Халуунгүй, хүйтэнгүй нэг тийм тогтуун өдөр “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорив. 15 мянган худалдаа эрхлэгчтэй, өдөртөө 20 гаруй мянган хүн орж, гардаг гэх тус худалдааны төвийг энэ удаад зорисон учир нь тэднийх түрээсийн үнээ нэмсэнтэй холбоотой. Ингээд үүднээс 50 төгрөгийн нэвтрэх тасалбар авч дотогш оров. Тэнд амьдрал хэт өндөр хэмд буцалж байна.
Тус худалдааны төвийн дүр төрхийг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Хотод ирсэн нь заавал ороод гардаг, хотоос гарч байгаа нь аяны хэрэглэлээ базаана. Зүйл, зүйлийн бүтээгдэхүүн тэнд бий. Ахуйн хэрэглээнээс өгсүүлээд тансаг тавилга, гэрийн хогшил, бэлэн хувцас, гоёл чимэглэл, түргэн хоол гээд нэрлээд байвал “байхгүй юмгүй газар” билээ. Худалдааны төв дотор төдийгүй гадаа нь ч элдэв зүйлийн наймаа “цэцэглэж”, панз үсэргэж, үнэ хаялцана. Монгол дахь цорын ганц олон улсын худалдааны төв гэдэг.
Гэхдээ энэ нэрийг орчин нөхцлийг нь харгалзан үзэж, олон нэр төрлийн бараатайг нь бодолцож “төвлөрсөн худалдааны бүс” хэмээн өөрчилмөөр гэсэн санаа зурс хийн төрөв.
Учир нь, энд хүмүүс өвөл нь цардмал талбайд дороосоо даарч зогсоно. Зун нь хүйтэн бороонд хөрч, халуун наранд хална. Хаврын хавсрага, намрын наранд гандана. Тэд дөрвөн улирлын турш хэдэн төгрөгийн хожоо олох гэж эрүүл мэндээ золиослож буй. Тэд зах зээлд “хөлөө олох” гэж тэмцэж ч яваа улс.
“Нарантуул”-ын байр байдал ямар вэ... гэдгийг хэн бүхэн мэднэ. Битүү дээвэртэй, халаалттай төв болго гэж иргэд, эрх мэдэлтнүүдийн зүгээс шахаж шаардсаар ирсэн. Тэр бүү хэл, нүүлгэх тухай яриа гарч хэлэлцсэн ч “Хувийн өмчийг яаж ч чадахгүй” гээд орхисон. Саяхан газар ашиглалтын гэрээ нь дуусч “Нарантуул”-ынхан “Дүнжингарав” руу нүүх нь үү гэж байтал ахин 25 жилээр сунгасан.
Энэ мэдээг худалдаа эрхлэгчдэд дуулгахаар экс Ерөнхий сайд С.Батболд, хотын мэр асан Г.Мөнхбаяр нар өөрийн биеэр очиж, сүр жавхлантай мэдэгдсэн гэнэ билээ. Харин худалдааны төвийнхний зүгээс “Битүү дээвэртэй, халаалттай болгохын тулд лангууныхаа түрээсийг нэмэхээс өөр аргагүй. Хэрэв тэгвэл наймаачид барааныхаа үнийг өсгөхөөс өөр замгүй болж, иргэд хямд үнэтэй бараа худалдаж авах боломжгүй болно. Эргээд иргэдэд, худалдаа эрхлэгчдэд ч ашиггүй” гэх зэрэг үгээр өөрсдийгөө өмгөөлж байсан. Мөн “Бид түрээсийн ханшаа 1999 оноос хойш нэмээгүй” хэмээн сайрхдаг. Захын бараа хямдхан байдаг нь лангууны түрээс бага байдагтай холбоотой гэдэгт маргах юмгүй үнэн.
Гэвч саяхан тус худалдааны төв лангууны түрээсийн үнээ нэмсэн байна. Энэ тухай тус худалдааны төвийн менежер, удирдах албаныхантай уулзаж учир шалтгааныг лавлахаар очсон юм. Зорьсон хэрэг минь талаар болж цоожтой хаалга мөргөв. Тайлбар өгөх хүн хайгаад олсонгүй. “Байхгүй юмгүй газар” ирчихээд, ганзага хоосон буцах гэж үү гэж бодсоор худалдаа эрхлэгчдээс лангууны түрээсийн үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдсэн, түүнийгээ юу гэж тайлбарласныг нь асуусан юм. Үнэ нэмэхдээ ялгаа заагтай хандсан бололтой.
Задгай лангуу түрээслэдэг иргэдийн хувьд “Түрээсийн үнэ арван мянган төгрөгөөр нэмэгдсэн” гэж хариулсан бол захын хойд хэсэгт байрлах цахилгаан бараа, хөшиг худалдаалдаг битүү хэсгийн лангуу түрээслэгч “50 хувиар нэмэгдсэн. Сард 400 мянган төгрөг төлдөг боллоо” гэсэн юм. Харин яагаад нэмэх болсон учир, шалтгаанаа “засвар хийнэ” хэмээн тайлбарласан байна. “Есдүгээр сараас худалдааны төв хаагдана” гэж түрээслэгчиддээ мэдэгдсэн байх юм.
Ямар ч байсан засвар хийнэ. Ямар засвар хийх гэж буйг нь мэдэж чадаагүйдээ хүлцэл өчье. Засвар хийсний дараа хэр өөрчлөгдөхийг нь мэдэхгүй ч засвараа чанартай хийлгээсэй гэж хүсч байна. Учир нь, энэ чинь Монгол Улсын иргэн 15 мянган худалдаа эрхлэгчдийн эрүүл мэнд болоод нийт үйлчлүүлэгч, нийслэлийнхний эрх ашгийн асуудал гэдгийг ухаараасай. За цэвэр, цэмцгэр, үзэмжтэй болдоггүй юм аа гэхэд өвөл дааруулахааргүй, халаалт дулааны асуудлыг нь шийдээд өгвөл сайнсан. Түрээслэгчдэд ч, үйлчлүүлэгч бидэнд ч аятай, таатай байх болно.