Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр Оросын Холбооны улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын орлогч сайд Д.А.Солодовниковыг хүлээн авч уулзлаа. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит ХХII хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр болно. Тус хурлыг угтан өмнөх хурлаар хэлэлцсэн асуудлын үр дүн, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Монгол-Оросын Боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны дэд комиссын хуралдаан тогтмол зохион байгуулагдаж байгаа нь хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах хөдөлгөх хүч болж байгааг хоёр тал онцоллоо. Дэд сайд Г.Ганбаяр, 2018 онд зохион байгуулагдсан Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хамтран хэрэгжүүлэхээр тохирсон 6 арга хэмжээ, дэд комиссын хуралдаанаар тохирсон 8 арга хэмжээг бид бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Яамд хоорондын 2018-2020 онуудад боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөр байгуулах, тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр ажиллах 10 оюутныг сонгон Эрхүүгийн Байгалийн их сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцуулах, Монгол Улсын их сургуулийн дэргэд Оросын их, дээд сургуулиудад суралцах бэлтгэл курс - Ломоносов төвийг байгуулах зэрэг ажлыг Монголын талаас санаачлан хэрэгжүүлсэн гэлээ.
Хамтын ажиллагааны цар хүрээг цаашид өргөжүүлэх олон ажил арга хэмжээ төлөвлөөд байна. зорилгоор цаашид дараах ажил арга хэмжээг төлөвлөөд байна. Тухайлбал, Монголын тал ОХУ-ын Засгийн газрын квотоор 2020-2021 хичээлийн жилд суралцуулах мэргэжлийн жагсаалтыг гарган Оросын талд хүргүүлэх, Нөөцийн төвтэй хамтран богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг МУ-ын Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд зохион байгуулах, Новосибирскийн улсын техникийн их сургуулийн Сэргээн засал, нийгмийн халамжийн технологийн хүрээлэн болон Эрхүүгийн бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өсвөр насны хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх сэргээн засах төвд Монгол Улсын тусгай хэрэгцээт сургуулийн багш, эмч нарт зориулсан богино хугацааны дадлага, сургалтыг зохион байгуулах;багш солилцох, ЗХУ болон ОХУ-ын их, дээд сургууль төгсөгчдийн бага хурлыг 2020 онд Улаанбаатар хотод зохион байгуулах, 2019 оны 9 дүгээр сард Монгол-Оросын эрдэм шинжилгээний бага хурлыг Эрхүү хотод зохион байгуулах юм.
Уулзалтын төгсгөлд 2019-2024 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хамтарсан иж бүрэн экспедиц зохион байгуулах тухай яам хоорондын хэлэлцээр байгууллаа.