НИТХ өчигдөр болж нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг тодрууллаа. 2012 оны орон нутгийн сонгуулиар олонхи болсон АН Засаг даргад Э.Бат-Үүл дэвшүүлж 41 хүний саналаар дэмжигдсэн юм. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.
-Нийслэлийн Засаг даргаар томилогдоод хамгийн түрүүнд хийх ажлынхаа талаар ярихгүй юу?
-Мэдээж хэрэг Улаанбаатар хотод ирэх дөрвөн жилд хийх ажлынхаа хөтөлбөрийг НИТХ-д томилогдсоныхоо дараа удахгүй хэлэлцүүлнэ. Хамгийн эхний ажил бол авлигагүй Улаанбаатар болгоё гэсэн зорилт тавьсан. Ер нь, өнгөрсөн хугацаанд нийслэлийн үйл ажиллагаа доголдсон шалтгаан нь хотын удирдлагын үйл ажиллагаа нээлттэй бус авлигад идэгдэж, бизнесийн шинжтэй болсон гэдгийг судалгааныхан гаргасан байна билээ. Иймд хотын захиргааны үйл ажиллагааг нээлттэй, хүнд сурталгүй шударга болгоно.
-Ерөнхий сайд НИТХ-аас дэвшүүлсэн нэр дэвшигчийг томилдог хуультай. Тэгэхээр Ерөнхий сайд хариу ирүүлтэл таны бүрэн эрх хэрэгжихгүй бололтой?
-Сая НИТХ-аас хурлын даргад үүрэг өглөө. Ерөнхий сайдад мэдүүлж, томилох асуудлыг шийд хэмээн. Ямар ч байсан Ерөнхий сайд томилох хүртэл миний бүрэн эрх арай л хэрэгжиж эхлэх болоогүй. Үндсэн хууль болон нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжийн хуулиар Ерөнхий сайд томилсноор өмнөх Засаг даргын бүрэн эрх дуусгавар болж, дараагийнх нь Засаг даргын эрх хэрэгжиж эхэлдэг номтой.
-Та анх НИТХ-д намаа төлөөлж хэлсэн үгэндээ оролцох оролцоог дээшлүүлнэ гэж байсан. НИТХ-ыг амь оруулахын тулд ямар ажил хийх бол?
-Хурлын ирц бүрэлдэж, өмнөө тавьж буй зорилтоо хэрэгжүүлэхээр зэхэж байна. Миний зорилго НИТХ-ыг амь оруулах. Өмнө нь НИТХ амьгүй албат шиг л байсан. НИТХ-ын оролцох оролцоо гэж бараг байгаагүй. Тиймээс шинээр дэг тогтоосон. Тухайлбал, дэгээр НИТХ сард нэгээс доошгүй удаа хуралдахаар болж байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд мөрдөгдөх бүх хэм хэмжээг НИТХ гаргадаг болно. Өмнө нь, гэнэт л Засаг дарга шийдвэр гарган иргэдэд чирэгдэл учруулдаг байсан шүү дээ.
-Хууль бус газар олголтын талаархи гомдол тасрахаа байлаа. Энэ нь, нийслэлийн удирдлагууд авлигад идэгдсэнээс хотын ажил урагшлахгүй байна хэмээж буй. Энэ тал дээр саналаа хуваалцахгүй юу?
-Зам барилгын ажил хийж байгаа компаниудыг нийтэд ил тод зарлаж байх хэрэгтэй. Газрын тухайд НИТХ-ын даргын шийдвэрээр газрын ажил нь эхлэх гэж буй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоосон. Ер нь, хууль бус аргаар олж авсан компаниудын газрыг хурааж авна. Ялангуяа, орон сууцны хороолол дунд олгогдсон газрууд үндсэндээ хууль бус байгаа. Яагаад гэхээр хуульдаа оршин суугчдаас зөвшөөрөл авч байж барилгын ажлаа эхлэх журамтай.
Гэтэл оршин суугчдаас зөвшөөрөл аваагүйгээр барахгүй хэдэн дарга нараар шийдүүлчихсэн байдаг. Энэ чинь л хууль бус шүү дээ. Үүнийг таслан зогсооно.
-Таны дэвшүүлж буй хөтөлбөрийн гол хэсэг болох гэр хорооллыг дэд бүтцэд холбоход их хөрөнгө хэрэгтэй. Санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ?
-УИХ-ын хэсэг гишүүн уул уурхайн экспортын татварын орлогоос гэр хорооллын амины тохиолог орон сууцыг тохижуулахад хангалттай хэмжээний орлого олно хэмээн ярьж буй. Би Засаг даргаар томилогдонгуутаа гэр хорооллын иргэдтэй амины орон сууцны төлөвлөлтийн талаар ярилцана гэж бодож байгаа. Иргэд идэвхтэй оролцоод явах юм бол ирэх жилээс шууд хөрөнгө оруулалтын ажил эхэлнэ. Дөрвөн жилийн хугацаанд 165 мянган айлыг тохилог амины буюу халуун хүйтэн устай сууцанд оруулах зорилго тавьсан. Үндсэндээ нийслэлийн гэр хорооллын иргэд тохилог орон сууцаар хангагдана гэсэн үг.
-Дэд бүтцийг нь шийдсэн ч гэр хорооллын айлууд тэр болгон халуун, хүйтэн усаа татаад авч чадахгүй гэх нь бий. Зардал өндөр гарч байна гэсэн. Нэг айл гэхэд л багадаа таван сая төгрөг зарцуулна гэсэн тооцоо байна билээ?
-Энэ тал дээр хотоос санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, инженерийн шугам сүлжээг гэр рүүгээ татах, талбайгаа тохижуулахад нь дэмжлэг үзүүлнэ. Тэгэхгүй бол хоолныхоо мөнгийг яая гэж байгаа айл хийж чадахгүй.
-Саяхан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр батлагдаад бөөн баяр хөөр болж байтал одоо таг болчихлоо. Энэ хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?
-Үүнийг бид замын гол коридорын дагуу хэрэгжүүлэх төлөвлөлт дахин хийнэ. Замын гол коридор гэдэг маань Долоон буудлын төв зам дагуу дороо бүх үйлчилгээний төвтэй орон сууц барина гэсэн үг. Өнөөдрийн төлөвлөлтөөр бол бүх айлын газрыг хурааж аваад гурав, дөрөвдүгээр хороолол шиг барих гээд байгаа байхгүй юу. Тэгж болохгүй шүү дээ. Гэр хороололд нийтийн болон амины орон сууц хослох ёстой.
-Замын бөглөрөл, чанаргүй замууд нийслэлийнхний “шүдний өвчин” болчихлоо. Энэ талаар юу хийх вэ?
-Зам барилгын ажлыг гүйцэтгэж буй компаниудын нэрсийг нээлттэй болгомоор байна. Мөн ойрын хугацаанд зам засварын ажил гүйцэтгэж буй компаниудад шалгалт оруулах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтаар хийж байгаа замын ажлууд маш чанартай хийгдэж байна гэсэн. Хэрвээ манай компаниуд чанартай хийж чадахгүй, хоноцын сэтгэлээр хандаад байвал бид гадаадын сайн компаниудад хандахаас өөр аргагүй. Би өөрийнхөө үндэсний компаниудуудад ийм зүйл рүү бүү явуулаач ээ гэж хэлмээр байна.
-Гадаадын хотуудтай хэрхэн хамтран ажиллах бол. Ах дүү хотуудын талаар ямар бодлого баримтлах вэ?
-Нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд гадаадын хотуудыг өргөн цар хүрээтэй оролцуулж, хөрөнгө оруулалтыг хамтран хийнэ. Тухайлбал, Сөүл, Берлин, Бээжин гэх мэт томоохон хотын бэлэн туршлагыг авч хэрэгжүүлнэ. Бээжин хотод дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. Бид үүнийг нь авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Хотын удирдлага томилогдохгүй байгаа нь хотын ажил зогсоход хүрлээ гэх юм?
-Энэ их буруу яриа. Яагаад вэ гэхээр одоо эрхээ хэрэгжүүлж буй хотын даргад хэн ч саад учруулахгүй байгаа. Үүргээ биелүүлээд л явах хэрэгтэй. Би ч гэсэн хурдан л ажлаа авмаар байна. Дулааны улирал дуусахаас өмнө нэлээд ажил амжуулах юмсан. Тухайлбал, зам засварын ажил, шинэ зам барих, нийтийн тээврийг сайжруулах, гэр хорооллыг тохилог орон сууцаар хангах моргейжийн зээлийг олгох зэрэг ажил хүлээгдэж буй.