Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МЖБХ-ны шигшээ багийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсноо мэдэгдлээ

Монголын Жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням мөн шигшээ багийн нийт багш дасгалжуулагчид үүрэгт ажлаасаа огцрохоор болсноо өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, өчигдөр Монголын жүдо бөхийн шигшээ багийн тайлан хурал болсон бөгөөд энэ үеэр дээрх шийдвэрийг гаргасан байна.  

Тус холбооны удирдлага болон Шигшээ багийн багш, дасгалжуулагчид ажлаа өгөх болсон шалтгаанаа "Токио-2019" ДАШТ-д тамирчид нь амжилт муутай оролцсон тул хариуцлагаа хүлээж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна" гэсэн юм.

Хэдхэн хоногийн өмнө болсон "ТОКИО-2019" ДАШТ-д манай жүдо бөхийн шигшээ багийнхан ард түмний хүлээж байснаас амжилт муутай оролцсон. Тодруулбал, манай шигшээ багийн тамирчид нэг хүрэл медаль, нэг тавдугаар байр, нэг долдугаар байрт орсон амжилттай ирсэн. Улмаар ДАШТ-д манай тамирчид амжилт муутай оролцож буйд ард түмэн бухимдаж, хүчтэй шүүмжлэл өрнүүлж байсан юм. Тэгвэл энэ бүхний дараа МЖБХ-ны удирдлага болон шигшээ багийн дасгалжуулагчид хариуцлагаа бүрэн хүлээж огцрох нь зүйтэй гэж үзсэн байна. 

Тус холбооны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Бөхбатын хувьд 2006 онд тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Улмаар М.Бөхбатыг томилогдсоны дараа буюу 2008 онд Монгол Улс жүдо бөхийн төрөлд анхны олимпийн аваргаа өлгийдөн авч, Монгол түмэн уухайлан баярлаж байлаа. Гэвч 2011 онд Парист болсон ДАШТ-д манай шигшээ багийн тамирчид амжилт муутай оролцсон бөгөөд тухайн үед дасгалжуулагчид мөн л хариуцлагаа хүлээж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байсан юм. Тэгвэл энэ хоёр дахь тохиолдол нь боллоо.

МЖБХ-ны удирдлага болон шигшээ багийн дасгалжуулагчид хэдийгээр өнөөдөр хариуцлагаа хүлээж ажлаа өгч байгаа ч Монголын ард түмнийг баярлуулсан олон сайхан амжилтууд, сайхан дурсамжуудыг тамирчидтайгаа  хамтдаа бүтээсэн гэдгийг энд онцлох ёстой. Тухайлбал, 2017 оны Будапештийн ДАШТ-ээс зургаан медаль авч  урд өмнө байгаагүй түүхэн дээд амжилтыг үзүүлж байснаас гадна сүүлийн зургаан ДАШТ дараалан медаль авч Монголын ард түмнээ баярлуулсан билээ. Үүнээс гадна сүүлийн хоёр олимпийн наадмаас хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан амжилтыг нь тодотгох нь зүйтэй бөгөөд энэмэтчилэн манай тамирчдын Гран при, Гранд сламуудад гаргасан амжилтуудыг нь Жүдо бөхийн холбооны өнөөгийн удирдлагууд болон шигшээ багийн багш дасгалжуулагчдаас салгах аргагүй юм.

Бид тус холбооны удирдлагууд энэ мэдэгдлээ хийх үеэр дараах тодруулгыг авснаа хүргэж байна.  

МЖБХ-ны Гүйцэтгэх захирал М.Бөхбат:

-2019 оны ДАШТ-ий тайлан хурал өчигдөр холбоон дээр болсон. Хурлын үеэр МЖБХ-ны удирдлагын зүгээс ДАШТ-ий хүрээнд холбогдох ажлуудыг хангалттай хийж чадаагүй. Тухайлбал, тамирчдаа бэлтгэл сургуулилтад хангаллттай хамруулж чадаагүй, уураг витаминжуулалтаар хангалттай хангаж чадаагүй, бэлтгэл тактикийн барилдаанууд дээр алдаа дутагдалтай, чамлахаар байсан. Мөн  клубын багш дасгалжуулагчид бусад тамирчдыг энэ хүрээнд сайн хамруулж чадаагүй, бэлтгэл хангагчдыг хангалттай зохион байгуулж чадаагүй гээд эдгээр үндэслэлээр МЖБХ-ны удирдлага миний бие өөрийн хүсэлтээр огцрох шийдвэрийг гаргалаа.

Энэ хугацаанд биднийг дэмжиж ажиллаж байгаа олон хүнээс гадна Монголын ард түмнээсээ уучлалт гуйж, "Бид хангалттай сайн ажиллаж чадаагүй дээ харамсаж байна" гэдгээ дахин хэлье. Мөн дараа дараагийн хүмүүстээ амжилт хүсэж байна.

Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням:

-Миний хувьд Монголын Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар 2011 онд томилогдсон. Найман жилийн хугацаанд энэ багаа ахлаж ажилласан байна. Энэ хугацаанд бидний гаргасан амжилт ч өндөр. Дэлхийн аварга гурав, ДАШТ-ий мөнгөн медаль гурав,  хүрэл медалийг 10 гаруй тамирчин авсан байна. Олимпоос 2 мөнгө, 1 хүрэл,  Азийн наадмаас 3 алтан медаль авсан. Гэвч 2019 оны Токиогийн ДАШТ-д, олимпийн урд жил болж байгаа тэмцээнд бид нарын ажлын алдаа дутагдлаас болж нэг хүрэл медаль, нэг тав, нэг долдугаар байр гэсэн амжилт үзүүллээ. Иймээс манай шигшээ багийн бүх дасгалжуулагч үүндээ дүгнэлт хийгээд дараагийн хүмүүс нь шигшээ багаа авч олимпид орог гэсэн үүднээс бүгд ажлаа өгч байгаа юм.

Энэ хугацаанд бид нарыг дэмжиж ажилласан МЖБХ болон Монголынхоо нийт ард түмэн, биеийн тамирын байгууллагуудад баярласнаа илэрхийлж байна. Бид цаашдаа ч гэсэн жүдо бөхөө хөгжүүлэх үйл хэрэгт оролцоод цаашид улам их амжилт гаргуулахын төлөө ажиллах болно.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа:

-Ажлын хариуцлага гэдэг маш чухал байдаг. Энэ ч утгаараа бид өнөөдөр хариуцлагаа хүлээж, ард түмнээсээ уучлалт гуйгаад бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа  хүлээлгэн өгч байна. Дараа дараагийнхаа хүмүүст амжилт хүсч байна.

Монголын Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид 

  • Ерөнхий дасгалжуулагч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш О.Балжинням
  • туслах дасгалжуулагч гавьяат тамирчин Д.Баттулга
  • туслах дасгалжуулагч гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од
  • туслах дасгалжуулагч Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа
  • туслах дасгалжуулагч Г.Дашдаваа ажилладаг билээ.

Эх сурвалж: imongolia.mn

1 Сэтгэгдэл
Зөв балжиням гэж хүн дахиж бүү дасгалжуул
Хамгийн их уншсан