Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаалаа

Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн  ээлжит бус хуралдаанаар, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс их, дээд сургууль, МСҮТ-ийн сургалтыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Онцгой комисс өвчлөлийн нөхцөл байдалтай холбогдуулан баасан гарагт бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл хаахаар шийдвэрлэсэн билээ. Монгол Улсад Коронавирусний сэжигтэй тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, өнөөдөр 09.00 цагийн байдлаар, шинэ Коронавирусийн халдвараар 1318 хүн өвчилж, 41 хүн нас барсан. БНХАУ-д 1287, Тайванд 3, Макаод 2, Хонгконгд 5, Японд 2, БНСУ-д 2, Сингапурт 3, Вьетнамд 2, Австралид 1, АНУ-д 2, Тайландад 5, Непалд 2, Францад 3 хүн өвчилсөн. БНХАУ-ын ЭМЯ-ны мэдээлснээр, 08.50 цагийн байдлаар 324 хүн сэхээн амьдруулах тасагт байгаа бөгөөд бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан байна. БНХАУ-ын Өвөрмонголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Өмчийн хэлбэр үл хамааран ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсооно. Хичээл, сургалтын явц түр завсаргах энэ хугацаанд сургалтын хөтөлбөрийн агуулгад тохируулан цахим болон теле хичээлийг бэлтгэн хүргэнэ;

Бүх их, дээд сургууль ба Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг мөн зогсоох шийдвэрийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гаргав;

Сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд гуравдугаар сарын 2-ныг хүртэл хичээлээ түр зогсоно. Үүнд жолооны курс, хэлний сургалтын төвүүд хамаарна;

Урлаг, соёл, спорт зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг бүхэлд нь энэ хугацаанд хориглоно. Тухайлбал, цуглаан, хурал, спорт, урлаг, соёлын болон аялал, зугаалга, уралдаан, тэмцээнийг зохион байгуулахгүй;

РC тоглоом, автомат тоглоом, хүүхдийн тоглоомын төвүүд үйлчилгээ үзүүлэхгүй;

Кино үзвэрийн газрууд 18 хүртэлх насны хүүхэд, залууст үйлчлэхгүй юм.

Мөн хилийн боомтоор явганаар болон автомашинаар нэвтрэхэд хязгаарлалт тогтоох эсэхийг Гадаад харилцааны яам болон холбогдох албаныхан энэ сарын 30-ны дотор шийднэ. Гэхдээ хилийн хязгаар тогтоох эсэхэд галт тэрэг, нисэх онгоцоор нэвтрэх нь хамаарахгүй.

Мөн иргэдийг болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд бага насны хүүхэдтэйгээ хамт олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалт тогтмол зүүх, гараа сайтар угааж ариутгах, халдвар гарсан улс оронд зорчихгүй байхыг Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан