Эргэн тойрон хаа сайгүй ноос, ноолуур, мах, өлөн авна гэсэн пайз өлгөөстэй харагдаж, бараа, түүхий эдээ тушаах гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн түүхий эдийн “Эмээлт” захад үл тасарна. Эднээс юугаараа дутах вэ гэсэн шиг хэтрүүлэн ачаа ачсан замын машин ч ар араасаа цуварсаар. Үдийн 11 цаг бол тус захын хамгийн оргил ачааллын үе. Учир нь, хот зорьж буй малчдын дийлэнх нь яг өдийд тус захаар дайран өнгөрдөг болохоор. Мах, цагаан идээгээ ганзагалан ирсэн тэд хамгийн түрүүнд тус захад бараа бүтээгдэхүүнээ тушаан ачаагаа хөнгөлөн их хотод хөл тавьдаг уламжлал тогтон, хэдэн жилийг ардаа орхижээ.
Иймдээ ч “Эмээлт” захынх хотын төвийн түүхий эдийн ханшийг бодвол хамаагүй бага байх аж. Тухайлбал, малчдаас хонины мах нэг килограммыг нь 5000 төгрөгөөр авч байхад Улаанбаатарт кг нь 7500 төгрөг байна.
Харин ямааных кг нь 3000, үхрийн мах 5500 төгрөгөөр малчдаас худалдан авдаг юм билээ. Ингээд бодохоор наймаачид кг махнаас багадаа 2500 төгрөг унагадаг аж. Түүхий эдийн үнэ ханш сонирхон явж буй малчдыг наймаачид “Хэдэн тонн мах байна. Ярилцаад гайгүй үнээр авъя. Хоног хугацаа өнгөрөх тусам мах чинь үнэгүйднэ. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэхээр бүгд л мал, цагаан идээгээ аваад хот руу хошуурна. Тэр үеэр хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний үнэ навс унана. Махаа эндээ хурдан тушаахгүй бол хот руу орох гэсээр байтал мах чинь муудна шүү дээ“ хэмээв.
Үнэхээр л намар сургууль, цэцэрлэг орох дөхөөд ирэхээр “Эмээлт” зах хөл хөдөлгөөнтэй болж, ченжүүдийн орлого ид өсдөг “сезон”-ы үе эхэлнэ. Малчдыг мал, махаа тушаачих хэмээн гуйж гувшдаг тэд хамраа сөхөж, барагтаа л бол мах, бараа бүтээгдэхүүнийг нь авахгүй голж гоочилдог гэнэ. Түүгээр ч барахгүй хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ унадаг жишигтэй. Тиймээс зарим малчин эртхэн мах, цагаан идээгээ борлуулахаар хот руу зүглэдэг. Өнөөдрийн байдлаар тэдний эхний цуваа хотыг бараадан хэдийнэ ирсэн байна. Уг нь, хотод мал, махаа тушаавал овоо хэдэн төгрөгтэй болох ч тэр бүр санаагаар нь болдоггүй, тус захын наймаачдад бөөний үнээр нь зараад харьдаг аж.
Бид ченжүүдэд махаа тал үнээр нь өгдөг
Тус зах дээр махаа тушаагаад явж буй малчин Х.Цэрэнтэй ярилцлаа.
-Та сайхан зусч байна уу. Хаанаас хаа хүрч явна вэ?
-Сайхан. Өвөрхангай аймгаас хот руу явж байна.
-Хонь, ямааг хэдэн төгрөгөөр авч байна вэ. Хотынхон чинь малчдыг малаа зараад л хэтэвчээ түнтийлгэдэг гэж ярилцах юм байна шүү дээ?
-Хотынхон биднийг л мах, сүү, цагаан идээнийхээ үнийг нэмчихдэг юм шиг ярих юм. Үнэндээ мах, сүүгээ хотод худалдаалж байгаагаас бараг тал үнээр нь өгдөг. Сая гэхэд л би ямааны махаа килограммыг нь 2800 төгрөгөөр өглөө. Нэг амьд хонийг 120 мянган төгрөгөөр тооцож зарлаа. Телевиз, радиогоор хотод килограмм мах 10 мянган төгрөгт хүрлээ л гэдэг. Тэгээд яваад очихоор кг нь 5000, 3000 төгрөг гэх юм.
-Малчид “Эмээлт” захын наймаачдад л мах, түүхий эдээ хямд өгдөг шүү дээ. Өөрсдөө хот руу ороод зарчихаж болдоггүй юм уу?
-Гарал үүслийн бичиг энэ тэр гээд баахан юм нэхдэг юм билээ. Мөн амьд мал хот руу оруулахгүй гээд л зовлон их шүү дээ. Тийм болохоор л эндээ тушаагаад явчихвал амар байдаг юм.
-Нуулгүй хэлэхэд, та махаа, түүхий эдээ тушаагаад хэдэн төгрөгтэй болсон бэ?
-Юуг нь нуух вэ. Таван хонь амьдаар нь тушаагаад сая 250 мянга, тэгээд айргаа зараад хоёр сая гаруй төгрөгтэй болсон.
-Хоёр сая төгрөг гэдэг овоо мөнгө. Ер нь, жилдээ хотод хэдэн удаа орж ирэх үү?
-Жилдээ хоёр удаа орж ирээд мал, мах тушаадаг юм. Сая наашаа ирэх гэж ачаагаа хэтрүүлж, ачаад машинаа эвдчихлээ. Хот руу орж машиндаа сэлбэг авна. Одоо сэлбэгэнд гэхэд энэ мөнгөнөөс 500 мянгыг нь зарцуулна шүү дээ. Ер нь, одоо мөнгө ч мөнгө биш болж дээ. Овоо хэдэн төгрөгтэй боллоо гээд бодоход шальтай юм аваагүй л барагдчих юм.
Ямар ч бараа бүтээгдэхүүнд тээвэрлэлтийн зардал нэмэгддэг
Ченжүүд ярилцлага өгөх дургүй байдаг. Иймдээ ч яриа өгөх хүн олдохгүй хэсэг хугацаа өнгөрсний дараа Болд гэх ченжтэй цөөн хором ярилцах
боломж олдсон юм.
-Мах, түүхий эдийн үнэ ханшийг харахаар боломжийн байх юм. Харин хотод очихоороо хэд дахин нэмэгдчих юм. Үүний гол буруутан нь ченж гэх юм?
-Захаар явахаар хүмүүс биднийг үнэ хөөрөгдүүлдэг гэж байгаа биз. Үнэндээ энэ ирж байгаа хүмүүс чинь малчин биш. Өөрсдөө малчдаас мах, малыг нь хямдхан аваад бидэнд зардаг байхгүй юү. Тэгээд юм л бол биднийг буруутгадаг юм.
-Тэгэхээр орон нутагт энд зарагдаж байгаагаасаа хямд үнэтэй байх нь ээ?
-Аймаг, аймагт өөр байгаа байх аа. Би сайн мэдэхгүй байна.
-Намар мах, түүхий эдийн үнэ буурдаг гэсэн. Гэтэл хотод эсрэгээрээ өсдөг. Улирал дагасан үнийг та нар тогтоодог юм биш үү?
-Ер нь, ямар ч бараа бүтээгдэхүүнд тээвэрлэлтийн зардал нэмэгддэг. Орон нутагт хямд байна гээд хотод заавал хямд байх албагүй шүү дээ. 500-600 километр газар тээвэрлэсэн шатахууны үнэ, авч ирж буй хүний хөдөлмөрийн хөлс нэмэгдэнэ.