Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг цогцоор нь шийдвэрлэлээ

Бүтээн байгуулалтад 1800 гаруй цэргийн албан хаагч, 450 гаруй нэгж, техник хэрэгсэл оролцох юм. Тавдугаар сараас таван рот цэрэг 30, 30 км төмөр зам хариуцан барьж эхлэх бөгөөд цэргүүд дунджаар хоёр сая төгрөгийн цалин авна гэсэн тооцоо гарчээ.

Төмөр замын суурь бүтцийн зардал нь 780 гаруй тэрбум төгрөг бөгөөд цэргүүдийн цалин, дотоодын худалдан авалт зэргийг тооцон  зардлаа төгрөгөөр гаргажээ. Шаардагдах техник хэрэгслийг түрээслэж, эсвэл худалдаж авна. Нэг км төмөр замыг 1.2 сая ам.доллараар тавих бөгөөд энэ нь дотоод, гадаадын компанийн өгч байсан саналаас  гурав дахин бага гэсэн үг юм.  

Төмөр замтай болсноор Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг томоохон ордын бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах хоёр дахь гарцтай болно гэж үзлээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ-д тулгуурлан шаардлагатай санхүүжилт босгох зорилгоор нэг удаагийн, хүүгүй, урт хугацааны үнэт цаасыг 750 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнээр хаалттай хүрээнд худалдахаар төлөвлөсөн байна.

Дээрх чиглэлийн төмөр зам нь Тавантолгойн нүүрсний орд газраас Цагаансуваргын ордыг дайруулан Зүүнбаян өртөө хүртэл 414 км урттай. Уул уурхайн болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм. 

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Гүйцэтгэгчийг “Тавантолгой төмөр зам” компани удахгүй тодруулж, 2021 оны эхний улиралд төмөр замыг ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна. Гэхдээ цэгийн асуудлыг БНХАУ-ын талтай тохиролцож чадвал 2020 оны эхний улиралд ашиглалтад оруулах боломж ч байна.

Дээрх чиглэлийн нэг км төмөр замын өртөг 2.8 сая ам.доллар юм. Суурь бүтцийн 56.6 хувь баригдсан учир 49 хувьд нь дотоодын аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллага, эсвэл гадныхныг оролцуулахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг шинэчилж дөрвөн эгнээ болгох ажлыг энэ жил эхлэхээр боллоо. Эдгээр бүтээн байгуулалт хийгдсэнээр Тавантолгойн уурхайгаас жилд 60 сая тонн нүүрс экспортолно гэж тооцоолж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан