Шинэхэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улаанбаатар хотын замыг засварлахад нэн даруй шаардлагатай байгаа 100 гаруй тэрбум төгрөгийг хоёр өдрийн дотор шийдэхийг үүрэгдсэн байна. Нийслэлчүүдийн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа замын асуудалыг ийнхүү хоёр өдрийн дотор шийдэгдвэл үнэхээр баярлууштай зүйл болох биз.
Өнгөрсөн жилийн автомашины тооллогоор 260 мянган тээврийн хэрэгсэл тоологдсон. Түүний 150 гаруй мянга нь нийслэлд байна гэсэн дүн байдаг. Тэгэхээр жил бүр авдаг автомашины татвар багадаа нэг машинд 30 мянган төгрөг байдаг гээд тооцвол 4 тэрбум 500 сая төгрөг автозамын санд төвлөрүүлдэг ч энэ нь аманд ч үгүй хамарт ч үгүй гээч л болдог аж. Энэ жилийн хувьд автозамын засварт 70 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Гэвч энэ зуны бороо жинхэнэ чанар шалгагч болж, нийслэлийн автозамыг тэр чигт нь нүхлээд өгөв. Энд тэнд зам хааж засч байна гэдэг ч жинхэнэ засах ёстой газраа засахгүй байна гэх хэл ам ч дагуулж байгаа билээ. Жолооч нар автозамын татвар улсад төлөх байтугай улсаас амортизатор авах мөнгө нэхэмжлэх тухай ч ярьж байна. Арга ч үгүй биз. 150 мянган тээврийн хэрэгслээс хэд нь банкны лизингээр авч, өр төлж байгаа машин бэ гэсэн тоог гаргавал багагүй л дүн гарна. Тэгэхээр хоёр гурван жил өмсөх хувцас, идэх хоолоо хасан байж өрөөр авсан машинаа ганц зуны бороонд эвдчихээр Жамц баяны хэлдэгчлэн “хорин сайхан шарыг минь хоёр хулгана идчихлээ гэж үү” гээч л болоод байна.
Тэгэхээр хотын шинэ дарга Э.Бат-Үүл, Засгийн газрын шинэ тэргүүн Н.Алтанхуяг нараас хамгийн түрүүнд хүсэх зүйл бол замаа засаад өгөөч ээ гэх хүсэлт биз.
Мэдэрч чадсанд талархмаар ч Улсын төсөвт замын засвар гээд бэлэн гаргаад өгөх мөнгө нь бий болов уу...