Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ургацын дүн ирэх долоо хоногт гарна

Ургац хураалт эхэлж, тариаланчид борви бохисхийлгүй ажиллах цаг айсуй. Тэгвэл энэ жил манай улс хэдий хэмжээний ургац хурааж, дараа жил хэдэн га-д уринш хийхээр бэлтгэж буй талаар ХХААХҮЯ-ны Газар  тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах  газрын дарга Д.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа.



-Ургац хураалтын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ. Энэ жил хэдэн мянган га-д тариалалт хийхээр уринш бэлтгэсэн бэ?

-Одоогоор ургац хураалтын ажил жигдрээгүй байна. Төмс, хүнсний ногооны хувьд  эрт ургацынх зах зээлд нийлүүлэгдэж, борлуулалтад гарсан. Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг аймаг бүрээр гаргасан. Энэ жил 300 гаруй мянган га-д уринш бэлтгэсэн. Одоогоор хараахан дүн нь нэгтгэгдээгүй байна.
-Ургацаа хураасны  дараа агуулах сав хүрэлцэхгүй байна гэж  жил бүр л ярьдаг. Энэ жилийн хувьд агуулах, зоорийн асуудлаа хэрхэн шийдэж байгаа вэ?
- Өнөөдрийн байдлаар тоног төхөөрөмж, техникийн засвар үйлчилгээний ажил хийгээд байна. Үндсэндээ 80 гаруй хувьтай яваа гэж ойлгож болно. Мөн агуулах зоорийн засвар үйлчилгээ, ариутгал,  үтрэмийн тоног төхөөрөмжийг аж ахуйн нэгжүүд хариуцаад ажиллаж байна.
-Энэ жил ургац хураалт, уринш бэлтгэхэд дэмжлэг болох үүднээс шатахуунд ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх үү ?
-Тийм юм байхгүй. Аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр хийж, гүйцэтгэж байгаа. Одоо манай тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн өөрсдийнх нь санхүүгийн чадвар  нэг үеэ бодвол харьцангуй сайжирсан. Түүнчлэн дэлхийн зах зээлд буудайны үнэ өсч буй учир гадаад зах зээлийн нөлөө бага  байх. Өмнө нь хоёр, гурван жил дэмжлэг өгч ирсэн. Урьдчилаад гэрээ хийхдээ 30-50 хувийг нь төлөөд зээл авдаг байсан. Намар ургацаа хураасны дараа үлдсэн мөнгөө төлдөг байлаа шүү дээ. Харин энэ мэт хөнгөлөлт үгүй болж, борлуулалтаа аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцдаг болсон.
-Ургацын болц хэр байна. Ургац хураалт хойшлох нь гэж яриад байна. Энэ тухайд?
-Энэ жил 306 мянган га-д үр тариа тариалсан. Байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалаад өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 7-14 хоногоор хойшилж байгаа. Үүнд, хавар орой болсон мөн зургаа, долдугаар сард хур тунадас нэлээд унасан учир дулааны баланс хүрэлцэхгүй байх гэх мэт байдлаас шалт­гаалаад ургацын болц то­дорхой хугацаагаар хойш­логдож байна. Иймээс  богино хугацаанд цастай уралдаж, ургацаа хураахын тулд техник тоног төхөөрөмжөө бэлэн байлгах, зам гүүрийн засвар үйлчилгээ, эрчим хүчээр тогт­вортой хангах, шатахууны ний­лүүлэлт, хөдөлмөр аюул­гүйн ажиллагааг ханган ажил­лахаар дор бүрнээ хичээж байна.
-Өнгөрсөн  жил 400 гаруй  мянган тонн буудай хураан авсан нь түүхэндээ авч байгаагүй арвин ургац хурааж авлаа хэмээж байсан. Энэ жил энэ амжилтаа бататгаж чадах нь уу. Хэдий хэмжээний ургац хураах төлөв харагдаж байна вэ?
-Өнгөрсөн жил 390 мянган га талбайд тариалалт хийж, 430 гаруй мянган тонн ургац хурааж авсан. Энэ жилийн хувьд тариалалт нэмэгдсэн. Үүнд, тосны ургамал, төмс гэх мэт. Ийм учраас үүнийгээ дагаад ургацын хэмжээ нэмэгдэнэ байх. Одоогоор орон нутгаар ургац тогтоолт, сортын хянан баталгаа хийж байгаа. Ирэх долоо хоногт дүн нь нэгтгэгдэнэ. Энэ дүнгээр аль бүс нутагт хэзээ ургац хураалтын ажил  эхлэх ерөнхий төлөв гарна. Үүний дараа зохион байгуулалтын ажилдаа орно доо.
-Буудайгаа гадаад зах зээлд экспортолно хэмээж байсан. Одоогоор ямар ажил хийж байна вэ?
-Алслагдсан аймаг сумын хилийн боомтыг нээх талаар холбогдох байгууллагуудтай ярилцаж байна. Урьдчилсан байдлаар хорио цээрийн нөхцөлийг нь тохироод байгаа.

Ж.Мягмар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан