бүрдэж байгаа юм.
Эдгээрээс гадна өнгөрсөн онд хийгдсэн томоохон ажлууд гэвэл Төрөөс биеийн тамир спортын талаар баримтлах бодлогоо 2027 онд хүртэл батлуулсан. Төрөөс баримтлах бодлогыг дунд хугацаанд хэрэгжүүлэх биеийн тамир спортын үндэсний хөтөлбөрийг ч бас батлууллаа. Санхүүгийн чадавхтай спорт холбоод тийм ч олон байдаггүй. Тиймээс үүнд холбоодынхоо санхүүд багахан ч гэсэн хөшүүрэг болгох үүднээс 701 төрлийн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлөх жагсаалт батлуулсан. Урьдчилсан тооцооллоор жилдээ 400 гаруй сая төгрөг хэмнэх боломжтой боломжтой гэж гарсан. Энэ жагсаалтаа дөрвөн жил тутам шинэчлээд явна.
- Иргэд улиралд 60 мянган төгрөгөө яаж авах вэ?
Төлбөрөө төлөөд дараагаар нь Эрүүл мэндийн даатгалын сангаасаа улиралд 60.000 төгрөгөө буцаан авна. Мэдээж үүнийг иргэдийн ирц, идэвхийг харгалзан олгоно. Ингэхдээ гурван сард 24-өөс доошгүй удаа, нэг удаа хичээллэхдээ нэг цагаас доошгүй хичээллэхээр журмандаа тусгасан. Яваандаа хурууны хээгээр бүртгэлийг хийх гэх мэт технологийн аргуудыг ашиглах болно. Мэдээж энэ бол дөнгөж эхлэл бөгөөд улам сайжраад олон клуб болон иргэд хамрагдаж, улсын төсөвт суух хэмжээ ч жил ирэх тусам ихэснэ хэмээн найдаж байна.
- Иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулсан шийдвэртэй зэрэгцээд тамирчдынхаа амжилтыг үнэлсэн журмыг шинэчилсэн байхаа?
Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, ОУОХ-ны ивээл дор зохион байгуулагддаг тэмцээнүүдэд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгох журам шинэчлэгдсэн. Хөлс хүч, цаг зав гээд бүх зүйлээ зөвхөн спортдоо зориулсан тамирчдынхаа амьдралын болон нийгмийн баталгааг нь бий болгох зорилгоор энэ журмыг шинэчлэн баталсан юм. Олимпын наадмаас алтан медаль хүртэхэд тухайн тамирчиндаа мөнгөн шагнал олдоггүй маш олон улс байдаг. Зарим том гүрнүүд 100, 40 мянган ам долларын мөнгөн шагнал өгдөг. Харин манайх зөвхөн олимп гэлтгүй Азийн наадам, ДАШТ-нүүдэд амжилттай оролцсон тамирчиндаа сар бүр насан туршид нь тэтгэлэг олгоно.
2020 оны төсөвт сар бүрийн мөнгөн урамшуулал 1,5 тэрбум, нэг удаагийн урамшуулалд 1,5 гээд нийт 3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Жишээ нь Олимпын наадмаас медаль хүртэл 1-3 сая төгрөгийг насан туршид цалин хэлбэрээр олгох бол ДАШТ-нээс медаль хүртвэл 500 мянгаас 2 сая төгрөгийн цалин хэлбэрээр насан туршид нь олгоно.
- Төгсгөлд нь энэ оны есдүгээр сард манай улсад болох “Олон улсын Залуучуудын Ногоон наадам” -ын талаар тодруулъя?
Олон улсын наадам зохион байгуулах нь тухайн улсдаа нийгэм болоод эдийн засгийн үр өгөөжтэй байдаг. Энэ онд Олон улсын залуучуудын ногоон наадмыг Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах гэж байна. Зохион байгуулах хороо маань бэлтгэл ажлаа хангаад явж байна.
Энэ наадмын гол онцлог нь НҮБ-аас баримталж байгаа тогтвортой хөгжлийн зорилтыг спортоор дамжуулж мэдүүлэхэд оршиж байгаа юм Энэ наадмыг ЮНЕСКО дэмжиж, хамтарч ажиллахаа албан ёсоор илэрхийлсэн. Монгол хэмээх цөөхөн хүн амтай улс НҮБ-ын дэлхий даяар сурталчлах гээд байгаа зүйлийг спортоор дамжуулж сурталчилж байгаад их таатай хүлээж авч байгаа. Энэхүү наадамд оролцож залуучууд хэдийгээр спортоор өрсөлдөж, медаль хүртэх ч яаж хөгжлийн бэрхшээлтэй найзаа хайрлах вэ, яаж ангийнхаа охинд эелдэг хандах вэ, яаж усаа зөв хэрэглэх вэ гэдгийг илүүтэй сурталчлах юм.
-Хэдэн орны тамирчид, спортын хэдэн төрлөөр өрсөлдөх вэ?
Ойролцоогоор 5000 орчим тамирчин оролцоно. Одоогийн байдлаар 40 гаруй улсын тамирчид 19 спортын 25 төрлөөр өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна.
Ярилцсанд баярлалаа.