МУБИС өөрийн хөрөнгөөр барьсан хичээлийн III байран дахь Математик байгалийн ухааны сургууль, Биеийн тамирын сургуулийн оюутны НОМЫН САН-гийн 2 давхар өргөтгөлийг хүлээн авч, ашиглалтанд орууллаа.
Оюутан хүний бие даан амжилттай суралцах, өөрийгөө хөгжүүлэх хамгийн таатай орчин бол НОМЫН САН байдаг. МУБИС-иас сүүлийн жилүүдэд оюутан суралцагчдынхаа тав тохитой суралцах орчин нөхцлийг бүрдүүлэх, үйлчилгээг сайжруулахад онцгойлон анхаарч ирсний нэгэн томоохон бүтээлч ажлуудын нэг нь 2018 оны 6-р сараас өөрийн дотоод санхүүжилтээр барьж эхэлсэн 424 м2 талбай бүхий 200 суудалтай номын сангийн өргөтгөл барилгыг ийнхүү шинэ оны эхэнд хүлээн авч, ёслолын туузаа хайчлав.
Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах онцлон хэлэхдээ ...” Ийнхүү МУБИС-иас Сургалт, судалгаа, мэдлэгийг гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлэхүйц шинжлэх ухааны мэдлэгийн сан хөмрөг бүхий, шинэлэг, эрүүл аюулгүй, тав тухтай, нээлттэй насан туршийн боловсролыг дэмжих номын сангийн орчинг бүрдүүлж, МУБИС-ийн мэдлэгийг дэлхийд сурталчлах зорилго тавьж байна. Тус номын сангийн өргөтгөл ашиглалтанд орсноор профессор багш, судлаачид, оюутнуудын сургалт, судалгааны орчин бүрдэж байгаа юм. Цаашлаад бид МУБИС-ийн номын сан нь Багш, судлаач, суралцагч болон төгсөгч нарыг дэлхийн түвшний мэдлэг, мэдээлэлтэй холбох гүүр болох учиртай... Хэдхэн хоногийн өмнө номын сангийн хөгжлийн хөтөлбөр 2019-2024 баримт бичгийг баталлаа. Ингэснээр бид Олон улсын жишигт нийцсэн номын сангийн програм хангамж нэвтрүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмж, мэдээллийн технологи, үйлчилгээний шийдлийг нэвтрүүлсэн, тав тухтай нээлттэй орчин бий болгох. Мэдээллийн системийн дэд бүтцийг хөгжүүлэх, виртуал орон зайд суурилсан номын сангийн үйлчилгээг бий болгон хөгжүүлэх алхмуудыг хийхээр төлөвлөж байна. Манай үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн судлаач, ажилтан ажилчны хичээнгүй хөдөлмөрөөр цогцлоон бүтээсэн ололт амжилт, баялаг туршлагаа улам баяжуулах, шинэ зууны оюутан залууст мэдээлэл хүргэх ажлыг тус номын сангийн хамт олон нэр төртэй биелүүлнэ гэдэгт гүнээ итгэж байгаагаа илэрхийлэхийн ялдамд манай номын сангийн эрдмийн хаалга нийт судлаачид, оюутнууд, уншигчид Та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно гэдгийг илэрхийлэхэд таатай байна” … гэв.
Номын сангийн өргөтгөл барилгын нээлтийн ёслолын туузыг БСШУСЯ соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баяраа, МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, Дэд захирал профессор Д.Наранцэцэг, дэд профессор Х.Тамир, Б.Сүхболд нар хайчлав. Тус арга хэмжээнд МУБИС-ийн эрдэмтэн багш нар, Оюутны зөвлөлийн гишүүд болон оюутан залуусын төлөөлөл, хамтын ажиллагаатай Номын сангуудын төлөөлөгчид, МУБИС-ийн Номын сангийн хамт олон өргөнөөр хүрэлцэн ирж оролцон баяр талархлаа дэвшүүллээ. Өнөөдрийн нээлтийн баяр ёслолын арга хэмжээг МУБИС-ийн Номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн хөтлөн явуулсан юм.