Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд 43 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг өнөөдөр нээлтийнхээ үйл ажиллагааг хийсэн бөгөөд 240 хүүхдийн хүчин чадалтай, 10 бүлэгт 40 багш, ажилтантайгаар СӨБ-ын үйлчилгээг үзүүлж байна.
Уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Өсөх урам” ХХК барьж гүйцэтгэсэн.
Хуучин барилга 80 хүүхдийн хүчин чадалтай, 4 бүлэгтэй ажиллаж байгаад Мэргэжлийн хяналтын байгууллагын цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийн дагуу цэцэрлэгийн барилгын буулгаж шинээр барьсан юм. ЧД-ийн 9, 10 дугаар хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 510 хүүхэд байна.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, нийслэлийн Өмч ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, ЧД-ийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг, ЧД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.