Орон сууцны эрэлт өсч буй энэ үед төрөөс иргэдээ орон сууцжуулахаар олон арга хэмжээ авч буй. Үүний нэг нь “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”. Гэвч эл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Орон сууцны зээлийн банк шаардлагатай хэмээн Сангийн яам үзжээ. Энэ талаар тус яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаяртай ярилцлаа.
- Төрийн гэсэн тодотголтой улсын банк байхад Орон сууцны зээлийн банк байх шаардлагатай юу гэдгийг эхлээд асуумаар байна. Бүтэц зохион байгуулалт нь тодорхой болсон уу?
-Зохион байгуулалтыг нь ярих эрт байна. Банк гэхээр л олон ажилтантай нүсэр байх албагүй гэж үзэж байгаа. Харин ч илүү мэдээллийн технологид суурилсан байна. Энэ банк аж ахуйн тооцооллоор өөрөө өөрийгөө аваад явчих бололцоотой байгууллага байх ёстой. Тэгэхээр тухайн үедээ харж байгаад банк санхүүгийн байгууллагын эрхээ авах юм.
-Жижиг зах зээлтэй, банкууд нь иргэдээс татсан хадгаламжаараа орон сууцны зээл олгож байхад дэмий биш гэж үү. Төр өөртөө ачаалал өгөх юм шиг санагдах юм?
-Орон сууцны зээлийн банк байгуулах шалтгаан нь улсын оролцоотойгоор хөнгөлөлттэй зээл иргэддээ олгоход чиглэж байгаа юм. Өнөөдөр Засгийн газар нь 8-9 хувийн хүүтэй зээл бий болгож бондоор эх үүсвэрээ татан дээр нь нэг юм уу, хоёр хувийн хүүтэй зардал нэмээд нийтдээ 10 хувийн хүүтэй болж буй зээлийг зургаан хувийн хүүтэй өгч байна шүү дээ. Тэгээд өөрөө дөрвөн хувийн хүүгийн алдагдал хүлээнэ.
Нөгөөтэйгүүр, орон сууцны зээлийн барьцаа нь урт хугацаанд өсч байх нөхцөлтэй, урт хугацаатай байдаг нь бусад зээлийн бүтээгдэхүүнийг бодвол эрсдэлтэй. Ийм болохоор л хүн бүр орон сууцны зээлд хамрагдаж чадахгүй байна. Тиймээс Орон сууцны зээлийн банк иргэдийн санаачилгад тулгуурлаж байгаа юм.
Тэгэхдээ иргэд зургаан хувийн хүүтэй зээл авахын тулд мөнгөө банкинд гурван хувийн хүүтэй хадгалуулах шаардлагатай. Хадгалуулсан тохиолдолд орон сууцны банк өөрөө нэг юм уу хоёр хувийн зардлаа нэмээд 5-6 хувийн хүүтэй зээл өгөх боломжтой болох юм. Тэрнээс хүн өөрийнхөө мөнгийг нэг банкинд 6-8 хувийн хүүтэй хадгалуулчихаад, орон сууцны зээлийн банкнаас зургаан хувийн хүүтэй зээл авна гэж болохгүй л дээ.
-Төрийн болон Орон сууцны зээлийн банк зээл олгоод эхлэхээр арилжааны банкуудын үйл ажиллагааг хумих юм биш үү?
-Банкуудын олгож буй орон сууцны зээл хаагдахгүй. Урьдчилгаа төлбөртэй, өөрийн орлоготой хүмүүст зээл олгодог моргейжийн тогтолцоогоороо л явна. Орон сууцны зээлийн банк зөвхөн бага орлоготой иргэдэд зориулсан эх үүсвэр бүрдүүлээд, түүнийгээ тодорхой хэмжээний хуримтлал бий болгосонд нь зээлээ олгон явах юм.
Ер нь, арилжааны банкууд орон сууцны зээлийг хоёрхон нөхцөлөөр олгож байгаа. Үүнд, нэгдүгээрт тэр хүн харьцангуй өндөр орлоготой, хоёрдугаарт, зээлийнхээ урьдчилгаа төлбөрөө төлөх эх үүсвэртай байхыг шаарддаг. Орон сууцны зээлийн банк энэ хоёр нөхцөлийг бүрдүүлж чадаагүй иргэдэд үйлчлэх учиртай. Моргейжийн зээлийг анх 2003 онд Азийн хөгжлийн банк төслийн хүрээнд арилжааны банкуудад хэрэгжүүлсэн. Түүнээс хойш банкуудын зээлийн нэг бүтээгдэхүүн болчихсон учраас Засгийн газар оролцох шаардлагагүй ч болсон. Банкууд ч олгоод сурчихсан шүү дээ.
-Бид хэтэрхий гадаадад тийм байдаг гэж туйлшираад байх шиг. Манай банк санхүүгийн зах зээл өөр шүү дээ?
-Орон сууцны асуудлаа энэ маягаар шийдсэн олон орны туршлага бий л дээ. Турк, Солонгос, Сингапур гэхэд эрэлт нийлүүлэлтийг нь зэрэг шийдээд манайхтай адил “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр, ОССК байгуулсан байдаг юм билээ.
-“100 мянган айлын орон сууц “хөтөлбөрийг 2016 он хүртэл хэрэгжүүлнэ. Тэгэхээр энэ хугацаанд ажиллаад болих юм уу?
-Зөвхөн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ч биш олон хөтөлбөр, төслийн хүрээнд ажиллана. Гэхдээ олон талаас нь харж, хэлэлцээд иргэдийн эрэлт ихтэй орон сууцны зээлээр ажиллая гэсэн шийдэлд хүрсэн. Засгийн газар нийлүүлэлтийн талаас хийх ажил нэлээд бий. Дундаас дээш орлоготой иргэдэд зориулсан орон сууцны зээлийн эрэлт их бий, тэр хэмжээгээр нийлүүлэлтэд асуудал гарахгүй гэж бодож байна. Хамгийн гол нь, бага орлоготой иргэдэд зориулсан хямд өртөгтэй бага ам.метртэй орон сууц цөөн байгаа учир “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн тодорхой хэсэг нь энд чиглэгдсэн.
-Тэгвэл иргэд Орон сууцны зээлийн банкнаас зээл авъя гэвэл яаж хамрагдах вэ?
-Улсын төсвөөс гарч байгаа мөнгө нь тухайн зээлийг аваагүй хоёр сая таван зуун мянган иргэнийх. Энэ утгаараа бүгдээрээ зээл авсан хүний мөнгийг хуваагаад төлж байна гэсэн үг. Тэгэхээр энэ зургаан хувийн хүүтэй зээлийг авъя гэвэл иргэд өөрсдөө Орон сууцны зээлийн банкинд гурван хувийн хүүтэй хадгалуулж, тодорхой хугацааны дараа урьдчилгаа төлбөрийнхөө хөрөнгийг бүрдүүлж байж хамрагдана гэсэн үг.
Тухайлбал, 24 сарын дотор сард 500 мянган төгрөг хадгалуулбал орон сууцны урьдчилгаа болох 12 сая төгрөг бүрдэнэ. Та хоёр жилийн хугацаанд мөнгөө орон сууцны банканд хадгалуулснаар хоёр нөхцөлийг нь бүрдүүлнэ гэсэн үг. Нэгдүгээрт, тогтмол мөнгөө хуримтлуулах бололцоотой гэдгийг нь 24 удаагийн төлбөр хийснээр баталж байна. Хоёрдугаарт, урьдчилгаа мөнгөө цуглуулснаар хямд өртөгтэй, талбай бага, боломжийн орон сууц авах боломжтой. Энэ хоёр нөхцөл бүрдсэн тохиолдолд энэ хүнд зээл өгч болох юм хэмээн орон сууцны зээлийн банк олгоно. Тэгэхгүй бол урьдчилгаа төлбөр, орлогогүй хүнд зээл өгөх бололцоогүй шүү дээ.
-Банк байгуулахаар мэдээж, хөрөнгө шаардана. Санхүүгийн эх үүсвэрээ хаанаас гаргах вэ?
-Одоо хуримтлал бүрдүүлэх маягаар явж байгаа. Цаашдаа иргэд хэр идэвхтэй оролцохоос мөн төсвийн зардлаас хамаарна. Төсвөөс зардал их хэмжээгээр гарах бол шаардлагагүй гэж үзэж байгаа. Өнөөдрийн бидний 8-10 хувийн хүүтэй зээл аваад зургаан хувийн хүүтэй олгож байгаа нь дөрөв, таван хувийн хүүгийн зардал гардаг гэж дээр хэлсэн. Энэ зээлийг олгуулахын тулд Засгаас гарч буй зардал. Үр ашгийн хувьд төдийлэн ашигтай бус нөгөө талаар арилжааны банкуудаар дамжихаар бага орлоготой иргэд хүртэх хүртээмж нь бага байгаа нь ажиглагдсан. Тиймээс Орон сууцны зээлийн банк байгуулах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн юм.
-Хэзээ байгуулагдах вэ. Одоо ажил нь ямар шатандаа явж байна вэ?
-Шинэ Засгийн газрын бүтэц тодорхой болоод аль яамд харьяалагдах нь тодорхой болонгуут Засгийн газарт танилцуулах юм.