Найруулагч Ж.Жамъянсүрэнгийн хоёр дахь бүрэн хэмжээний уран бүтээл “Хөхөө” уран сайхны киноны үзлэг Prime Cineplex кино театрт болж өнгөрлөө. Хөхөө шувууны домгоос сэдэвлэсэн энэхүү бүтээлийн бэлтгэл ажил 6 сарын турш, зураг авалт 2018 онд 50 хоногийн турш Ховд аймгийн Үенчийн хавцалд хийгдэж, пост продакшн нь жил гаруй он дамжин хийгдэж, олон улсын наадмуудын техникийн стандартыг хангах гэж дуу, дүрс, өнгөн дээрээ ихээхэн анхаарал тавин ажилласан байна.
“Хөхөө” уран сайхны киноны гол дүрд жүжигчин Ц.Цэрэнболд, Т.Борхүү, А.Цэгмид, Э.Сансар, П.Баярмагнай, А.Баярцэцэг нар тогложээ.
Кино үзлэгийн дараа найруулагч Ж.Жамъянсүрэнтэй ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.
...Өөрийнхөө санаанд бараг 100% нийцтэл бүтээлийнхээ усыг шавхлаа. Монтаж дээрээ бүтэн нэг гаруй жил ажиллалаа. Хүссэн планаа тавьж, жүжигчдийнхээ тоглолтыг хүссэнээрээ гаргалаа. Одоо үзэгчид маань дүгнэх л үлдлээ. Манай жүжигчдийн ансамбль үнэхээр сайхан бүрджээ.
Энэ киног хийх болсон шалтгаан нь яг одоо бие биенээ хайрлах ХАЙР гэдэг зүйл их үнэгүйджээ, тиймээс хайрын үнэ цэнийг мэдрүүлэхийг зорьж бүтээлээ. Бие биенийгээ “Хайр аа” гэж дуудна, хөгжил дунд өрсөлдсөн энэ завгүй амьдралд хүнийг хайрлах хайр өөрөө их гээгдсэн байна. Бид төрөлх мөн чанараа бага багаар алдсаар байгааг үзэгчдэд үзүүлэхийг зорьсон. Бидний үнэт чанар хөгжил, хотжилт, завгүй амьдралд улам алдагдсаар байгааг киноны дүр бүрийн характераар илэрхийлж байгаа. Манай бүх дүр нэг айлын хүүхдүүд, нэг эцэг эхээс төрсөн хэрнээ өнөөгийн амьдрал тэдэнд хэрхэн нөлөөлж өөр өөр хүмүүс болгосныг харуулна. Нүүдэлчдийн сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл, бие биенээ хайрлах хайр, амьдрал өөрөө тэр чигээрээ ямар гайхамшигтай болохыг гадаад ертөнцөд таниулж, үзүүлэхийг зорьж байгаа учраас олон улсын кино наадмуудад киногоо сойж байна.
Хал нь гаднаа, хайр нь дотроо гэдэг философи, эх үрийн хайрын шүтэлцээ, эхнэр нөхрийн хайрын нандин чанарыг харуулна. Жинхэнэ хайр, жинхэнэ мөн чанар хаана илэрдэг вэ? Үхэл, амьдралын зааг дээр илэрдэг.
Бид хамгийн агуу хайр эхийн хайр гэж ярьдаг. Тэгвэл түүнээс илүү агуу байж болох ямар хайр байгаа вэ? Тэр бол эхээ хайрлах үрийн хайр. Эхийн санаа үрд, үрийн санаа хаданд гэдэг боловч үрийн санаа эхэд яагаад байж болохгүй гэж?
Монголынхоо үзэгчдэд 2020 онд “Хөхөө” уран сайхны киногоо толилуулна. Та бүхэн хүрэлцэн ирж үзээрэй. Нүүдэлчдийн гайхалтай ахуй, соёл, уламжлалыг харуулах болно. Агуу их хайрыг харуулах болно. Өнөөгийн нийгмийн дүрүүдийн төлөөллийг харуулах болно” гэлээ.