Өнгөрсөн жилийн өдийд “Хятад орныг танин мэдэх”-Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд” зохиогдож, урлаг, соёл, спортын олон арга хэмжээ гээд хөтөлбөрийн хүрээ нэлээд өргөн, монголчуудад маань ч үзэж харах зүйл арвинтай сайхан арга хэмжээ болж өнгөрсөн билээ. Эдгээр өдрүүдэд “Ирэх жил Монгол, Хятад хоёр улсын найрамдалт, дипломат харилцаа үүсч хөгжсөний 70 жилийн ой болно. Ойн хүрээнд зохион байгуулах соёлын өдрүүдийн бэлтгэл ажлаа хангаад эхэлсэн” гэх үгийг тухайн үеийн БСШУС-ын сайдаас авахуулаад олон хүний амнаас сонсч байлаа. Тэр цагаас хойш энэ жил зохион байгуулагдах “Хятадын соёлын өдрүүд”-ийг хүлээсэн гэвэл дэгсдүүлсэн болохгүй.
Тэгвэл хүлээлтийн хүлээс өнөөдөр тайлагдаж БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх “Хятад орныг танин мэдэх” цуврал арга хэмжээний нээлт Монголын уран зургийн галерейд боллоо. Хятадууд болоод Өвөрмонголчуудын соёл, зан заншил, соёлын биет бус өвийн талаар бид “Одон” телевизээс л илүүтэй мэдээлэл авдаг байсан бол тэд “Соёлын өдрүүд”-ээрээ дамжуулан өөрсдөө ирж соёлоо сурталчилж буй нь энэ. Нэг үгээр хэлбэл монголчуудад маань нүдээр үзэж, өөрийн биеэр мэдрэх боломжийг олгодог чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж хэлж болно.
Энэ удаагийн “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээг Монгол Улсын БСШУСЯ, НЗДТГ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж байна.
Соёлын арга хэмжээний хүрээнд уран сайхны тоглолт, үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино солилцоо, Монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношлогоо, аялал жуулчлалын салбарын танилцуулга, спортын тэмцээн уралдаан зэрэг олон арга хэмжээ болох бөгөөд өнөөдрөөс эхлээд энэ сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ.
Эдгээр нь БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, уламжлалт найрсаг харилцааг ахиулах зорилготой юм. Нээлтийн арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дарга, дэд сайд Жян Жаньгуо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын газрын дарга Бай Юйган, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар болон хоёр орны хүндэт зочид төлөөлөгчид оролцсон юм.
Нээлтийн дараагаар хүндэт зочид төлөөлөгчид “БНХАУ-ын 70 жил”, “Манай найрамдал”, “Түмэн газрын цайны зам” гэрэл зургийн үзэсгэлэн, “Хятадын хатгамлын урлагийн бүтээлийн үзэсгэлэн”, “Монгол морины урлагийн бүтээлийн үзэсгэлэн” уран зургийн үзэсгэлэн гэсэн таван хэсгээс бүрдсэн нийт 150 гаруй үзмэрийг үзэж сонирхлоо. Үзэсгэлэнгүүдийн талаарх мэдээллийг тун удахгүй бид хүргэх болно.
А.АКЭРКЭ