Хоёр жилийн өмнөөс Улаанбаатар хотын авто замын уулзваруудад камер суурилуулж, замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлэх, багасгах зорилгоор ашиглаж эхэлсэн. Өнөөдөр эдгээр камер ашиг тусаа хэр өгч буйг Замын хөдөлгөөний удирдлагын Төвийн олон нийттэй харилцах ажилтан Х.Гансүхтэй ярилцсан юм.
-Өнөөдөр замын хөдөлгөөнийг хэдэн камер хянаж байна вэ? Хөдөлгөөнийг бичихээс өөр зорилгоор ашигладаг уу?
- Улаанбаатар хотын авто замын уулзваруудад нийт 26 камер суурилуулсан байгаа. Бүгд хэвийн ажиллаж байна. Камерыг ашиглаж буй гол зорилго нь замын хөдөлгөөнийг зохион байгуулах, уулзварын хөдөлгөөний менежментийг сайжруулах, замын түгжрэлийг багасгах, хөдөлгөөнд оролцож буй машины хурдыг хянахад чиглэдэг. Үүнээс гадна камерт бичигдсэн зөрчлүүд нь иргэдэд маргаан шийдвэрлэх маш чухал баримт болдог. Бичлэг нэг сарын хугацаанд хадгалагддаг тул иргэд манай байгууллагад хүсэлт гарган шүүлгэж болдог. Мөн зөрчил илрүүлэх камер гэж бий. Энэ бичлэгүүд нь хэзээ, хаана, ямар зөрчил гаргасныг маш нарийвчлалтай авч архивладаг юм.
-Танайд камертай холбоотой ямар нэгэн санал гомдол ирж байв уу?
-Камертай холбоотой гомдол ирж байгаагүй. Харин гэрэл дохио ажиллахгүй байна гэсэн гомдол хааяа ирдэг. Манайх камераас гадна гэрлэн дохионы ашиглалт, эвдрэл гэмтлийг хариуцдаг. Энэ нь манайхаас шалтгаалсан эвдрэл биш. Цахилгааны саатал, зам засварын ажлаас шалтгаалан түр хугацаанд саатах тохиолдол гарна. Үүнийг хүмүүс эвдэрсэн гэж ойлгоод манайд гомдол тавьдаг. Мөн цахилгааны хэлбэлзлээс болж унтрах үе бий. Түүнээс биш гэрлэн дохио эвдрэх нь харьцангуй бага л даа. Иргэдийн зүгээс тавьдаг бас нэгэн гомдол нь гэрлэн дохио гацлаа гэдэг. Энэ нь гацсан биш манай төвөөс шууд удирддаг болсонтой холбоотой. Аль нэг ачаалалтай хэсгийг түлхүү нэвтрүүлэх зорилгоор эсрэг талд улаан гэрлийг бага зэрэг удаан асаадаг. Гэтэл жолооч нар шар гэрэл тийм секунд, улаан гэрэл тийм секунд асах ёстой гэсэн хуучныхаа сэтгэлгээгээр хандаад байдаг.
-Камер тод бичихгүй, татаж харж болохгүй байна гэсэн яриа гарсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Нэгэнт архивлагдсан бичлэгийг татаж харж болдоггүй. Зарим иргэн гар утас, түрүүвчээ таксинд мартаад буучихлаа, бичлэг шүүх гэсэн юм гэж ирдэг. Манай камер зөрчил гаргасан жолооч, машины дугаарыг татаж авах зориулалттай. Замын хөдөлгөөнд хэвийн оролцож буй машиныг нэг бүрчлэн татаж, дугаарыг нь тодруулах боломжгүй шүү дээ. Үүнээс л үүдэж ийм яриа гарсан болов уу гэж бодож байна.
-Шинэ зам баригдаж, уулзварууд бий болж байна. Камерын тоог нэмэх боломж бий юу?
-Нийслэл хөгжиж, шинэ уулзварууд бий болж, гэрлэн дохио тавигдаж байна. Зарим хүн манайхыг үйл ажиллагаагаа эхэлсэн үеэс л зуслангийн замд камер тавьж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Үүнийг дан ганц манай байгууллага бие даан шийддэггүй. НИТХ-аас камер нэмэх шаардлагатай гэж үзэж, төсөв хөрөнгийг нь шийдэж өгвөл бүрэн боломжтой зүйл. Хэрэгцээ шаардлага байгаа учраас цаашдаа нэмэгдэх байх гэж бодож байна.
-Камерийг хэдэн жил ашиглах ёстой юм бэ?
-Үйлдвэрээс өгсөн баталгаат хугацаа нь хоёр жил. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн эвдрэл, гэмтэл гараагүй. Хэвийн ажиллаж байна. Цаашид ашиглах болно. Монгол инженерүүд камераа ажиллуулж, хянаж байна.
-Камер ашигласнаас хойш зөрчил илрүүлэлт яаж нэмэгдсэн бэ?
-Зөвхөн энэ жилд 190829 зөрчил манай “зөрчил илрүүлэх систем”-д бүртгэгдсэн. Гарсан зөрчлүүдийг өдөр бүр мэдээллийн сайт /mass.mn, undesten.mn, nuuts.mn/ танилцуулга хэлбэрээр тавьдаг. Жолооч өөрийнхөө хэзээ, ямар зөрчил гаргаснаа олж мэдэх боломжтой. Манайх 2011 оны долдугаар сард үйл ажиллагаагаа эхэлсэн. Жилийн дараа ЗЦГ-ын гаргасан статистик мэдээгээр гарсан зөрчил 20 хувь буурсан гэж мэдээлж байсан. Ер нь, нийслэлчүүд камерийн тухай мэдээлэлтэй болсон. Ирж сонирхож, оюутан сурагчид сургалтад хамрагдсан байгаа.
-Ямар сургалт явуулдаг юм бэ?
-Манай төвийн үйл ажиллагааг нийслэлийн бүх иргэн мэдэж байх ёстой. Мөн ирээдүйн жолооч нар болох дунд сургуулийн сурагчид мэдэж байх ёстой гэдэг үүднээс байгууллагын танилцуулга бүхий илтгэл тавьдаг. Нийслэлийн бүх мэргэжлийн байгууллагынхан энэ сургалтад хамрагдсан. Тэгэхдээ дунд сургуулийн сурагч, бага ангийнхан, нийтийн тээврийн жолооч нарт болон сонирхсон иргэдэд зориулсан зэргээр олон хэлбэрээр зохион байгуулдаг. Үүнээс гадна эрхээ хасуулсан жолооч нар манай сургалтад заавал хамрагдах ёстой байдаг.