УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
“Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
Энэхүү хөтөлбөрөөр нийслэл, аймаг, дүүрэг, сумдын эмнэлэг, эрүүл мэндийн төвийг загвар эмнэлэг, жишиг төв болгох, өргөтгөн засварлах, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах, чанарын удирдлагын шинэчлэл хийх, бие даасан байдлыг бэхжүүлэх зэрэг ажил, үйлчилгээг Азийн хөгжлийн банк, Харилцан кредит олгох механизмын Японы сангийн нийт 161.8 сая ам.доллараар хэрэгжүүлэх юм.
Хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжинэ. Нэгдүгээр шат нь 2019-2024 онд 79.62 сая ам.доллараар, хоёрдугаар шат нь 2022-2026 онд 40.71 сая ам.доллараар, гуравдугаар шат нь 2025-2029 онд 41.49 сая ам.доллараар хэрэгжинэ.
“Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хооронд харилцан тохиролцсон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр” нь УИХ-аас 2016.11.24-нд баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, Монгол Улсын Засгийн газрын төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, төсвийн алдагдлыг бууруулж, нэгдмэл байдлыг бий болгох, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд чиглэж байгаа юм.
ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон хэрэгжүүлж буй хөтөлбөр 3 үе шаттай. Гурван үе шатанд нийт 33 бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр хэлэлцэн тохиролцсоноос эхний шатанд 9 бодлогын арга хэмжээг, хоёр дахь шатанд 10 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэн.
Хоёр дахь шатанд Дэлхийн банкнаас 100.0 сая ам.доллар авч байгаа юм.
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл
Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр, Баян-Адарга, Увс аймгийн Ховд, Бөхмөрөн, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Завхан аймгийн Дөрвөлжин, Отгон, Баянхонгор аймгийн Галуут, Гурванбулаг, Ховд аймгийн Мянгад, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий зэрэг сумдын нутагт орших зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Нийт 6 аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1.298.047 га-гаар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь нь 0.83 хувиар нэмэгдэж байгаа ажээ.
Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Байгалийн ургамлын тухай хуулийг 1995 онд батлан, улмаар дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч байгалийн ургамлын удмын санг хойч үедээ хадгалж, өвлүүлэх чадамж дэлхий нийтийн жишгээс хоцорч, ургамлын олон янз байдлыг хамгаалах явдал үндсэндээ хаягдаж, ургамлын төрөл зүйлүүд устах аюулд тулгараад байгаа. “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу хийсэн үнэлгээнээс уг хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан зэргийг үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:
-Нутаг орны хэмжээнд нөөц нь багассан, устах аюулд өртөөд байгаа ургамлын зүйлийг уугуул тархац нутагт нь хамгаалах, нөхөн сэргээх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутагтаа хэрэгжүүлэх;
-Нэн ховор, ховор, унаган, үлдвэр ургамлын удмын санг хойч үедээ өвлүүлэх зорилгоор ижил төстэй орчинд тарималжуулан хадгалан хамгаалах ажлыг төрийн өмчит шинжлэх ухааны байгууллага хийж гүйцэтгэх;
-Монгол орны нутаг дэвсгэрт бүртгэгдсэн нийт ургамлын хамтаамал, өсгөвөр, үр, үрцэрийн цуглуулгыг байгалийн ургамлын генийн санд хадгалан хамгаалах;
-Эко системийн унаган төрхийг хадгалан хамгаалах зорилгоор харь зүйл ургамлыг байгальд тарьж ургуулахыг, хүнс техникийн зориулалтаар тарималжуулсан харь зүйл ургамлыг байгальд тархаахыг хориглох;
-Байгалийн ургамлын биологийн нөхөн сэргээлт хийх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж бэлтгэсэн хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр биологийн нөхөн сэргээлт хийх, нөхөн сэргээлт хийгээгүй хуулийн этгээдэд ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл дахин олгохгүй байх зэрэг өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан байна.