Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ш.Батболд өнгөрсөн 14 хоногт хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав. Тэрбээр “Сүүлийн 14 хоногт гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 22 мянга 223 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1199 нэгж буюу 5.7 хувиар өссөн. Гэмт хэргийн шинжтэй 622 үйлдэл бүртгэгдсэн нь 19.4 хувиар өссөн байна. Харин гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 75 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарлаа. Үндэсний их баяр, амралтын өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй нийт 9863 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар буурсан үзүүлэлт. Мөн Хүй долоон худагт 32, Төв цэнгэлдэх хүрээлэн орчим 40, Сүхбаатарын талбайд 27, нийт 2-13 насны 99 хүүхэд төөрч ирснийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүлээлгэн өглөө" хэмээлээ.
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Өнгөрсөн 14 хоногт Тээврийн цагдаагийн албаны 2171 дуудлага мэдээлэл хүлээн авч 528 эд материалийн хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Ослуудын улмаас 117 хүн гэмтэж, 8 хүн нас барсан байна" гэв.
Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, стандартыг сайжруулах, хүнд суртлыг арилгах, ажлын хариуцлага, ёс зүйд анхаарч, иргэдэд үйлчлэх үйлчилгээг сайжруулах ажлын үр дүнг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулсан юм. Тэрбээр “Нийслэлийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах сарын ажлын хүрээнд дөрвөн чиглэлээр 31 ажил хэрэгжүүллээ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр “Жирэмсний хяналтын нэг цэгийн үйлчилгээний журам”-ыг боловсруулан дүүргүүдэд хэрэгжүүлсэн. “Иргэдийн санал хүсэлтийг сонсох өдөр”-ийг эрүүл мэндийн байгууллага бүр зохион байгуулж, тусламж, үйлчилгээг сайжруулахад тусган ажиллав. Мөн "Өнөөдөр Өрхийн эрүүл мэндийн төвд" хөтөлбөр хэрэгжүүллээ. Сонгогдсон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нарийн мэргэжлийн эмч нар 600 хүнд хийж, зөвлөгөө өгснөөс гадна өрхийн эмч нарт ажлын байрны сургалт хийсэн нь иргэдээс өндөр үнэлгээ авлаа. Түүнчлэн “Хамтдаа суралцъя” хөдөлгөөнийг харьяа эрүүл мэндийн байгууллагуудад өрнүүлэх ажлын хүрээнд найман дүүргийн Эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн эмч нарыг “Өсвөр үеийнхэнд үзүүлэх эмнэлгийн тусламж, сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх арга барилд сургах” дадлага сургалтад хамруулсан. Өрхийн эрүүл мэндийн төвийн В,С вирусийн эрт илрүүлгийн шинжилгээнд гадаад хяналтыг 122 өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд хийсэн. Эхний хагас жилийн байдлаар 58 260 хүн илрүүлэг шинжилгээнд, 21 548 хүн вирусийн идэвхжил тоолох шинжилгээнд ороод байна” гэв. Мөн нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу эрүүл мэндийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд үр дүнтэй байгаа цаашид үргэлжлүүлнэ" гэлээ.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга барих болон урсгал засвар, өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудыг төлөвлөгөөт хугацаанаас өмнө дуусгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, орчны аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллах, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдэгүүдийг байрлуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгуулагуудын орчны тохижилт, иргэдийн аюулгүй, саадгүй үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлэг орчмын явган хүний зам, авто машины орц гарц, зогсоолын хүрэлцээг нэмж, үр дүнг нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахын үүрэгдсэн юм. Түүнчлэн үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг даалгасан юм.