Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэйв Воусэнийг хүлээн авч уулзав. Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарч хүний амь нас үрэгдэн, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улс мөнгөн тусламж үзүүлсэнд Элчин сайд талархал илэрхийлэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны илрэл болсон тусламжийг гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай байгаа зүйлд зарцуулна гэдгээ хэлэв.
Энэ тусламж монголчууд Австрали Улс, тус улсын ард иргэдтэй сэтгэл санаа нэг байгаагийн илэрхийлэл. Цаашид гамшгийг хохирол багатай даван гарна гэдэгт итгэлтэй байна гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.
Австралид 500 сая ан амьтан шатаж үрэгдэж 5.5 сая га талбай шатаж, 1500 гаруй орон байр сүйджээ
Элчин сайд Дэйв Воусэн “Австрали Улс ойн түймэртэй тэмцэж буй энэ хүнд үед Австралийн Улаан загалмай нийгэмлэгт 45,000 ам.долларын хандив өгсөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар болон ард түмэнд талархах завшаан тохиов. Энэ бол бидний нөхөрлөл, түүнчлэн хэцүү үед нэгнээ дэмжин ажиллахын тод жишээ юм. Баярлалаа!” гэж онцлон талархлаа илнэрхийллээ.