Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Цалингийн зээл авъя дарга аа”



Ийм хүсэлт барьсан албан хаагч хаа сайгүй олширч буй нь лав. Алдрай жаахан багачуул, авьяаслаг хөөрхөн охид хөвгүүд, авхаалжтай сайхан залуус удахгүй эрдмийн өргөөгөө зорино. Тэдний хувьд хичээлийн жил бүхнийг шинээр эхлүүлж буй мэт санагдаж, урам зориг, хүсэл тэмүүлэл, баяр хөөрөөр дүүрэн хичээлдээ яарах бол эцэг эхчүүдийн хувьд шаардлагатай хичээлийн хэрэгслийг нь хэрхэн, яаж авч өгөх вэ хэмээн толгойгоо гашилгана.

Гэхдээ л тэд алаг үрсээ хүний хүүхдээс дутаахгүй, адилхан мөр зэрэгцүүлэн нүүр бардам алхуулах юмсан гэх бодол дотроо тээн цалингаа тооцож үзнэ. Хуруу хумсаа хуйхлан байж хадгалсан хэдэн төгрөгөө нэмж үзнэ. Болохгүй бол хэдэн сараар цалингийн зээл авч хичээлийн хэрэгслийг нь бэлтгэж өгөхийг хичээцгээнэ. Дарин дээр давс гэгчээр сүүлийн үед инфляц  нэмэгдэж буйтай холбоотойгоор бүх хичээлийн хэрэгслийн үнэ, цаашлаад сургалтын төлбөр өдөр ирэх тусам нэмэгдэж буй нь нэрмээс болно. Зөвхөн оюутны сургалтын төлбөр гэхэд л 20-60 хувь нэмэгдсэн нь эцэг, эхчүүдийн хувьд хүндхэн даваа болоод буй. Ингээд хэчнээн төгрөг зарцуулж хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэж буйг сонирхсон юм.
Иргэн Батынх тавуулаа. Тэрээр төсвийн байгууллагад ажилладаг, дундаж орлоготой жирийн л нэгэн өрхийн тэргүүн. Гурван хүүхдийнх нь нэг их сургуульд, нөгөө хоёр нь ЕБС-д сурдаг. Ангийнх нь багш хичээлийн шинэ жилээр жигдэрсэн дүрэмт хувцастай ирэх ёстой хэмээн нэг хүүхдийн дүрэмт хувцаст 40 гаруй мянга, 10 гаруй хичээл орно шүү.
Шаардлагатай сурах бичгийг нь бэлдэж өгөөрэй” хэмээн саяхан сануулжээ. Номын дэлгүүрүүдээр явж үзэхэд дөрөв, зургадугаар ангийн нэг сурах бичиг нь ойролцоогоор 8000 төгрөг байгаа гэхээр дор хаяж хоёуланд нь хоёр, гурван ном авлаа гэхэд 30-50 мянган төгрөг болох гэнэ.
Харин дэвтрийн хувьд чанараасаа шалтгаалаад нимгэн буюу 12-24 хуудастай нь 120-400 төгрөг, зузаан буюу 32-96 хуудастай нь 400-1000 цаашлаад 1200,1500 гээд янз янзын л үнэтэйгээр гадуур худалдаалж байх жишээтэй. Ингээд болчихгүй бүр цэцэрлэг, нэгдүгээр ангид суралцах хүүхэдтэй өрх бол хичээлд нь шаардлагатай өнгийн харандаа, шугам, баримлын шавар авахад доод тал нь 10-15 мянган төгрөг зарцуулах нь. Цүнхний хувьд аль улсад үйлдвэрлэснээсээ шалтгаалаад янз бүрийн үнэтэй. Тухайлбал, Хятадад үйлдвэрлэсэн цүнх олон тасалгаатай эсэх, материал, чанараасаа хамаараад 10-25 мянган төгрөгийн хооронд байгаа бол Германых 50 мянга байх жишээний. Хэдэн хүүхдээ л эрдмийн мөр хөөлгөж, боловсролтой л болгож байвал хэмээн бодох Бат гуай эхний ээлжинд ЕБС-ийн хоёр хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхээр шийдэв.

Ингээд тус бүрд нь ойролцоогоор 40 мянгаар хоёр дүрэмт хувцас аваад, эхний ээлжинд 32-96 хуудастай дэвтрээс 10 ширхэг, хэдэн бал, харандаа, баллуур авч өгөхөөр шийдэв. Эхнэрийнх нь бизнес дампуурсан болохоор тэрээр нэг хэсэгтээ л түүний цалингаар таван ам бүл хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдрах учиртай. Тиймээс байр, хоолонд зарцуулаад дуусч буй сарын цалингийнхаа 600 мянган төгрөгөөс үлдсэн 200 мянгыг нь арван жилийн хоёр хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас авч өгөхөөр шийдэв. Хувцаслаад зогсохгүй хичээлийн хэрэгслийг нь хангалттай бэлдчих болохоор нэг хэсэгтээ л чих нь амарна.
Харин оюутан хүүхдийнх нь сургалтын төлбөр өнгөрсөн жил нэг сая хоёр зуун мянган төгрөг байсан бол одоо ойролцоогоор нэг сая найман зуун мянга болох төлөвтэй. Хүн л юм хойно төлбөр өндөр байна гээд хувцас хунар өмсөхгүй байлтай нь биш дор хаяж 150 мянган төгрөгт хувцас, цүнх авч өгнө. Саяхан хувцас авч өгөхгүй,  төлбөрийг чинь яаж төлье дөө гэж байхад хэмээн ундууцахад охин маань “Оюутнууд хувцсаараа өрсөлддөг. Хэрвээ хуучныгаа өмсөөд очвол хүүхдүүд аймаар харна. Ичмээр байдаг юм” хэмээхэд өрөвдөх шиг.

Тиймээс цалингийн зээл аваад төлбөрийг нь төлөөд зогсохгүй хувцас хунар ч авч өгөхөөр шийдсэн хэрэг. Гэхдээ нэг авууштай тал нь арван жилийнх шиг олон ном, сурах бичгээс эхлээд өнгийн харандаа, багс бийр гэх зэрэг жижиг зүйлсийн хэрэгцээ гардаггүй хэдэн дэвтэр, бал л байхад болчихдог юм. Ингээд тэрээр нийтдээ гурван хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангахад нийтдээ дунджаар хоёр сая гаруй төгрөг зарцуулах нь. Энэ нь урьд жилүүдтэй харьцуулахад хичээлийн хэрэгслийн чанар сайжирч, тэр хэрээр үнэ нь тодорхой хэмжээгээр өссөн хэрэг. Дээр нь, автобус унаагаа тооцохоор төлөвлөгөөгүй зардал гарах нь ойлгомжтой.

Ямартай ч, боломжтой нэг нь нэг дор бүгдийг нь авч өгч байгаа бол өнөө маргаашаа яая даа гэж буй эцэг, эхчүүд увуулан цувуулан бэлдэж байгаа байх. Хувийн, хувьсгалын ямар ч байгууллагад ажилладаг эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийнхээ хичээлийнх нь хэрэгслийг бэлтгэхэд багагүй мөнгө зарцуулах нь. Өнөөдөр Монголын эдийн засаг ямар байгаа билээ. Бүхэл бүтэн сар чөлөөгүй зав ажиллачихаад хэчнээн төгрөгийн цалин авдаг билээ гэж бодохоор монголчуудын амьдрал хоёр идэхгүй хоосон хонохгүй өдөр өдрөө л аргацааж яваа нь арга ч үгүй юм шиг.

Н.Нандинцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан