Монголын Жүдо бөхийн холбооны удирдлага болон Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням мөн шигшээ багийн нийт багш дасгалжуулагчид үүрэгт ажлаасаа огцрохоор болсноо өнгөрсөн мягмар гарагт мэдээлсэн. Ингэхдээ Монголын жүдо бөхийн шигшээ багийн тайлан хурлаар дээрх шийдвэрийг гаргасан гэдгээ мэдэгдсэн юм.
Тэгвэл Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалчуулагчаар Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг томилохоор болжээ. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжиннямаас ажлаа хүлээж авах аж.
Монголын Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарын хувьд манай жүдогийн шилдэг тамчирдын нэг. Түүний гаргаж байсан амжилтуудаас цухас мэдээлбэл, тэрбээр 1998 онд Өмнөд Солонгосын Пусан хотод болсон Азийн наадмын жүдогийн 71 кг-ын жинд түрүүлж байсан. Мөн 1997 онд Бельград хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 73 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө барилдаад улмаар шагналт тавдугаар байрт шалгарч байв. Мөн 1996, 1997 онд самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн дэлхийн аварга цолыг хүртэж, Монгол Улсын гавьяат тамирчин болж байсан юм.
Гэхдээ Х.Болдбаатар гавьяатын олимпоос авч чадаагүй медалийг түүний шавь эх орондоо авч ирж чадсан. Тодруулбал, олимпийн анхны алтан медалийг эх орондоо авч ирсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр түүний шавь бөгөөд тэрбээр шавиа олимпийн медальтан болсны дараа Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолыг хүртсэн билээ.
Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын гавьяат дасаглжуулагч Х.Болдбаатарын хувьд Риогийн олимпийн циклд БНХАУ-ын Жүдогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар дөрвөн жил ажилласан юм. Дашрамд мэдээлэхэд гавьяат 2020 оны Токиогийн олимпид шигшээ багийн дасгалжуулагчийн багаа өөрөө бүрдүүлэн оролцох юм.
Гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Болдбаатар өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжиннямаас ажлаа хүлээж авах бөгөөд тэрбээр шигшээ багийн дасгалжуулагчдын багаа өөрөө бүрдүүлж 2020 оны Токиогийн олимпийн наадамд оролцох юм
Эх сурвалж:Imongolia.mn