Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн төрийн өмчийн 3 ээлжээр хичээллэж буй сургуулиудыг 2 ээлжид шилжүүлэх, төрийн өмчийн цэцэрлэггүй хороодыг цэцэрлэгтэй болгох зорилт тусгаж хэрэгжүүлэхээр батлагдсан.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 81 дүгээр тогтоолоор “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр батлагдсан. Дээрх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэлд 2020 он гэхэд 50 сургууль, 60 цэцэрлэг барихаар төлөвлөсөн.
2016-2019 оны эхний хагас жилийн байдлаар нийт 17 сургуулийн барилга, өргөтгөл ашиглалтанд орж суудлын тоо 11 000-аар, 48 цэцэрлэг барилга ашиглалтанд орж хүчин чадал 7465-аар нэмэгдээд байна. Харин 2019 оны сүүлийн хагас жилд нэмж 30 сургуулийн барилга өргөтгөлийг ашиглалтанд оруулан суудлын тоог 15 500-аар, 73 цэцэрлэг ашиглалтанд орж хүчин чадлыг 12 255-аар нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
2020 онд 24 сургуулийн барилга, өргөтгөл ашиглалтанд орууулан суудлын тоог 17 140-өөр, 18 цэцэрлэгийг ашиглалтанд оруулан хүчин чадлыг 3460-аар нэмэгдүүлэх юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэл хотод 2018-2019 онд он дамжин хэрэгжиж буй 46 цэцэрлэгийн барилга угсралтын ажлын явц 47 хувьтай, 32 сургуулийн барилгын явц 44 хувьтай явагдаж байна. Монгол Улсын 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэл хотод 30 цэцэрлэг, 8 сургууль, 1 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 насан туршийн боловсролын төв, 4 спорт заал, нийт 44 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барих хөрөнгө батлагдсан.
Нийслэл хотод эрх шилжин ирсэн сургууль, цэцэрлэгийн 14 тендэр зарлагдсан, 4 газрын нөхөн олговрын зардалгүй, 8 газрын асуудал шийдвэрлэгдэж байгаа, 2 сургуулийн зураг төслийн батлагдаж байгаа, 1 сургууль батлагдсан зураг төсөлгүй хөрөнгө оруулалтын ажлын явц явагдаж байна.
Монгол Улсын 2019 оны төсөвт батлагдаж, БСШУСЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар худалдан авах ажиллагааны эрх шилжсэн 13 сургууль, цэцэрлэгийн 8 тендер зарлагдсан, 1 газрын асуудал шийдвэрлэгдэж байгаа, 1 цэцэрлэг худалдан авахаар батлагдсан, 3 цэцэрлэгийн зураг төсөл батлагдаж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц явагдаж байна гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээлэв.