“Ялгуун” брэндийн маркетингийн менежер Т.Оюунчимэгтэй ярилцлаа.
-“Ялгуун” брэнд үүсгэн байгуулагдаад хэдэн жил болж байна вэ. Ялгуун гэж нэрлэсний учир юу вэ?
-“Ялгуун” брэнд хамгийн анх 2017 онд хамгийн эхний коллекцоо танилцуулсан. Тухайн үед хоёрхон төрлийн алчуур танилцуулж байсан. Тэрнээс хойш зургаан коллекцоо танилцуулсан байна. “Ялгуун” гэх нэр нь зөөлөн, төгөлдөр, ихэмсэг зэрэг эмэгтэй хүний дотоод уян, зөөлөн чанарыг илэрхийлсэн утгатай үг юм.
-Энэ хугацаанд хичнээн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бэ?
-Манайх улиралд нэг коллекц танилцуулахдаа 30-40 шинэ зураг гаргадаг. Хамгийн эхний коллекцид том болон жижиг алчуурын сонголттой байсан бол дараагийнх дээр хантааз, тортой алчуур, цагаан сарын гарын бэлэг, хоум декор танилцуулсан. Шинээр гаргах коллекцид санаанд оромгүй огт өөр зүйл төлөвлөчихсөн байгаа. Яг хичнээн нэр төрөл гэдгийг тодорхой хэлэх аргагүй байна.
-Бусад монгол брэндүүдээс ялгарах давуу тал, онцлог юу вэ?
-Юун түрүүнд бусад монгол брэндүүдээс маш олон төрлийн баялаг зургаараа ялгарна. Дан ганц монгол хатны дүр зураг гэхээсээ илүү, өв соёл, ахуй орчин, нүүдэлчин амьдрал, үндэсний эдлэл хэрэглэл зэрэг олон төрлийн зургийг хамруулан оруулж тусгаснаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, орчин үеийнхээ эдлэл хэрэглээнд эртний өв соёлыг хэрхэн яаж шингээх вэ гэдгийг уялдуулан цогцлоосон бүтээгдэхүүнүүд юм.
-Танай бүтээгдэхүүнээс хүмүүсийн сонирхлыг хамгийн ихээр татаж буй ямар бүтээгдэхүүн байна вэ?
-Хамгийн сүүлд гаргасан хоум декорыг нэрлэнэ. Учир нь манайх өмнө нь зөвхөн алчуур, эмэгтэйчүүдийн хэрэглээ болсон эдлэл хэрэглэл гаргадаг байсан бол энэ удаад гэрээ гоёх боломж олгож байгаа юм. Гоёмсог эмэгтэйчүүдэд гал тогоо, гэрээ хэрхэн сайхан тохижуулахыг санал болгосноороо илүү онцлогтой.
-Ороолтны зургууд өвөрмөц содон, бүсгүйчүүдийг илүү их татдаг. Тусгайлан зуруулдаг уу, эсвэл зураачдын өмнө нь зурсан зургуудаас сонгож авдаг уу?
-Гэрээтэй зураачид бий. Тэдгээр зураачдаар дараагийн танилцуулах сэдвийнхээ хүрээнд зургуудаа захиалан зуруулдаг. Гэхдээ хамтарсан судалгаа маш их хийгддэг. Монголд зурагны хэрэглээг анх хэрхэн бий болгож байсан, түүх улбаа нь юу вэ гэх зэргээр судалдаг. Тухайлбал, Сорхугтани Бэхи хатны зургийг зуруулахад ямар өнгө, ямар зураас, ямар хээ ашиглах вэ гэх зэргээр нарийн бодож, түүхийг нь судалсны үндсэн дээр зургаа зуруулдаг. Иймд олон хүний хүч хөдөлмөр, ур ухаан шингэдэг учраас хамаг үнэ цэнэ шингэдэг гэж бид боддог шүү.
-Монголчууд бидэнд бусдын анхаарлыг татах, Монгол Улсаа дэлхийд эерэгээр сурталчлах, ард иргэдийнхээ эв нэгдэл болж чадах үнэт зүйлс олон бий. Танай брэнд монгол бүсгүйчүүдийн дээл хувцас бүхий дүр зургаар таниулан сурталчлах үүрэг хүлээж байгаа гэж хэлж болох уу?
-Үүрэг хүлээх гэдэг утгаар нь төдийлөн боддоггүй. Өмнө нь гадагшаа бэлэг сэлт авч явъя гэхэд боломжийн үнэтэй, сайн чанартай, гоёмсог сав баглаа боодолтой бэлэг ховорхон байдаг байсан. Хамгийн түрүүнд энэ асуудлыг шийдье гэж зорьсон. Мөн бидний мэддэг түүх, соёл, өв уламжлалыг үр хүүхэд минь мэдэхгүй холдох гээд байна. Иймд түүнийг орчин үеийн хэрэглээнд нь хэрхэн шингээж болох вэ гэдэг талаас нь бодсон. Эдгээр хоёр асуудлыг хамгийн түрүүнд бид өмнөө тавьсан. Эмэгтэй хүн бүр гоё, сайхан байхыг хүсдэг. Гоё байхыг хүссэн эмэгтэй бүрийн хэрэгцээг бага ч болов хангая гэх үүднээс тансаг алчуур бүтээсэн.
-Хятадад үйлдвэрлэгдсэн фудболкууд танай брэндийн алчууран дээрх шиг монгол хатад, эмэгтэйн зурагтайгаар хэвлэгдэж орж ирэх нь түээмэл болсон байна. Энэ нь танай брэндээс сэдэвлэсэн оюуны хулгай байж болох уу. Үүнийг юу гэж дүгнэдэг вэ?
-Бусад брэндийн талаар сайн мэдэхгүй учир яримаарүй байна. Манай брэнд оюуны өмчөөр баталгаажсан. Зураачдад захиалгаа өгч зуруулж, бүтээлийг нь худалдан авдаг. Оюуны өмчийн онцгой эрхтэйгээр зургуудаа улиралд нэг удаа ашиглаад, дахин ашигладаггүй. Тэгж байж бид хэрэглэгчдийнхээ өмсөж зүүж, эдэлж хэрэглэж байгаа хэрэглээг үнэ цэнэтэй байлгаж чадна.
-Олон улсын зах зээлд гарах боломж нь хэр байдаг бол. Ядаж л хоёр хөрш рүү гарах хэрэгтэй байх?
-Олон улсын түвшинд гарахын тулд олон судалгаа хийгдэж байна. Ингэхийн тулд бидний зүгээс хийх зүйл маш их байна. Бид олон улсад албан ёсоор гаргаагүй ч гэсэн гадаад улс орнууд руу авч яваад хэрэглэдэг, бэлэглэдэг, худалдаалдаг тохиолдол маш их байна. Ялангуяа, Австрали, Америк, Солонгос, Япон, Хятад, Өвөрмонгол, Улаан-Үүд зэрэг орнуудад маш их хэрэглэдэг боллоо. Тэдгээр орны хэрэглэгчдээс бидэнтэй байнгын холбоотой ажилладаг хүмүүс олон байна. Бид ч олон улсын зах зээлд гаргах бодлого барьж ажиллаж байна.
-Монгол брэндийг дэмжиж гадаад зах зээлд гаргахад юу учир дутагдалтай байна вэ. Энэ тал дээр төрийн дэмжлэг туслалцаа хэр байдаг вэ?
-Төрөөс дэмжлэг туслалцаа гээд байхаар зүйл байдаггүй. Саад бэрхшээл ч тулгараад байдаггүй. Зүгээр л цаг хугацааны хувьд бүтээгдэхүүн хөгжүүлэлт тал дээр хүлээгдэж байгаа гэж ойлгодог.
-Түүхий эдээ хаанаас авч, шат дамжсан боловсруулалтдаа хэрхэн анхаардаг вэ?
-Бид торгоо Хятадаас импортлож, Монголдоо зургийн асуудлыг шийддэг. Өөрөөр хэлбэл, оёдол эсгүүр, сав баглаа боодлоо эх орондоо хийж худалдаанд гаргадаг. Түүхий эдийн боловсруулалтдаа маш сайн анхаардаг. Ялангуяа гадаадын зах зээлд гаргах зорилготой учраас олон улсын стандарт шаардлагыг хангах гэсэн чухал шалгуур бий. Үүний хүрээнд чанарын шаардлага шалгагч нар ажилладаг. Шат дамжлага бүрт нь хатуу хяналт шалгалт хийдэг юм. Энэ үүднээс алдаатай, доголдолтой бүтээгдэхүүн гарна гэж байдаггүй.
-Энэ өрсөлдөөнтэй зах зээлд монгол брэнд бүтээгдэхүүнээр нэвтрэн орж, өөрийн орон зайгаа хэрхэн олох вэ гэдэг олон дизайнерын хувьд ур, ухаанаа сорих талбар болоод буй. Та бүхэн бусдаас хэрхэн ялгарахыг зорьдог вэ?
-Улирал бүрт шинэчлэгддэгээрээ бусдаас ялгарах хамгийн том давуу тал юм. Цоо шинэ бүтээгдэхүүний нэр төрлөө улирал бүр танилцуулдаг. Үүгээрээ бусдаас ялгарч чадах байх. Энэ улирал хоум декор танилцуулсан бол дараагийн улиралд ямар бүтээгдэхүүн танилцуулахыг хэн ч таашгүй юм (инээв.сурв).
-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж худалдан авалт хийх гэхээр хэтэрхий үнэтэй байдаг гэж иргэд гомдол хэлдэг. Энэ тал дээр хэрхэн анхаарч, борлуулалтаа хийдэг вэ? Танай бүтээгэдэхүүн үнэтэй байна гэх шүүмжлэлд их хэр өртдөг вэ?
-Үнийн хувьд баримталдаг нэг том бодлого бий. Боломжийн үнэтэй байх тал дээр хамгийн ихээр анхаардаг. Хамгийн хямдхан нь 10 мянган төгрөгийн толиноос эхэлдэг. Алчуурууд 25-45 мянган төгрөгийн хооронд үнэтэй худалдаалагддаг юм. Алчуураа “fine silk” гэх торгоор хийдэг. Энэхүү торго нь Франц болон Оросод маш үнэтэй худаддаалагддаг. Европын ялангуяа Францын жуулчид манай бүтээгдэхүүнийг нүдээр үзчихээд “Яагаад ийм хямдхан байгаа юм бэ” гэж их гайхдаг. Монголынхоо хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ ихээр хүргэхийн тулд хямд үнийн бодлого баримталж байгаа нь бидний хувьд хамгийн чухал.
-Монгол брэндийн арьсан түрийвч болон цүнхүүд янз бүрийн өнгө, хийц, загвартай маш олон төрлөөрөө хийгддэг ч арьсаа илүү “нимгэлэх технологи” учир дутагдалтай байдаг гэх шүүмжлэл дагуулдаг. Танай цүнх үйлдвэрлэлийн технологийн онцлог юу вэ?
-Гоо сайхны кошлёк болон цүнхээ сайжруулсан лидрийнээр урладаг. Сайжруулсан лидрин нь гарын ая даах чадвар, эдэлгээ даах чанараараа маш сайн. Нийт 30 гаруй төрлийн өөр зурагтай кошлёкууд худалдаанд гараад дууслаа. Удахгүй дахин гаргах төлөвлөгөөтэй байна. Арьс нимгэлэх технологи нь Монголд маш үнэтэй байдаг. Түүнчлэн нимгэрээд гарч ирсэн бүтээгдэхүүн төдийлөн гоё болж чаддаггүй учраас манай улсад тулгамдаж буй асуудлын нэг гэж хэлж болно. Одоогоор манай брэндийн бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлэлийн технологи гэхээсээ илүү хэвлэлийн технологи нэгдүгээрт тавигдах нь чухал байна. Бид нэг угаагаад зураг нь арилаад, будаг нь урсчихдаг зүйл хийж болохгүй шүү дээ. Иймд хэвлэлийн технологи олон улсын шаардлага хангахаас гадна хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй байх шаарлдлагатай. Маш нимгэн гоёмсог, торгомсог алчууран дээр буулгаж байгаагаараа давуу талтай юм. Арьсанд хүрэхдээ зөөлөн, тансаг мэдрэмж төрүүлж байх ёстой.
-Хүмүүс өөрсдийн хүссэн бүтээгдэхүүн дээрээ хүссэн зургаа хэвлүүлэх боломж бий юу? Ийм санал ирж байв уу?
-Байгууллагуудын захиалга их ирдэг шүү. Тухайлбал, НДЕГ, ИНЕГ, МИАТ гэх мэт байгууллагын захиалгаар өөрсдийнх нь зурагтай бүтээгдэхүүнийг олон тоо ширхэгээр хэвлэж өгдөг. Гарын бэлэг болгож тараах зориулалтайгаар ихэвчлэн захиалдаг юм билээ. Түүнчлэн манай бүтээгдэхүүнүүд дээр байгууллагынхаа логог байршуулж болдог онцлогтой. Үнийн хувьд ямар ч нэмэгдэл өөрчлөлтгүй. Манайхаас олон тоо ширхэгээр захиалах ёстой гэсэн ганц л шаардлага тавьдаг. Зургийн тоогоороо нийт 230 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн байна. “Ийм зураг байвал зүгээр шүү” гэсэн санал хэрэглэгчдээс маш их ирдэг. Зураг бүрийн ард янз бүрийн бэлгэдэл оршиж байдаг. Гэхдээ хаанаас нь яаж тайлбарлах вэ гэдэг их чухал.