Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Үүрийнтуяа: Сайн дурын үйл бол ардчиллын үндсэн дасгал юм

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-нд Олон улсын сайн дурынхны өдрийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Сайн дурынхны байгууллагуудын сүлжээ, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага хамтран “Тогтвортой хөгжилд сайн дурынхны оролцоо” сэдэвт үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

“Алаггүй ирээдүйн төлөө” уриан дор зохион байгуулагдаж буй сайн дурынхны үндэсний чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Сайн дурынхны байгууллагуудын сүлжээний тэргүүн Г.Ундрал, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филип Ийвэрт нарын хүндэт зочид оролцож, үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Д.ҮҮРИЙНТУЯА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Эрхэм хүндэт сайн дурынхан,

Хүндэт төрийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид өө,

Хүндэт зочид оо,

Та бүхэнд Олон улсын сайн дурынхны өдрийн халуун баярын мэндийг хүргэе!

1985 оны арванхоёрдугаар сарын 17-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс энэ өдрийг хамгийн анх Нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөөх Олон улсын сайн дурынхны өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргаснаас хойш өдгөө дэлхий даяараа тус өдрийг 34 дахь жилдээ тэмдэглэж байна.

Монголчуудын ахуй амьдралд хариу нэхэлгүй нэгэндээ тус хүргэх соёл нь өнө эртнээс гүнзгий сууж ирсэн байдаг. Нэрт эрдэмтэн, монгол судлаач Лев Николаевич Гумилев “Нөхөртөө тусалсангүй гэж иргэнээ шийтгэдэг хуультай улс Монголоос өөр байсангүй” гэж тэмдэглэжээ. Энэ нь Монгол Улсын төр, монголчууд олон зууны түүхэндээ сайн дурын үйл ажиллагааг дээд зэргээр дэмжиж ирсний тод баталгаа юм.

Манай монголчууд хүн хүндээ туслах явдлыг хүний эрхэм үүрэг гэж үздэг бөгөөд энэ нь одоо ч алдагдаагүй байгаа гэдэгт би итгэдэг. Нүүдэлчдийн соёлыг тээн өдий хүрсэн бидний хувьд хамтран амьдрах, харилцан туслалцах гэдэг ойлголт нь сайн дурын бүх ажиллагааны агуулгыг тодорхойлж байдаг. Учир нь байгалийн бэрхшээл, хүнд үзэгдлийг даван туулах, хүн ам цөөтэй бол хамтаар бүлдэж аж амьдралаа зохион байгуулах, энх амгалан аж төрөх, эв эеийг хичээж, өв уламжлалаа бат хадгалах үндэс нь болж байсан юм.

Орчин үед сайн дурынхан хэн нэгнээс шан харамж горилохгүйгээр өөрт буй үнэт цаг, мэргэжлийн ур чадвар, оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулан улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна. Сайн дурын ажилд зөв эсвэл буруу үйл гэж байдаггүй. Бусдын төлөөх сайхан сэтгэлээр хийсэн үйлдэл бүхэн хэн нэгэнд тус хүргэсэн, хэн нэгний зовлонг нимгэлсэн буян болдог. Өнөөдөр жил бүр дэлхий даяар нэг тэрбум хүн, Монгол Улсад 28 мянга гаруй хүн сайн дурын үйл ажиллагаанд оролцож, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, нийгмийн хамгаалал зэрэг нийгмийн бүхий л салбаруудад ажиллаж, жилд 6,9 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц эдийн засгийн үр шимийг Монгол Улсын эдийн засагт оруулж байгаад баяртай байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрөөр 17 үндсэн зорилгыг хамрах 169 зорилтод хүрэхэд сайн дурынхны оролцоо маш чухал гэдгийг тэмдэглэж, төр-иргэний байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжин ажиллана гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрыг төлөөлөн илэрхийлж байна.

Тогтвортой хөгжилд сайн дурынхан хувь нэмрээ оруулж буй нэгэн жишээ нь “Лантуун дохио” төрийн бус байгууллагаас хэрэгжүүлсэн “Ид шидийн орон” төсөл юм.

Сайн дурын үйл бол ардчиллын үндсэн дасгал юм. Та бид дөрвөн жилд нэг удаа сонгуульд саналаа өгдөг. Харин сайн дурынхан Та бүхэн бол өөрийн амьдрахыг хүсч буй нийгэмд өдөр бүр саналаа өгч, санаа чилээн ажилладаг нийгмийн зүтгэлтэн гэсэн үг.

Эх дэлхий, эх орон, ирээдүй хойчийнхоо төлөө ажиллаж буй сайн дурынхандаа дахин баярын мэнд хүргэж, бусдын төлөө хийсэн буянт үйлс тань буцаад бороо мэт шаагин асгарч, их эрч, амжилтыг Та бүхэнд авчрах болтугай гэж хүсэн ерөөе.

Сайн үйлс дэлгэрэх болтугай” гэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан