Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ БОЛОН КАМБОЖ УЛСЫН ШИГШЭЭ БАГУУД АНХ УДАА НҮҮР ТУЛНА

Монголын Үндэсний шигшээ баг Камбож улсад ирээд хэдийн 7 хоногийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид фитнесс болон талбайн бэлтгэлийг өдөр бүр хийж байна. Камбож улсад бэлтгэл хийх болсон шалтгаан нь манай шигшээ ФИФА өдрүүдийн хүрээнд Камбож улсын шигшээ багтай хийх албан ёсны нөхөрсөг тоглолт байсан юм. Өнөөдөр Камбож улсын Олимпийн цэнгэлдэхэд тус тоглолтын хэвлэлийн бага хурал болж хоёр улсын ахлах дасгалжуулагч нар, тоглогчид оролцлоо.

МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ МАЙКЛ ВАЙСС:

"Камбож Улсын Хөлбөмбөгийн Холбоо болон Монголын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагуудад юун түрүүнд энд бэлтгэл хийх боломжийг олгосонд баярлалаа гэж хэлье. Яг одоо Монгол улсад -20 хэмийн хүйтэн байгаа. Тийм нөхцөлд залуус маань бэлтгэл хийж чадах хэдий ч Мьянмар улсад зочлон тоглох чухал тоглолтод халуун дулаан уур амьсгалд дасан зохицох гээд олон асуудлууд бидэнд гарч ирэх байсан. Камбож улсад хийж байгаа энэ бэлтгэл болон тоглолт бидэнд маш их тус болж байна. Камбож улсын шигшээ баг бол хүчтэй баг тэд ДАШТ-ий урьдчилсан шатны С хэсэгт бичигдэж байгаа. Албан ёсны тоглолт учраас бид бүх чадлаа дайчлан тоглох болно.

МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН АХЛАГЧ Н.ЦЭДЭНБАЛ:

"Камбож улсад бэлтгэл хийж байгаа нь сайн хэрэг. Камбож улсын шигшээ багийн хувьд хүчтэй сайн баг. Эхний хагаст гоол алдалгүй сайн хамгаалж, тоглолтыг өөрийн хэмнэлдээ оруулах нь бидний гол зорилго. Юутай ч энэ улсаас оноотой буцахыг хичээх болно.

КАМБОЖИЙН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ ФЕЛИКС ДАЛМАС:

" Бид ДАШТ-ий урьдчилсан шатны дараагийн тоглолтоо Хонг Конг улсын эсрэг хийнэ. Монголын шигшээ багийн хувьд Хонг Конгтой ижил биеийн хүчний тоглолттой, хүчирхэг баг. Тийм учраас сайн бэлтгэл болно гэж бодож байна. Ширүүн тоглолттой хэдий ч бид өөрсдийн үндсэн хэв маягийг алдалгүй тоглохыг хичээх болно.

Камбожийн шигшээ багийн хувьд дэлхийн чансааны 172-р байранд бичигддэг бөгөөд ахлах дасгалжуулагчаар Аргентин мэргэжилтэн Феликс Далмас болон Японы шигшээ багийн тоглогч асан Кейсүкэ Хонда нар хамтран ажилладаг юм.

Тоглолт маргааш буюу 11 сарын 14-ний өдөр Камбож улсын цагаар 18:30, Монгол улсын цагаар 19:30 минутаас Олимпийн цэнгэлдэхэд явагдана.

Энэхүү тоглолтыг Камбож Улсын Хөлбөмбөгийн Холбооны фейсбүүк хуудсаар шууд дамжуулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан