-Ерөнхий сайдаас “би дэмжиж байна” гэсэн хариу ирсэн-
Монголын багш нарын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Сарантуултай ярилцлаа. Тэрээр саяхан Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан Монголын багш нарын VII их хурлыг зохион байгуулах саналыг анх тавьж байжээ.
-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юү?
-Би нийслэлийн Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуульд технологийн багшаар ажилладаг. Анх 1985 онд тухайн үед 9 дүгээр ангиас багшийн сонгон гэж багшийн мэргэжилд сонирхолтой хүүхдийг сонгож дугуйлан хичээллүүлдэг байсан. Багшийн сонгоны ангид суралцаж байгаад 10 дугаар ангиа төгсөөд хөдөө орон нутагт багш дутагдалтай байсан болохоор Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйд бага ангийн багшаар 16 настайдаа томилогдож очиж байлаа. Шинэ байгуулагдсан сангийн аж ахуй болохоор монгол гэрт хичээл зааж ажлын гараагаа эхэлсэн. Одоо 34 дэх жилдээ багшилж байна.
-Их залуухан багш байжээ. Яагаад багш болохоор шийдсэн юм бэ. Энэ мэргэжлийн сайхан нь юу вэ?
-Багш мэргэжил их гэгээн, нарийн мэдрэмж, нэлээд ур чадвар, эв дүй шаардана, хуулийн насанд хүрээгүй иргэдтэй харьцдаг тул хэн дуртай хүн хийх ажил биш гэж боддог. Хүүхэд бүрийн ард эцэг эх, асран хамгаалагч, гэр бүл байдаг ч мэдлэг төлөвшил олгодог гол хүн нь багш. Их ухаан хариуцлага шаардсан мэргэжил л дээ.
-Бид боловсролын салбартаа шинэчлэлт хийгээд л байсан. Гэтэл энэ шинэчлэлийг дагаад багш нарт олон асуудал тулгарч байжээ гэдэг нь саяхан болсон Багш нарын VII их хурлаар их тод харагдлаа. Энэ тухайд?
-Нийгэм хөгжихийн хэрээр аль ч салбарт хурдтай өөрчлөлт дэвшил, шинэчлэл хийх шаардлага гарах нь мэдээж. Үүнийгээ бид зөв тодорхойлж, зөв эхлүүлж, зөв хэрэгжүүлэх хэрэгтэй л дээ. Боловсролын салбарт гарсан өөрчлөлтийг дагаад боловсролын байгууллага гэхэд төрийн болон төрийн бус гэж ангилагдах болсон. Миний бодлоор гадаадын сургалтын хөтөлбөрийг хуулбарлахдаа монгол сэтгэхүй, өөрийн орны онцлогт тохируулах олон төслийг туршиж үзсэн ч дүгнэлтгүй орхисон нь алдаа болсон гэж үздэг. Төрөөс боловсролын талаар барих бодлого алдагдсанаас багшийн нэр хүнд, үнэлэмж нийгэмд үнэгүйдэж эхэлсэн гэж боддог. Багшийн цалин хангамж бага учир багшийн мэргэжлийг сонгон суралцах нь багассан. Багшийн үндсэн цалинг бодитоор тогтоогоогүй, үнэлгээгүй ажил хийлгэх, анги дүүргэлт, ачаалал зэрэг багш болон сурагчдын өмнө тулгамдсан олон асуудал байна. Манай сургууль гэхэд 9 жил гурван ээлжтэй хичээллэж байна. 1-5 ангийн хүүхдүүд өглөөний 8 цагаас оройн 20.40 хүртэл хичээллэдэг. Зөвхөн багш нарын өмнө биш боловсролын салбарт тулгамдсан асуудал их байна. Тийм ч учраас багш нар их хурлаараа зөвхөн өөрсдийнхөө төлөө биш хүүхэд эцэг эхийн эрх ашгийн төлөө ч үгээ хэлсэн. Боловсролын салбараа хэрхэн өөд татах вэ, багш нарын нэр хүндийг хэрхэн өсгөх вэ, хэрхэн хариуцлагатай ёс зүйтэй байх вэ, хууль эрх зүйн орчинд ямар алдаа хийдэл байна вэ, багшийн хөгжил, нийгмийн баталгаа гээд олон талаас нь бид санал бодлоо хэлж, Төр засаг багш нарынхаа үгийг сонсож, тогтоол шийдвэр гаргалаа. Цаашид ч бидний саналыг бодлогодоо тусгаад явна гэдэгт итгэлтэй байна.
-Та багш нарын холбоог тэргүүлдэг хүний хувьд ч юм уу, багш гэхээсээ илүүтэй тэмцэгч гэж санагдаад байдаг.
-Би сургуулийнхаа үйлдвэрчний хорооны дарга хийдэг. Цалин хөлс нэмүүлэх жагсаал цуглаан, суулт, ажил хаялтад оролцож байлаа. 2017 оны 8 сарын 10 ны өдөр хот, хөдөөгийн 50 гаруй багш цугларч багш нар ажлаа хийсээр ядуурч байна, багшийн нэр хүнд унасан, хүүхэд хохирч байгаа талаар олон асуудлыг төр засагт хүргэх шаардлагатайг зөвлөлдөөд, Багшийн Цалинг Нэмүүлэх Түр Хороог байгуулсан. Гэсэн ч багшийн асуудлыг цогцоор шийдүүлж чадалгүй өдийг хүрлээ. -Багш нарын VII их хурлыг хийх санал анх танаас гарсан гэх юм. Хэрэв тийм бол та чинь багш нарын хувьд “Баатар” болчоод байна шүү дээ? -Би Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд мессеж бичсэн юм. Тухайн үед УИХ-ын гишүүдэд хүртэл мессеж бичиж, багш нарынхаа асуудлыг тавьж байлаа. Ихэвчлэн “таныг сонслоо, баярлалаа” гэсэн хариу ирдэг байсан. 2019 оны 01 сарын 20 өдөр Ерөнхий сайдад багш нарын их хурлыг Ерөнхий сайдын ивээл дор хийх талаар та нэг бодож үзээч гэж бичсэн. Хариу ирнэ гэж бодоогүй л дээ. Тэгсэн маргааш нь надад “Би дэмжиж байна миний зөвлөхтэй уулз, сайн ярилцъя” гээд зөвлөхийн утасны дугаар үлдээсэн хариу ирсэн. Ингээд баяртай хариуг багшийн төлөө хамтарч ажилладаг БЗД-ийн 84-р сургуулийн гадаад хэлний багш Б.Цэрэндолгороос эхлээд багш нартаа дуулгасан. Ерөнхий сайдын зөвлөх Хүрэлбаатартай уулзаад багшийн асуудлаа хэлэхэд Биднийг ерөнхий сайдтай холбож, зөв зүйтэйгээр ойлгуулж өгсөн. Зөвлөхөд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ерөнхий сайдын гэр бүлийн хүн нь багш мэргэжилтэй болохоор ч тэр үү биднийг ойлгож, сонссон. Их энгийн шийдэмгий хүн юм билээ. Үнэндээ би тийм гэж бодоогүй. Багш нарын VII их хурал амжилттай боллоо. Засгийн газар ээлжит бус хурлаа өдөрт нь хуралдуулж, тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж өгсөнд багш нар баяртай байна.
-Цаашид төрөөс багшийг дэмжиж, багш мэргэжлийн нэр хүндийг өсгөх тодорхой алхмуудыг хийнэ гэдэгт хэр итгэлтэй байна вэ?
-Маш их итгэлтэй байна. Монголын мянга мянган багш нарын төлөөлөл ирлээ. Намын шоу гэж ярих, харах хүмүүс ч байна. Сайны хажуугаар саарч байна. Сүүлийн жилүүдэд бүх зүйлийг харлуулах хандлага маш их болсон. Багш биднийг зөв бодлогоор дэмжээд өгвөл ирээдүйн иргэд гэрэлтэй гэгээтэй, багш бид мэргэжлийн ажлаа мэргэжлийн түвшинд хийх болно. Багш гудамжинд биш ширээний ард сууж боловсролын асуудлаа төртэйгээ зөвлөлдөж шийдвэр гаргах боломжийг Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх санаачилж багш нартаа хүндэтгэл үзүүлсэнд, 23 жилийн дараа VII их хурлыг дэмжиж хуралдуулсанд багш бид маш их талархаж байна. Ерөнхий сайд багш нарын асуудлыг биечлэн дэмжиж ажиллана гэдгээ амласан. Мөн надад итгэл үзүүлж багшийн төлөөлөл байж хамтарч ажиллахыг хүссэнд баяртай байгаа.