Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр /2019-06-04/ Техник технологийн политехник коллежийн үйл ажиллагаа, тус сургуульд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр дүнтэй танилцлаа.
Техник технологийн политехник коллеж мэргэжлийн боловсрол сургалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн томоохон сургуулийн нэг бөгөөд барилга, аж үйлдвэр, тээвэр, уул уурхайн салбарын нийт 16 мэргэжлээр шаталсан сургалтаар техникийн болон мэргэжлийн боловсрол олгож байгаа юм. Тус сургуульд ХНХЯ, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, Щвейцарийн Холбооны улс, Австралийн Засгийн газрын санхүүжилттэй мэргэжлийн боловсрол, сургалт болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг дэмжих “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл 2013 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх гурав дахь шатных нь амжилттай хэрэгжиж сургалтын орчин, техник тоног төхөөрөмжийг сайжруулах, удирдлагыг чадавхижуулах, чадамжид суурилсан сургалтын тогтолцооны үндэс суурийг тавих, багш нарын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх зэрэгт томоохон дэмжлэг үзүүлж тодорхой ажлууд хийгдэж ирснийг тус сургуулийн удирдлага сайдад танилцуулж байлаа.
С.Чинзориг сайд мэргэжлийн боловсролын талаар төрөөс баримталж байгаа бодлого, ялангуяа багш нарыг чадвахижуулах , багшийн хөгжлийг хангах, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлуудад анхаарч буйг онцлоод төрийн бодлогод сургуулиудыг төрийн, хувийн гэж ялгахгүйгээр аль болох тэгш боломжоор ханган, хамруулан ажиллахыг хичээж байгааг хэллээ.Тэрбээр мөн Засгийн газраас төрийн мэдлийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг бэхжүүлэхэд түлхүү анхаарч байгаагийн учир нь төрийн сургуулиуд хүний нөөц, материаллаг бааз, сургалтын орчин, багш нарын нийгмийн хамгаалал, багшийн хөгжлийн асуудал дээр хувийнхнаас ихээхэн хоцрогдолтой байгааг дурдсан юм.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй бодлогын хүрээнд 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт жилд 20 мянгаас доошгүй залуусыг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад сурган мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжилтэй болох сонирхлыг нь төрүүлэх үүднээс сар бүр тэтгэлэг олгох зэрэг ажлыг эхлээд байгаа талаар С.Чинзориг сайд “Энэхүү тэтгэлэг нь өндөр ур чадвартай үндэсний мэргэжилтэй ажилтанг бэлтгэх мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт чиглэсэн олон арга хэмжээ авч байгаагийн нэг хэсэг нь бөгөөд залуучуудыг өөрөө өөртөө ур чадвар бий болгох, мэргэжил эзэмшихэд нь томоохон түлхэц болж зах зээлд эрэлттэй байгаа нарийн мэргэжлийн боловсон хүчний тоог нэмэгдүүлэхэд хөшүүрэг болгох зорилготой алхам юм. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мэргэжлийн боловсрол сургалтын салбарт суралцагчдад сурч буй сургуулийн өмчийн хэлбэрээс хамаарахгүйгээр үндэсний тэтгэлэг 100 мянган төгрөгийг сар бүр олгохдоо ганцхан шалгуур тавьж байгаа. Тухайн суралцагч сард судлах хичээлийнхээ 75-аас дээш хувьд суусан тохиолдолд тэтэгэлэгт хамрагдаж байгаа бөгөөд ирцтэй холбоотой л биш бол тэтгэлэг авч чадаагүй хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгоно” хэмээсэн юм.
Сайд тус сургуулийн автомашины механик, мужаан, цахилгаан, сантехник болон заслын мэргэжлийн дадлагын газруудаар орж, Барилга замын лаборатори, Мужааны чадамжийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Техник технологийн политехник коллеж нь Монгол Улсад анх удаа “Барилга угсралтын мужааны техникч” техникийн боловсролын хөтөлбөрийг шинээр эхлүүлж төслийн хугацаанд 33 суралцагч уг мэргэжлээр төгссөн. Төгсөгчдийн ажил эрхлэлт 81 хувьтай байгаа нь сургалтын хөтөлбөрийг ажил олгогч түншлэгч байгууллагатай хамтран боловсруулж, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 284 сая төгрөгийн тоног төхөөрөмж, 80 нэр төрлийн 3178 сургалтын материалаар бүрэн хангаж, 26 багшийг ХБНГУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсны үр дүн гэж дүгнэж болох аж. Мөн төслийн хүрээнд “Барилга угсралтын мужааны мэргэжлийн зөвлөл”, барилгын мужааны мэргэжлээр Чадамжийн төвийг байгуулсан улсын хэмжээнд анхдагч болж чадсан байна. Тус сургууль байгуулсан “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төв” ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээг ганцаарчлан болон бүлгийн сургалтаар үзүүлж буй нь үр дүнтэй ажлын нэг болж байгааг сургуулийн удирдлага сайдад танилцуулсан. Тус сургууль үндэсний төдийгүй олон улсын хэмжээнд хөндлөнгийн чанарын баталгаажуулалтыг хийлгэж магадлан итгэмжлэгдсэн. 2019 онд Ази, Номхон далайн бүсийн орнуудын Магадлан итгэмжлэл батламжлалын комиссоос магадлан итгэмжлэгдсэн батламжаа хүлээж аваад байгаа гэнэ.
Техник технологийн политехник коллежийн суралцагчид ХНХЯ-наас санаачлан зохион байгуулдаг “Монгол ур чадвар” мэргэжлийн ур чадварын уралдаанд тогтмол амжилттай оролцдог төдийгүй Дэлхийн мэргэжилтэй ажилчдын олимп хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөн хоёр удаа өрсөлдөж 2015 онд Бразилийн Сан Паолу хотноо болсон тэмцээнд мужааны мэргэжлээр оролцсон Д.Нармандах “Үндэсний шилдэг”-ээр шалгарч, 2017 онд Абу Дабигийн тэмцээнээс гагнуурын төрлөөр Ж.Жанлав-Ойдов тусгай байрт шалгарсан амжилт үзүүлээд буй юм. Ирэх аравдугаар сард ОХУ-ын Казань хотноо болох “Дэлхийн ур чадвар 2019” тэмцээнд оролцох Монголын багт тус сургуулийн суралцагч мужааны мэргэжлээр оролцохоор шалгарч бэлтгэлээ хангаж байгаа юм.