Монголын бизнес эрхлэгчдэд АНУ руу бараа бүтээгдэхүүнээ экспортлох, бизнесээ өргөжүүлэх нь холын мөрөөдөл мэт байсан цаг саяхан. Харин энэ сарын 10-14-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон ДС хотноо зохион байгуулагдаж буй “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” цогц арга хэмжээ нь тэрхүү алсын зорилгыг дөтөлж байна.
Экспорт Олон Улсын Худалдааны Төв, Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Хөгжүүлэх Сан, Дэлхийн Банкны Групп хамтран АНУ-д Монгол үндэстний өв соёл, брэнд бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” цогц арга хэмжээг жил бүр уламжлал болгон Дэлхийн банкны үндсэн цогцолборт зохион байгуулдаг. Ингэснээр дэлхийн 189 орны худалдааны төлөөлөгчдөд нэгэн доор эх орноо сурталчлах, бизнес эрхлэгчдийн хувьд үйл ажиллагаагаа таниулах, бараа бүтээгдэхүүнээ танилцуулах томоохон ач холбогдолтой юм. Энэ удаагийн арга хэмжээний албан ёсны нээлт 2020.02.11-ны өдөр тохиолоо.
АНУ нь 300 сая гаруй хүн амтай. Энэхүү том зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх гарцыг нээх нь бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд томоохон боломж юм. Тиймээс АНУ-ын Худалдааны яам, Худалдааны төлөөлөгчийн газраас энэхүү арга хэмжээнд оролцож буй 30 гаруй аж ахуйн нэгж болон төрийн байгууллагын төлөөлөгчидтэй хийсэн бизнес уулзалтын үеэр АНУ-ын зах зээл болон хууль эрх зүйн орчны онцлог, бараа бүтээгдэхүүн экспортлох боломж, татвар, тариф, тавигддаг стандарт шаардлагуудын талаар мэдээлэл өглөө.
Тэд АНУ-д бизнес эрхлэхийг хүсэж буй иргэд тус улсын зах зээлд шууд орох гэж яарахаасаа урьтан, өөрийн бараа бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдал зэргийг хууль журмынх нь дагуу нэн тэргүүнд хангаж, өөрийн гэсэн онцлог брэндийг бүтээхдээ аль хотын хэрэглэгчид илүү сонирхох, хаана өрсөлдөх зэргээ нарийн тооцож, төлөвлөх хэрэгтэйг сануулж байсан. Мөн АНУ-ын конгрессоор татварын хөнгөлөлтийн талаар хууль хэлэлцэж батлагдсан тохиолдолд Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол болон сүлжмэл бараа бүтээгдэхүүнд “Тэг” хувийн татвар ногдуулж болзошгүй гэсэн хүлээлт үүссэн талаарх таатай мэдээг дуулгаж байв. Хамгийн гол нь Монголын бизнес эрхлэгчид АНУ-ын хууль дүрэмд тусгагдсан шаардлагуудыг биелүүлсэн тохиолдолд тус улсын зах зээлд өрсөлдөх нь хүршгүй холын мөрөөдөл биш гэдгийг онцолж байлаа.
Маргааш буюу 2020.02.12-ны өдөр хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “В2В” ганцаарчилсан уулзалтууд болно. Энэ жилийн гол онцлог нь бизнес эрхлэгчид Дэлхийн банк групп, ОУСК-д бизнесийн төсөл хөтөлбөрөө танилцуулж, санхүүжилт авах боломжтой юм байна. Тус арга хэмжээг зохион байгуулахад Монгол Улсын ХХААХҮЯ, ГХЯ, АНУ-ын Гадаад худалдааны яам, Худалдааны Төлөөлөгчийн газар зэрэг байгууллагууд томоохон дэмжлэг үзүүлэн ажилладаг байна.