Дэлхийн улс орнууд спортоор дамжуулан өөрийн улсын брэнд өнгө төрхийг тодорхойлж түүнийг бизнесийн зорилгоор ашиглаж эдийн засгаа дэмждэг билээ. Харин манай улс өнөөг хүртэл тэрхүү өнгө төрхөө тодорхойлоогүй байна.
Монгол Улсын Засгийн Газраас дэвшүүлсэн “Монгол брэнд” үүсгэх, үндэсний үйлдвэрээ дэмжих зорилгыг хэрэгжүүлэхээр 2019 оны 59 дүгээр тогтоолыг баталж, “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласантай холбогдуулан, спортын амжилт гаргаж буй Монгол Улсын Үндэсний шигшээ баг, тамирчдаар дамжуулан Монгол үндэстний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн брэнд өнгө төрхийг Үндэсний мэргэжлийн загвар зохиогчдоор тодорхойлуулах зорилгоор загварын уралдааныг хувцас урлалын нийт уран бүтээлч, байгууллага хамт олонд зориулан урьдчилсан уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулан өргөн хүрээнд зарлаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.
Энэхүү спортын болон ёслолын хувцасны загварын уралдаанд нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлснээс “Мишээл-Амазонка” ХХК-ийн ирүүлсэн загвар спортын болон ёслолын төрлүүдэд шалгараад байна.
Амжилттай оролцож Тэргүүн байр эзэлсэн оролцогчид батламж болон 10,0 сая төгрөгийн мөнгөн шагналаа өнөөдөр гардан авлаа.
Спортын хувцасны загварыг уралдааны удирдамжид заасны дагуу “Үндэсний шигшээ багийн тамирчид”-д танилцуулан, ёслолын хувцасны загварыг олимпийн наадамд бэлтгэх дэд ажлын хэсэгт танилцуулан санал авч тус тус баталгаажуулан, “Мишээл-Амазонка” ХХК-д спортын болон ёслолын хувцасны үйлдвэрлэх эрхийг өгч гэрээ байгууллаа.
Мөн тамирчдын өдөр тутам бэлтгэл сургуулилтад зориулагдсан спортын хувцсыг Японы “Мизүно” брендийг тамирчдад өмсгөхөөр шийдвэрлэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2018 оны 08 дугаар сард тус компанитай гэрээг байгуулсан.
Токио-2020 Олимп, Паралимпийн наадамд оролцох баг тамирчдын өмсөх спортын болон ёслолын хувцасны зардалд 394,3 сая төгрөг гаргах бөгөөд “Токио Олимп Сан”-гаас санхүүжилтийг шийдвэрлэнэ.