Нийслэлийн иргэний танхимд өнөөдөр “ Нийслэлийн газар олголт хот байгуулалт барилгажилтад гарч буй зөрчлийг арилгах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын Тэргүүлэгч Д.Баттулга болон 100-гаад иргэн оролцсон юм. Хотын дарга иргэдийн саналыг нэг бүрчлэн сонсоод эргээд тэдэнд хариу өгөхөө амлалаа. Санал хүсэлтээ тавьж буй иргэдийн 90 гаруй хувь нь газрын ямар нэгэн маргаантай асуудал хэлж байсан юм. Үүнээс хотын хэмжээнд нийслэлийн болон улсын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаагаас бусад барилгын ажил эхлүүлэхийг зогсоосон шийдвэр НИТХ-аас гаргасантай холбоотой гомдол нэлээд яригдав. Тэгвэл НИТХ-ын тэргүүлэгч Д.Баттулга дээрх шийдвэрийг дахин нягталж үзээд ирэх сарын 15-ны дотор ямар нэгэн шийд гаргахаа мэдэгдлээ.