Хүүхдүүдийг тоглох талбайгүй, оршин суугчдыг нар үзэх ямар ч бололцоогүй болтол нь барилга барьсан, явган хүний замыг эвдсэн, өмчилж авсан, газрыг нь хууль бусаар дээрэмдсэн, замын трасстад орох нэрийдлээр эзэмшлийн газраас нь хөөсөн гэж бухимдсан иргэд өчигдөр Нийслэлийн иргэний танхимд цуглажээ.
Тус танхимд болсон “Нийслэлийн газар олголт хот байгуулалт, барилгажилтад гарч буй зөрчлийг арилгах арга хэмжээний тухай” хэлэлцүүлэгт тэднээс гадна төрийн албан хаагч гээд 100 гаруй хүн оролцсон юм. Хэлэлцүүлэгт ирсэн иргэдийн хувьд газрын харилцаанд гарсан маргаанаа хотын даргад уламжлан шийдүүлэхээр иржээ. Хоёр дахь удаагийн том хэлэлцүүлэгт иргэд идэвхтэй оролцож буй нь нийслэлээ бусад улс орны хот шиг сайхан байлгая гэсэн бодол өвөртөлсөн нь анзаарагдсан юм.
Хотын дарга ч тэдний саналыг нэг бүрчлэн сонсч байлаа. Цаг бага байсан тул арван иргэний саналыг сонсч, үлдсэн нь бичгээр илэрхийлэхийг захисан. Энэ үеэр Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөл “Хотын өмнөх удирдлагуудын балгаар хот байгуулалтын төлөвлөгөөгөөр Хан-Уулыг баячуудын дүүрэг болгосон. Хот байгуулалт, төлөвлөлт гэж ам уралдан ярьдаг хэрнээ амьдралд нүдээ олсонгүй. Өнөөдөр манай дүүрэгт улсын цэцэрлэг барих газар олдохгүй байна. Газрыг нь баян компанид өгчихдөг. Тэр нь тэндээ нэг их үнэтэй цэцэрлэг байгуулдаг. Гэтэл тэр хувийн цэцэрлэгүүдийн сарын төлбөр 350 мянган төгрөг. Энэ бүхэн хот төлөвлөлтийн балаг” хэмээн гомдоллов. Түүний араас Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны иргэд гомдлоо илэрхийлэв. Тэд “Бага тойруугийн 47 дугаар байр 2008 оноос хойш газрын наймаанд өртсөн. Бага тойруугийн ус дамжуулах төвийг таван давхар орон сууцны доор байрлуулсан. Энэ орон сууц удахгүй дэлбэрнэ байх аа” гэж эмээж байгаагаа хэлэв.
Төлөвлөлтийг богино хугацаанд цэгцлэх боломжтой гэв
Хэдийгээр Улаанбаатар хот нэг үеэ бодвол өндөр байшин барилга баригдаж, өдрөөс өдөрт өнгө нэмж буй иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчиж болохгүй. Энэ байдлыг одооноос л цэгцэлж өгөхийг иргэд Нийслэлийн Засаг даргаас хүсч байлаа. Тэд Нийслэлийн Хот байгуулалт төлөвлөлтийн газар, Газрын албаны ажилтан албан тушаалтнууд газрын наймаанд гар бие оролцдог. Тэднийг шалгаж, хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн нийслэлийн ногоон бүс, тусгай хамгаалалттай газруудад иргэдийг хавьтуулдаггүй хэрнээ эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хүмүүс хэдэн га-гаар нь аваад том хаус барьдаг. Энэ байдлыг зогсоох эс бөгөөс тэднээс татвар авч улсын орлого болгох ёстой гэсэн саналыг иргэд ар араасаа тавьсаар байв. Эндээс харахад, Улаанбаатар хот хэдийгээр таван ерөнхий төлөвлөгөө дамжсан ч өнөөдрийн дүр төрхтэйгөө байгаа нь иргэдийн хотоо өөрчилье, хот төлөвлөлтөө дахин шинэчилье гэсэн бодол тээхэд хүргэжээ. Харин НИТХ-ын төлөөлөгч ажлын хэсгийн ахлагч С. Очирбат хот төлөвлөлтөд тулгамдаж буй асуудлын тухайд “Урьд нь газар олголтын асуудал зөвхөн аж ахуйн хоорондын харилцаа байсан бол одоо иргэд аж ахуйн байгууллагынх болжээ. Үнэндээ эрхзүйн орчин сайн болоогүй байна гэсэн нэрийдлээр төлөвлөлт замхраад байгаа юм. Хуулиа мөрдвөл бас ч энэ байдлыг хязгаарлах бүрэн боломжтой. Асар богино хугацаанд цэгцлэх хэрэгтэй байна. Газар олгохыг нь Газрын алба, барилга хот төлөвлөлтийг Барилга хот төлөвлөлтийн газар хариуцаж ирсэн. Ингэснээр төрийн хоёр байгууллагын уялдаа холбоо муугаас хот төлөвлөлт тааруу байгаа хэрэг. Учир нь, хоёр байгууллага эрх ашгийнхаа төлөө хоёр тийшээ харчихдаг. Иймд бүтцийг нь өөрчлөх хэрэгтэй. Үүнийг шинэ Засаг даргын баг хийх шаардлагатай. Уялдуулж чадвал Улаанбаатар гэлтгүй дагуул хотуудаа хөгжүүлэн их, дээд сургууль, төр захиргааны байгууллагуудыг ч хотын гадна гаргаж, төвлөрлийг сааруулах боломжтой юм” хэмээв.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хэлэлцүүлгээс тодорхой үр дүн гарах ёстой. Бичгээр хүсэлтээ өгсөн иргэдэд заавал хариулт өгнө. Хууль бусаар газар авч иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг алдагдуулсан компанийн зөвшөөрлийг цуцална. Ахиж ийм зүйл гаргуулахгүй. Бүх шатны албан тушаалтан гарсан захирамж шийдвэрийг 24 цагийн дотор олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Эс бөгөөс хүчингүй гэж үзнэ. Иргэд ч тийм захирамжийг хүчингүй гэж үзэн дагаж мөрдөхгүй байж болно. Ер нь, хотын ерөнхий архитектурын дор газар олголт зохион байгуулалтын асуудлаа тавих нь зүйтэй. Хотын ерөнхий архитеотурч нь НИТХ-д асуудлыг оруулдаг зуучлагч байна. Хотын ерөнхий төлөвлөгөө газар зохион байгуулалт иргэдээсээ асуусан, тэдний саналыг тусгасан байна” хэмээн ярьсан юм.