Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл 2019 оны анхдугаар хурлаа өнөөдөр хийлээ. Хурлыг тус зөвлөлийн дарга Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг даргалж, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашдын зорилт, Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагааны тайлан, Үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, 2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцууллаа. Мөн 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн захиалгат төслийн саналыг хэлэлцэн баталлаа.
Өнөөдрийн байдлаар Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Шинжлэх ухааны Паркийн тухай хууль боловсруулагдаж байна. Засгийн газраас Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого, судалгаанд сурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Шинжлэх ухаан технологи, инновацийн хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж байна. Үндэсний хөтөлбөрүүдтэй холбогдох дүрэм журмуудыг засгийн газраар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Цаашид салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалт санхүүжилтийг нэмэгдүүлэх зөв хөшүүргийг бий болгох, эрдэм шинжилгээний байгууллагын бүтцийг оновчтой болгож, менежментийг сайжруулах чиглэлээр онцгой анхаарах шаардлага тулгамдаж байна. Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл салбар зөвлөл, аймаг нийслэл, яамдууд дээр хэлэлцэгдэж байна.
Салбарын хэмжээнд 489 төсөл хэрэгжиж байна. Үүнийг судалгаа хөгжүүлэлтийн ажлын төрлөөр авч үзвэл докторын дараах инновацийн тэтгэлэг 20, залуу судлаачдын дараах 14, инновацийн төсөл 80, суурь судалгааны төсөл 187, хамтарсан төсөл 65, цөм төсөл 6, захиалгат төсөл 199, шинжлэх ухааны грант 22 байгаа юм.
2020 оноос эхлэн хэрэгжүүлэх захиалгат төслөөр шийдвэрлүүлэх 134 асуудал 13 байгууллагаас ирүүлээд байна. Үүнээс зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан гэж үзсэн 58 асуудлыг тус хуралдаанаар хэлэлцлээ.
Хуралдаанаар Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагааны 2018 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан судалгааны үр ашгийг дээшлүүлэх, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авч ажиллах, 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн захиалгат төслөөр шийдвэрлүүлэх асуудлуудын сэвдийг эцэслэн боловсруулж, нийтэд мэдээлэх, сонгон шалгаруулалт зохион байгуулах, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн 2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулалтаар ханган ажиллах, гүйцэтгэлийг Зөвлөлд цаг хугацаанд нь тайлагнахыг Зөвлөлийн дарга, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.