Махны үнэ буухгүй нь гэсэн “шум”-ыг албаны хүмүүс өгч байна. Уг нь, хичээлийн шинэ жил дөхөхтэй зэрэгцэн махны үнэ буудаг жишиг тогтсон байсан бол энэ жилийн хувьд эсрэгээрээ байх шиг. Тэр ч байтугай албаныхны хэлдэгчлэн нөөцийн мах худалдаанд гараад ч кг махны үнийг хязгаарлаж чадсангүй. Энэ сарын байдлаар хонины ястай кг мах дунджаар 7263 төгрөг, үхрийн ястай мах нь дунджаар 8050 төгрөгийн үнэтэй байна. Харин үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 87, үхрийн цул махны үнэ 175 төгрөгөөр өсчээ. Хонины махны хувьд өмнөх долоо хоногтой харьцуулахад 13, хонины цул махны үнэ 50 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. “Хүчит Шонхор” хүнсний захад үхрийн кг мах 7300 төгрөг байгаа бол хонины мах кг нь 6800 төгрөгөөр худалдаалж байна.