Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орхоны хөвөөнд ногооны талбай усанд автжээ

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын  зарим иргэн Орхон гол дагуу хүнсний ногоо тариалдаг. Тэд талбай нь усанд автсан учир ургац хураах аргагүй боллоо хэмээн манай сонины редакцад хандсан юм. Ингээд газар дээр байдал ямар байгаа талаар дараахь мэдээллийг өглөө. Тус сумын иргэн Ц.Уранцэцэг ийн ярьсан юм.
 


-Сэлэнгэ аймгийн Хушаат суманд хэчнээн га талбайд, хэдэн өрхийн тариалсан хүнсний ногоо үерт алдаад байна вэ?

-Урьдчилсан байдлаар 48 айлын 45 га талбай үерт автсан хэмээн тооцоолж байна. Гэхдээ энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Дээрх тоо бол сумын хэмжээнд тариалсан ногооныхоо 50 хувийг үерт алдлаа гэсэн үг. Энэ тоо цаашид хэр их өсөхийг хэлж мэдэхгүй байна.
-Ногоон талбайгаас ямар ч ургац хурааж авах боломжгүй болсон хэрэг үү.
Үерийн төвшин хэр байна вэ?
-Ногооны талбай үерт автсанаас хойш хоёр хоноход л хүнсний ногоо агааргүйдээд ялзардаг юм. Үерт автсан талбайгаас хураасан ногооноос муухай үнэр ханхалж байна. Тиймээс худалдаанд гаргах ямар ч боломжгүй боллоо. Бид хамгийн багадаа өвдгөөр татсан цаашилбал цээж хүртэл үерлэсэн талбайгаас боломжоороо ургац хураах гэж хичээлээ. Ус руу явган  ороод эсвэл морьтой орж үзсэн боловч өнөөдрөөс эхлээд морь хүртэл урсаад явж болохгүй нь.
-Зээл авч ногоо тарьсан хүн хэр олон бэ?
-Ямар ч тоног төхөөрөмжгүй, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс голын эрэг дагаж ногоо тарьдаг. Том хөрөнгө оруулалттай компаниуд усалгааны системтэй учраас хамгийн аюулгүй талбайд ногоо тарьдаг. Харин жирийн иргэд бидэнд энэ үер үнэхээр их гарз авчирлаа.
Хушаатчууд Э.Бат-Үүлийн санаачилгаар байгуулагдсан Сэлэнгэ сангаас кг тутмыг нь 750 төгрөгөөр тооцож, төмсний үр зээлээр авсан. Сум даяар 50 тонн төмсний үр авсан юм. Үүнийгээ уг нь намар буцааж төлөх ёстой атал талбай маань үерт автчихаад сум даяараа өртэй үлдэж байна.
-Банкны зээл авсан хүн олон бий юу?
-Тийм ээ. Ногоочид хамгийн багадаа хоёр сая төгрөгийн зээл банкнаас авсан хэмээн ярьж байна. Тэгэхээр үүнээс дээш хэдийг ч авсан юм бүү мэд. Одоо ногооны талбай үерт автаад ургац хураах ямар ч найдлагагүй үлдлээ. Банкнаас бас “Сэлэнгэ сан”-гаас авсан өрөө яаж төлөх вэ гээд уйлцгааж байна шүү дээ.
-Аймгийн удирдлагууд ямар нэгэн арга хэмжээ аваа юу?
-Үгүй ээ. Одоогоор ногоочидтой уулзаж бидний байдалтай танилцсан хүн ч алга. Хамгийн гол нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг, жирийн иргэн бидэнд их гарз тохиолоо. Зөвхөн ногоо тарьж амьдардаг бид бүтэн жилийн турш ямар ч орлогогүй, дээрээс нь бөөн өртэй үлдлээ шүү дээ.


Х.Даваахүү: Улсад хохиролгүй ч тухайн хүндээ л хохиролтой юм

Сэлэнгэ аймгийн зарим тариаланч өнгөрсөн долоо хоногийн борооноор ургацаа алдсан гэнэ. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга Х.Даваахүүгээс тодрууллаа.


 -Сэлэнгэ аймгийн зарим тариаланч ургацаа алдсан гэх юм. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Ойрын хэдэн өдөр бороо, хуртай байгаагаас Орхон гол дагуу ногоо тариалсан тариаланчид ургацаа алдсан гэсэн мэдээлэл ирсэн. Гэхдээ Хушаат, Алтанбулаг сумын хэдэн тариаланч юм шиг байна. Бидэнд одоогоор нарийн мэдээлэл ирээгүй. Судалгаа хийж байна. Гэхдээ энэ нь Сэлэнгийнхэн нийтээрээ ургацаа алдсан гэсэн үг биш. Учир нь, энэ хоёр сумын тариалсан ногоо аймгийн нийт ургацын багахан хувийг бүрдүүлдэг.
-Тэгэхээр Хушаат сум гэхэд л Сэлэнгэ аймгийн газар тариалангийн хэдэн хувийг бүрдүүлдэг юм бэ?
-Сэлэнгэ газар тариалан голлон хөгжүүлсэн аймаг. Ер нь, сэлэнгэчүүд дор бүрнээ тариаланч ард түмэн шүү дээ. Өрх бүр өөрийн хэрэгцээний хүнсний ногоогоо тариалдаг. Хушаат, Алтанбулаг сумын тариаланчид ургацаа алдсан нь өөрсдөд нь хохиролтой. Тэрнээс улсад хохиролгүй ч тухайн хүндээ л хохиролтой юм. Халуунд халж, хүйтэнд хөрч яваа тэд үер, уснаас болж ургацаа алдана гэдэг харамсалтай л даа.
-Хэдэн тариаланч компани ургацаа алдсан юм бол оо?
-Одоогоор хэд гэдгийг нь мэдэхгүй байна. Судалгаа гаргаж байна. Гэхдээ энэ нь аймгийн хэмжээтэй харьцуулахад бага хувь эзэлнэ. Гол дагуу тариалаад ургацаа алдчихлаа л даа.
-Ер нь, Сэлэнгэ аймаг улсын үр тариа, хүнсний ногооны хэдэн хувийг нийлүүлдэг юм бэ?
-Манайх улсад үр тарианы 40 орчим хувийг үйлдвэрлэдэг, хүнсний ногооны дийлэнхийг нийлүүлдэг аймаг. Монгол Улсын сүүлийн дөрвөн жилийн тариа, ногооны 27-53 хувийг нийлүүлсэн шүү дээ. Нийт өрхийн 3,1 нь газар тариаланд суурилсан өрхийн үйлдвэрлэлтэй.  Сумдын онцлогоос хамаарч жижиг, дунд үйлдвэрлэл явдаг гэсэн үг. Аль сумаас хэдэн тариаланч ургацаа алдсан талаархи тоо баримт ирэх долоо хоногт тодорхой болох байх аа. Тэр үед дэлгэрэнгүй мэдээлэл өгье.

Б.Эгшиглэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан