Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж:
Монгол Улсад хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, хадгалах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, нийгэм, үйлчилгээний салбарын нэр бүхий хүмүүст өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын гавьяат цол хүртээв.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор
- “Нүүрэнтэйн илч” Төрийн бус байгууллагын дэд тэргүүн Чимэдцэрэнгийн Дашбаатар,
- “Тосон тогоо” ХХК-ийн захирал Цэвээний Өлзийтогтох нарыг,
Гавьяат багш цолоор
- Ховд аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахмад багш Тогмидийн Даваа,
- Дархан-Уул аймгийн Дархан дээд сургуулийн ахмад багш Мөнхөөгийн Очирбат
- Хүүхдийн “Өнөр бүл” төвийн захирал Сүхзагдын Сэнгэдорж нарыг
Гавьяат хуульч цолоор
- “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн ахмад багш Чүлтэмийн Отгонбаярыг,
Гавьяат эдийн засагч цолоор
- Голомт санхүүгийн нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Данзандоржийн Баясгаланг,
Гавьяат эмч цолоор
- Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ахмад эмч Дамбын Нямхүүг,
Гавьяат мал зүйч цолоор
- “Түмэн шувуут” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ломбын Эрхэмбаярыг,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор
- Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн Түмэнбаярын Нямдоржийг,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор
- “Хилэм-Ост” ХХК-ийн ерөнхий захирал Бадарчийн Алтаншанд,
- Орхон аймгийн Зураач урчуудын холбооны дарга Даржаагийн Батбилэг,
- Чөлөөт уран бүтээлч Санжаагийн Баянмандах,
- Дэлхийн захирлуудын холбооны дэд ерөнхийлөгч Соёлсүрэнгийн Билэгсайхан,
- Нийслэлийн Баянгол дүүргийн Гэрлэх ёслолын ордны дарга Хорлооновын Болор-Эрдэнэ
- Төв аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга Дондовын Дунхорол,
- “Алтан алим” ХХК-ийн ерөнхий захирал Нацагийн Жаргалсайхан,
- Баян-Өлгий аймгийн “СУАТ” ХХК-ийн ерөнхий захирал Сапылгалийн Шарив,
- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын өндөр настан Анандын Рэгзэн,
- Дундговь аймгийн “Амьдрал” сонины эрхлэгч Сандагдоржийн Пүрэвсүрэн нарыг,
Худалдааны гавьяат ажилтан цолоор
- Шинэ дэвшилтэт холбооны нарийн бичгийн дарга, худалдааны байгууллагын ахмад ажилтан Намсрайноровын Цэнгэлийг шагнав.
Мөн Монгол Улсад хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, хадгалах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, нийгэм, үйлчилгээний салбарын нэр бүхий хүмүүсийн төлөөлөл болгон Төрийн дээд одон медаль гардууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
- Радио, телевизийн дээд сургуулийн ахмад багш Цэндийн Дагийг,
Алтан гадас одонгоор
- Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 44 дүгээр сургуулийн бага ангийн багш Рэгзээгийн Оюунсувд,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Жамсранжавын Оюунсүрэнг,
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны ахмад настан Алтангэрэлийн Пүрэв-Очир нарыг шагнав.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА БАЯР ХҮРГЭЖ:
“Манлайлагчид, гавшгайчид аа,
Ард иргэд ээ,
Ардчилсан хувьсгалын түүхт 30 жилийн ойг тохиолдуулан салбартаа ажил үйлсээрээ манлайлсан гавшгайчдад төрийн дээд цол, одон медаль олголоо.
Өнөөдөр цол, шагнал гардаж буй хүмүүсийн ихэнх нь Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэл, ардчилсан хувьсгалын төлөөх бүх нийтийн хөдөлгөөний тэргүүн эгнээнд явж, ард түмнээ иргэний эр зориг, ухамсарт үйлдлээрээ манлайлсан төдийгүй ардчилсан өөрчлөлтийг баталгаажуулах, тусгаар байдлыг хангах үйлст хичээнгүйлэн зүтгэж, амжилт гаргасан гавшгайчид юм.
Та бүхэнд баяр хүргэе.
Монгол Улсын үйлчилгээний гавьяат цол тэмдгээр шагнагдаж байгаа Соёлсүрэнгийн Билэгсайхан 1983 оноос эхлэн барилгын инженерээс Монголын ардчилсан холбооны дарга, Ардын Их хурлын депутат, Улсын Их Хурлын гишүүн зэрэг албан тушаалыг хашихдаа бүтээн байгуулалтын талбарт ч, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох үйлст ч ихийг хийж Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцан, Өмч хувьчлалын хууль, Хэлмэгдэгсдийг цагаатгах хууль зэргийг санаачилан батлалцсан хүмүүсийн нэг юм. Ардчиллын эрх зүйн үндсийг тавилцсан болон бүтээн байгуулалтын талбарт гаргасан амжилтыг тань Монголын төр ийнхүү үнэлж байна.
Монголын ардчилсан холбооны анхны гишүүдийн нэг Бадарчийн Алтаншандыг мөн Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнаж байна. Бадарчийн Алтаншанд 1974 оноос автобус баазын жолоочоор ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, ардчилсан нээлттэй нийгмийн төлөөх иргэний хөдөлгөөнд идэвхтэй оролцож, ажил олгогч эздийн холбоог үүсгэн байгуулалцаж барилга, худалдаа үйлчилгээний салбарт олон жил тууштай, өгөөжтэй, идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн хүн юм.
“Түмэн шувуут” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ломбын Эрхэмбаяр орон нутагт ардчиллын төлөөх хөдөлгөөнд анхлан оролцогчдын нэг. Архангай аймгийн Ардчилсан намын даргаас өгсүүлээд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, аймгийн болон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн зэрэг сонгуульт албан тушаалуудыг хашиж байсан бөгөөд улс төрийн үйл ажиллагааныхаа хажуугаар хүн амыг эрүүл, найдвартай хүнсээр хангах үйлст гаргамгай амжилт гаргасан Хөдөө, аж ахуйн ухааны доктор билээ. Тэрбээр импортоос хэт хамааралтай байсан өндөг, тахианы аж ахуй болон малын тэжээлийн үйлдвэрүүдийг эх орондоо үүсгэн байгуулж, хөгжүүлсээр дотоодын зах зээлийг бүрэн хангах хүртэл хэмжээнд хүргэж ажиллаж байгаа салбартаа манлайлагч хүн юм. Монгол Улс одоо өндөг болон тахианы тэжээлийг импортоор авахаа бүрэн зогсоожээ. Ломбын Эрхэмбаярын хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол Улсын гавьяат малзүйч цол, тэмдгээр шагнаж байна.
Илгээлт өвөртөлсөн адуучнаас Ардын Их хурлын депутат болон дэвшиж Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Анандын Рэгзэн танд мөн Монгол Улсын үйлчилгээний гавьяат цолыг олгож байна. Тэрбээр орон нутагт 44 жил ажилласны 37 жилийг сум орон нутгийг удирдах үйлст зориулж Галуут сумыг Улсын тэргүүний сумаар шалгаруулахад бодит хувь нэмэр оруулсан эрхэм юм. Анандын Рэгзэн Ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэх явцад “Малыг малчдад хувьчлах”, “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна”, “Газрын доорх баялаг төрийн хамгаалалтад байна” гэх зэрэг зарчмын ач холбогдолтой заалтуудыг санаачлан хэлэлцүүлж байсан нь Ардын Их хурлын чуулганы протоколд тэмдэглэгдэн үлджээ. Танд баяр хүргэж, талархал илэрхийлье.
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харьяат Аж үйлдвэрийн инженер-эдийн засагч Сапылгалийн Шаривыг Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдгээр шагналаа.
Сапылгалийн Шарив нь 1977 оноос хойшх 42 жилийн хөдөлмөр бүтээлийн замналдаа нефть хангамж, барилга, нийтийн аж ахуй үйлчилгээний салбарт үр бүтээлтэй, санаачилгатай ажиллажээ. Тэрбээр орон нутгийн түүхий эдээр нь М-75/100 маркийн тоосго үйлдвэрлэсэн, нефтийн бүтээгдэхүүний зүй бус хорогдлыг багасгах шийдлүүд гаргасан, орон нутаг дах Шатахуун түгээх станцуудыг орчин үеийн стандартын шаардлагад хүргэх ажлыг зохион байгуулсан, гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр усны магистраль шугаманд холбох, шинэ сум төслийг орон нутагт хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг амжилттай удирдан гүйцэтгэжээ.
Сапылгалийн Шарив нь 1989 оноос өнөөдрийг хүртэл Монголын ардчилсан холбооны гишүүн, Ардчилсан хувьсгалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн, орон нутагт ардчилсан үзэл санааг дэлгэрүүлэх, бэхжүүлэх үйлст манлайлагчдын нэг юм.
Эрхэм манлайлагчид аа, Та бүхэнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сайн үйлс түгэн дэлгэрч, хүн зон амар амгалан аж төрөх болтугай.
Баярлалаа” гэлээ.