Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Богд хаан 150: Түүх, соёл, өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын оюун санааны удирдагч, Монгол Улсын хаан, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой 2019 онд тохиож байгаа билээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргасан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны академи, Олон улсын харилцааны хүрээлэн, Туух, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Богд хааны ордон музей хамтран “Богд хаан 150: Түүх, соёл, өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй уг хуралд Монгол, ОХУ, БНХАУ, Япон, ХБНГУ, Унгар, Польш зэрэг орны 33 эрдэмтэн, судлаач илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм. Тухайлбал, Япон улсын монголч эрдэмтэн Наками Тацүо, Тачибана Макото, Германы монголч эрдэмтэн Удо Баркманн, ОХУ-ын монголч эрдэмтэн С.Л.Кузьмин, Эрхүүгийн их сургуулийн профессор, монголч эрдэмтэн Ю.В.Кузьмин, эрдэмтэн Л.Н.Крайнова, Унгар улсын эрдэмтэн Кристина Телеки, Польш улсын эрдэмтэн Каролина Зигмановска зэрэг гадаадын эрдэмтэд оролцож байна.

Мөн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн салбар хүрээлэнгүүд, их сургуулиуд, Гандантэгчэнлин хийд, Богд хааны ордон музей зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын төлөөлөл оролцож, ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, соёл, шашин, урлаг, уран зохиол, Богд хааны амьдрал, улс төр, шашны үйл ажиллагаа, төрийн зүтгэлтнүүд, Богд хаант Монгол Улсын Засгийн газар, түүний үйл ажиллагаа, дотоод, гадаад бодлого зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, үг хэлэв.

ТЭРБЭЭР ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Эрхэм судлаачид, эрдэмтэн мэргэд, хүндэт гадаадын зочид төлөөлөгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Туурга тусгаар улсаа сэргээн байгуулах монгол түмний чин хүсэл, олон жилийн үндэсний тэмцэл оргилдоо хүрч, харь гүрний 200 гаруй жилийн ноёрхлыг эцэс болгон, тэртээ Арван тавдугаар жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын есөн буюу 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр түүхт төр улсынхаа тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөг сэргээн мандуулж, дэлхий дахинаа зарлан тунхагласнаар монголчуудын түүхэнд шинэ эрин үе эхэлж, өнөөгийн Монгол Улс оршин байхын үндэс болсон билээ.

Хэрвээ энэ түүхэн үйл явдлыг Богд гэгээн, Монголын алтан ургийн язгууртнууд, ноёд, түшмэд, шашин, төрийн мэргэд, лам, хар бүгдээр их үйлсийн төлөө зориглон нэгдэж, нугаршгүй хүч зорилго, цөхрөлтгүй тэмцлийн үр дүнд хийж чадаагүй бол Монгол хэмээх улс дэлхийн улс төрийн газрын зурагт үлдэхэд нэн бэрх байсныг эрдэмтэн судлаачид бэлхнээ мэднэ.

Хүнд цаг үед олдсон сайн цагийн тохироонд холч мэргэн зориг ухаан, эв санааны хүчийг үзүүлэн нэгдэж, халуун амь, бүлээн цусаа үл хайрлан зүтгэж, үр хойчдоо үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт улсыг авчирсан өвөг дээдсийнхээ түүхэн гавьяаг ямагт дурсан хүндэтгэж, хойч үедээ тусгаар тогтнолын үнэ цэн, ач холбогдлыг ойлгуулж, хайрлан хамгаалах эх оронч, үндэсний үзэл ухамсрыг төлөвшүүлж байх учиртай.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын манлайлагчид болох Наймдугаар Богд Жавзандамба хутагт, анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн, сайд Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Чагдаржав, Гомбосүрэн, Намсрай, Түшээт хан Дашням, Сэцэн хан Навааннэрэн, Засагт хан Содномравдан, бэйс Гомбосүрэн, ван Цэдэнсоном, Манлай ван Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав, Өвөр Монголын гүн Хайсан, Дөрвөдийн төгс хөлөг далай хан Галсаннамжил нарын үндэсний баатрууд, эгэл ард өвөг дээдсийнхээ гавьяаг хүндэтгэн тэмдэглэж байна.

Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Ф.Люба Петербургт илгээсэн 1912 оны нэгдүгээр сарын мэдээндээ: “Хэзээ нэгэн цагт Монголын сүүлийн жилүүдийн түүхийг бичих болбол түүхнээ хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч VIII Богд гэгээний зоригтой, шийдвэртэй санаачилгыг талархалтайгаар тэмдэглэх болно” хэмээн онцлоод “Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн” гэсэн нь бий.

2019 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын оюун санааны удирдагч, Монгол Улсын хаан, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ой тохиож байна. Монгол үндэстний эв нэгдэл, түүх, уламжлал, өв соёл, уламжлалт шашнаа дээдлэх, өргөн олноо таниулах, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түүхийг дурсан, Монголын төлөө явуулсан түүний үйл хэргийн түүхэн болон улс төрийн ач холбогдлыг зүй ёсоор үнэлж, бодитоор мөнхлөн алдаршуулах зорилгоор энэхүү түүхэн ойг монгол орон даяар тэмдэглэх нь зүйтэй хэмээн үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай 2019 оны 9 дүгээр зарлигийг гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн юм.

Энэхүү зарлигийн хүрээнд Богд хааны ордон музейн дэргэд Богд Жавзандамба хутагтын түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолбор байгуулах, Богд хааны намтар, түүхийн талаар баримтат кино, судалгааны бүтээл, архивын баримт бичиг, хааны зарлигийн эмхэтгэл, номын сангийн сан хөмрөг, музейн үзмэр, гэрэл зураг, түүхийн ховор эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн, каталог гаргах, таниулан сурталчлах соён гэгээрлийн ажил он дуустал үргэлжилнэ. Мөн өнөөдрийн “Богд хаан-150: Түүх, соёл, өв” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.

Тус эрдэм шинжилгээний хуралд Япон, Орос, Хятад, Герман, Унгар, Польшийн монгол судлаач, нэрт эрдэмтэд болон манай улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын эрдэмтэд, багш, лам нар олноор хүрэлцэн ирж, илтгэл тавьж, санал бодлоо уралдуулж байгаад талархал илэрхийлье.

Үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийн үнэ цэн, эх түүх, эрхэм уламжлал, соёлоо дээдлэхийн ач холбогдлыг сануулж, Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Богд хаан судлалд шинэ хуудас, баримт мэдээлэл нэмсэн үр дүнтэй хурал болно гэдэгт итгэлтэй байна.

Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Баярлалаа” гэлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан