МоАХ-ны Удирдах зөвлөлийнхөн өнөөдөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Я.Санжмятав, Б.Наранхүү, Д.Мурат нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ албан ёсоор татгалзахыг уриалж, хэвлэлийн хурал хийв. Энэ үеэр МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Болдбаатартай ярилцлаа.
-Хоёр хоногийн өмнө цахим ертөнцөөр тархсан уриалгаа өнөөдөр хэвлэлийнхэнд албан ёсоор танилцуулж, мэдээлэл өглөө. Уриалга гаргах болсон шалтгаан нь чухам юу байв?
-2016 оны УИХ-ын сонгууль анхнаасаа мордохын хазгай гэдэг шиг 60 тэрбумаар УИХ-ын гишүүдийг бий болгосон шүү дээ. Энэ нь ард түмний сонголт биш байсан. 2016 онд сонгогдсон парламент эрхзүйн чадамжгүй байна гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн ч хүчээр цааш явсаар Засгийн газраа байгуулан тэргүүнээр нь Ж.Эрдэнэбат ажилласан. Гэвч улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газарт халдах, концессыг замбараагүй тараах, ард иргэдэд очих ёстой ЖДҮ-ийн зээлийг бүгдээрээ авсан. Ерөнхийдөө 30 гэр бүлийг дэмжсэн Засгийн газар байсан учраас унасан.
Дараагаар нь У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирсэн. 60 тэрбумыг илчлээд өгсөн. МАНАН мафийн толгойлогч УИХ-ын дарга болсон байна гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар М.Энхболдыг суудлаас нь буулгасан. Харамсалтай нь, Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байгаа ч байдал өөрчлөгдөхгүй байна. Анхнаасаа л мордохын хазгай гэдэг шиг зүйл болсон учраас үүргээ гүйцэтгэж чадахгүй байна.
Ардын намын дотоод хэрүүлээс улбаалаад Ардчилсан нам бүлэггүй болсон. Бүлгийн дарга Д.Эрдэнэбатын буруу бодлогоос болоод Ардчилсан нам бүлэггүй болсноос гадна улс төрийн үйл ажиллагаа явуулах, сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэх чадамжаа алдсан шүү дээ.
Үүнээс нь болоод нийгэмд Ардчилсан нам ямар нэгэн чадамжгүй, зөвлөл гэсэн хууль бус статус баримталсан хэсэг бүлэг хүмүүсийн бөөгнөрөл болоод хувирчихаад байна.
-Саяхан АН-ын зөвлөл УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээр бүл нэмэх шиг болсон?
-МАХН-ын дарга болох гэж зүтгэж явсан, бүх зүйлд буруу, зөвгүй дуугардаг О.Баасанхүү гишүүнтэй С.Эрдэнэ өөрөө байнга хэрэлдэж, зөрчилддөг байсныг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Энэ үйлдлийг нь аргаа барсандаа дахин бүлэг байгуулах гэж байгаа юм уу, эсвэл МАХН-тай хамтарсан бүлгийг бий болгох гэж байгаа юм уу ер ойлгохгүй байгаа. Үүнийг нь Ардчилсан намын жирийн гишүүд, дэмжигчид, сонгогчид чадамжаа алдсан, бүлэггүй болсныхоо хариуд хүнд цохилт амсжээ гэж харж байна.
Дээрээс нь Ардчилсан намын удирдлагын толгой ялзарчээ гэцгээж байна. Бодлого, шийдвэр, гаргаж байгаа дүрэм журмаа дур мэдэн өөрчилдөг болсон байна.
-Хэдхэн хоногийн өмнө өөрийг нь дэмжээгүй гэдэг нэрийдлээр зарим нөхдөө намаас нь хөөсөн гэх мэдээлэл цацагдсан. Буруу шийвэр гэж үүнийг хэлээд байна уу, та?
-С.Эрдэнийн бурууг хэлсэн, эсрэг лайк дарсан Сонгинохайрхан дүүргийн 40 гаруй гишүүнийг намаас хөөсөн гэх мэдээлэл фэйсбүүкт явж байна билээ. Мөн Сэлэнгэ аймгийн намын идэвхтэй гишүүдийг хөөсөн байна. Энэ мэтээр УИХ-д сонгож гаргасныхаа төлөө намын гишүүд нь дээрхийн адил улс төрийн хэлмэгдэл амсч болохгүй шүү дээ.
Тийм учраас энэ УИХ-д байгаа бүлэг болж чадахгүй, зөвлөл гэх хууль бус статустай гишүүдийг УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзаачээ гэж уриалж буй юм. Энэ уриалгыг хэдхэн хүн сууж байгаад гаргаагүй. Ардчилсан намыг бий болгосон МоАХ-ны нийт гишүүд, дэмжигчид, Удирдах зөвлөлийн гишүүд хамтарч гаргасан.
Ер нь бол тэд жирийн гишүүдийнхээ адилаар тэмцлээ эхлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэдний нэр хүнд, дуу хоолой төрийн ордонд байхгүй болсон байна. Ийм нөхцөл байдал нэгэнт бий болсон учраас буруу шийдвэр гаргасан нөхөд нь хариуцлагаа хүлээх хэрэгтэй биз дээ. Ямар дархлаад хаячихсан байгаа биш. Өөрсдөө УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзаад, шалгуулдаг газар нь шалгуулаад нэрээ цэвэрлэж авцгаа гэж байгаа юм.
-Уриалга нэр нь дурдагдсан УИХ-ын гишүүдийн гар дээр очсон уу. Тэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Сая 21 аймаг, есөн дүүргээс ирсэн Удирдах зөвлөлийн гишүүд уриалгаа танилцуулж, мэдэгдлээ хийлээ. Бидний төлөөлөл Төрийн ордон руу уриалгаа хүргэхээр явсан. Ямар байдалтайгаар хүлээж авахыг нь бид тааварлашгүй. Гэхдээ бид урд урдны тэмцэл шиг хугацаа заагаагүй. Хуулинд ч ийм зүйл байхгүй юм билээ. Тэгэхээр дараагийн удаад хүнд тэмцэлд орно гэж сүржигнэхгүй. Ямар ч гэсэн эхлээд уриалгаа гаргаад, сануулгаа хүргүүлье гэсэн хэрэг. Гэхдээ бид шийдвэрээ гаргаад дараа дараачийн үйл ажиллагаануудаа явуулна. Зогсолтгүй явуулах болно.
-Ардчилсан нам дотроо хагаралтай байх шиг байна. Дээрээс нь жижиг намууд, ТББ-ууд тэднийг эсэргүүцэж байгаа энэ цаг үетэй зэрэгцээд та нар уриалга гаргалаа. Зарим хүн улс төрийн захиалгатай үйл ажиллагаа гэж харж байх шиг байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-2000 онд Ардчилсан нам ардчиллыг дэмждэг таван намаас бүрдэж байлаа. Үүнээс хойш Алтангадас, МоАХ, Шонхор фракц, Нэг ардчилал гээд дотроо олон фракц, бүлэглэл болж явж ирсэн. Харин яг өнөөдрийн Ардчилсан нам дотор, толгойд нь Монголын үндэсний дэвшлийн нам буюу Д.Эрдэнэбат, банкны эздүүд байна л даа. Жишээлбэл, жижиг Тавантолгой ордыг эзэмшдэг Ажнай Бат-Эрдэнэ байна. Өөрөөр хэлбэл, үндсэн хуулинд заагдаагүй дүрмийн дагуу тоглолт хийж баяжсан нөхдүүд явж байна. Үндсэндээ МАНАН мафийн гол гишүүд бий. Тэд Эрдэнэтийн 49, 51 хувь дээр тоглолт хийлээ, Хөтлийн цемент, шохойн үлйдвэрийг менежментийн хувьчлал гээд авчихлаа, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр гээд ер нь өнгөтэй өөдтэй болгоныг авсан. Үнэн бодит мэдээллийг шүүхээр тогтооно гэдэг учраас дээрх мэдээллүүдийг худлаа гэж байгаа л юм бол УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хэрэгтэй. Тэгээд нэрээ цэвэрлэж ав гэдэг боломжийг бид олгож буй юм.
Харин энэ мэдээлэл үнэн бол хариуцлагаа хүлээ. Уриалга маань тэмцлийн нэг хэлбэр. Манай нийгэм бужигнаад дууслаа. Гурван сая гаруй хүн ам маань лам, нам гээд бүхий л зүйл дээр хэдэн хэсэг болоод талцаж байна.
Энэ үймээн самуун иргэний дайны хэмжээнд хүрвэл хариуцлагыг нь хэн хүлээх юм бэ. Тиймээс худал мэдээлэл гэж үгүйсгэж л байгаа юм бол бүрэн эрхээсээ татгалзаад, нэрээ цэвэрлэж аваад 2020 оны сонгууль руугаа бусад гишүүдтэйгээ нэгэн зэрэг орох хэрэгтэй байна.
Мөн буруу, алдаатай шийдвэр гаргасан удирдлагуудаасаа ч мөн татгалзах ёстой гэсэн байр суурьтай байгаа, бид.
-Сүүлийн үед хүмүүсийн бухимдлыг төрүүлэх болсон нэг үйл явдал нь Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой. Энэ талаарх таны байр суурь?
-УИХ-ын гишүүд бүгдээрээ санал нэгтэй буй нь эс мэдэгдээд байгаа энэ үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд байна. Санал асуулга явуулсан гэх. Гэвч хэнээс санал асуулга авсан юм бэ гэхээр МАН-ын гишүүнчлэлтэй, төрийн алба хашсан, одоо хашиж буй хүмүүсийг хүчээр дуудаж авчраад авсныгаа хэлээд байх шиг. Ингэж болохгүй шүү дээ. “Үндсэн хуульд өөрчлөлт оруулна”, “Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлана” л гэнэ. Үнэхээр ийм зүйл явж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвлөлдөх ёстой. Монгол Улсад бүх ард түмнээс сонгогдсон ганц л хүн бий. Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Энэ статусыг байхгүй болгоно, зургаан жилийн хугацаатай болгоно гэж яриад л байна. Ийм боломж байхгүй. Хэрэв ийм зүйл ярьж, өөрчлөх гэж байгаа бол бүх нийтийн дунд санал асуулга явуулах ёстой. Монголын топ хуульчид, эх орныхоо төлөө санаа тавьж байсан үе үеийн хүмүүс, 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан хүмүүсээс саналыг нь авах хэрэгтэй. Дээрээс нь бусад улс орны хамгийн шилдэг жишгийг авч Үндсэн хуульдаа хэрэглэх хэрэгтэй. Дордохын долоогийн өөрчлөлт шиг юм хийвэл улс орон бүр дампуурна. Тийм учраас дээрх хариуцлагагүй үйлдлээсээ МАН-ын санаачилга гаргаж буй нөхдүүд татгалзах ёстой. Үүний эсрэг МоАХ тэмцэх болно.