Засгийн газрын 2010 оны долдугаар сарын 20-ны өдрийн 195 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулж, дүрмийг нь баталсан. Хоёр жил гэдэг багагүй хугацаа. Гэвч Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулж, хөгжингүй, хүчтэй эдийн засагтай болгох зорилго тавьсан Хөгжлийн банк энэ хугацаанд юу хийв ээ. Товчхондоо юу ч хийгээгүй, “Муу” гэсэн үнэлгээ өгмөөр байна.
Хамгийн эхний шалтгаан бол Хөгжлийн банк байгуулагдаад таван сарын дараа гаргасан бондтой холбоотой 600 сая ам.долларын дунд хугацааны евро бондын хөтөлбөрийг ING Deutsche банк, HSBS банктай хамтран хэрэгжүүлж эхлэв. Монгол Улсын Засгийн газрын баталгаатайгаар олон улсын зах зээлд гаргаж буй анхны бонд нь энэ. За тэр ч яахав, ямар ч байсан энэхүү евро бондын хөтөлбөр “Шинэ бүтээн байгуулалт”, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтад орсон хөтөлбөрийг санхүүжүүлэх учиртай.
Гэхдээ эхний ээлжинд “Шинэ төмөр зам” төслийг санхүүжүүлнэ гэж байсан. Энэхүү 600 сая ам.доллараас 20 сая ам.доллар 2011 оны арванхоёрдугаар сард Хөгжлийн банкинд орж ирсэн. Үлдсэн 580 сая ам.долларын таван жилийн хугацаатай бондыг жилийн 5.75 хувийн хүүтэйгээр олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын ING, Deutsche банк, HSBC банктай хамтран арилжаалжээ. Харин эл бондын хүүнд Хөгжлийн банк өдөрт 120 сая төгрөг төлж буй. Өөрөөр хэлбэл, сард 3,6 тэрбум төгрөг төлж байгаа гэсэн үг юм.
Тус банкны ТУЗ-ийн дарга асан Б.Батжаргал тухайн үед “Засгийн газраас “Шинэ төмөр зам” төслийн эхний ээлжийн санхүүжилтийг энэ ондоо /2011 онд/ багтаан гаргахыг Хөгжлийн банкинд даалгасан учир орж ирж буй 20 сая ам.доллараар төмөр зам барих ажлыг санхүүжүүлэх юм. Эхний ээлжинд Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд төмөр зам барих ажлыг эхлүүлнэ” гэсэн мэдээлэл өгч байлаа. Харамсалтай нь, энэ хөрөнгө оруулалтыг одоо болтол хийгээгүй л байна. Ер нь8 энэ их мөнгө юунд зарцуулагдсан талаар албаны хүмүүс мэдээлэл өгч байсангүй. Мэдээлэл хайгаад ч олдсонгүй. Өгөхийг ч хүсэхгүй байгаа бололтой.
Харин энэ бондтой холбоотой бас нэг дуулиан гарсан нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Батжаргал ажлаа өгсөн тухай мэдээ. УИХ-ын сонгуулийн өмнөхөн болсон эл үйл явдал маш олон хардлага араасаа дагуулсан. Засгийн газар “Хүний хөгжил сан”-гийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд Хөгжлийн банкны мөнгөнд шунах болсныг тэрээр илчлэв. Хамгийн эхний ээлжинд санхүүжүүлэх ёстой байсан төмөр замын төсөл ч ээдрээтэй байдалд орсон. Дотор нь ажилладаг хүн энэ талаар мэдээлэлтэй байсан болоод л хууль бус зүйлд оролцохгүй, мэдсэн ч мэдээгүй царайлж болохгүй гэсэн байр сууриа илэрхийлж ажлаа өгсөн нь Хөгжлийн банкны нэр хүндийг шалны алчуур болголоо.
Хэвлэл мэдээлэлд нээлттэй бус юм аа гэхэд төрийн түшээдэд хаалттай байхыг хориглоогүй байлтай. УИХ дахь АН-ын бүлгийнхэн 600 сая ам.долларын бондын хүүний талаар тодруулах гэсэн ч хариулт олж чадахгүй. Мэдээлэл өгөхгүй байна гэдэг нь нууж хаах зүйл бий эсвэл хууль бус үйлдэл энд байгаа болоод сандралдаад байна уу гэдэг хардлага төрүүлнэ. Хоёр жилийн өмнө байгуулагдсан Хөгжлийн банк хэдэн ч ТУЗ-ийн даргын бараа харав. Дарга нараа сольсноор ажил сайжирсан уу гэвэл үгүй л гэх байх.
Бага, дунд орлоготой иргэдэд зориулан хэрэгжүүлж эхлээд буй “100 000 айлын орон сууц” хөтөлбөрт Хөгжлийн банк 50 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргаж өгөх ёстой. Эхний ээлжинд 20 тэрбум төгрөг хөтөлбөрийг хэрэгжүүлж буй арилжааны банкинд олгосон. Гэтэл үлдсэн 30 тэрбум төгрөгийг олгохгүй байгаа нь магадгүй “100 000 айлын орон сууц” хөтөлбөрийг мөн гацаанд оруулчих вий гэсэн айдас байгааг нуух юун.
Тус банкнаас мөн эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хэд хэдэн зам засварын ажил төлөвлөжээ. Энэ онд гэхэд нийт 17 замын засварын ажил хийхээр төлөвлөж, шаардлагатай хөрөнгийг Хөгжлийн банкнаас гаргуулах юм. Эдгээрээс хоёр замын ажил л дөнгөж эхлээд байна. Гэвч тус банкнаас хамааралтай олон зам засварын ажил гацаад байгааг албаны хүмүүс хэлэв. Хэдийгээр хөрөнгө оруулалт нь дараа төлөгдөх нөхцөлтэй ч энэ янзаараа байвал Хөгжлийн банкнаас мөнгө нь хугацаандаа гарах эсэх нь эргэлзээтэй.
Улс орны хөгжлийн гол чиглэл болсон төмөр зам, бүтээн байгуулалтын ажилд Хөгжлийн банк нэг иймэрхүү л байдалтай хандаж байна. “Хөгжил” гэдэг өсөн дэвжих гэдэг утгатай үг. Энэ утга агуулгыг илэрхийлэх тус банк хөгжүүлэх бус гацаах үүргийг л маш сайн гүйцэтгээд байх шиг санагдана. Гадаадын улс орнуудад Хөгжлийн банк байгуулсан ч 80 гаруй хувь нь дампуурсан бодит жишээ бий. Үүнийг ч банк санхүүгийн салбарынхан, Сангийн яамны мэргэжилтнүүд хүртэл хэлж байв. Болоод буй үйл явдал, үүссэн нөхцөл байдлыг харахад дампуурах чиглэл рүүгээ хөдөлчихсөн юм биш үү Монголын Хөгжлийн банк.