Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа шинээр академич хэргэм хүртсэн эрдэмтдэд хүндэтгэл үзүүллээ

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа шинээр академич хэргэм хүртсэн эрдэмтдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ШУА-ийн их чуулган болж 14 нэр дэвшигчээс долоод нь академич хэргэм хүртээсэн юм.

Тэдгээр академичдын төлөөлөл болох ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Б.Авид, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, геологи, минерологийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дэмбэрэл, ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол Улсын төрийн шагналт О.Чулуунбаатар, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, хүний гавьяат эмч Р.Шагдарсүрэн нарт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хүндэтгэл үзүүлж, халуун дотно яриа өрнүүлсэн юм.

Тэрээр уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “Улс эх орныхоо хөгжил дэвшлийг шинжлэх ухаанчаар төлөвлөж, түүндээ чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлж чадах юм бол Монгол Улсын тогтвортой хөгжлийн дүр зураг гарч ирнэ. Шинжлэх ухаанд хамааралгүй салбар гэж байхгүй. Тийм учраас шинэ оны босгон дээр Монгол Улсын академичдын бүрэлдэхүүнд багтаж, Монгол Улсын ШУА-ийн академич гэсэн хүндтэй цол хэргэмийг хүртсэн та бүхэндээ баяр хүргэе. Цаашдаа та бүхэн өөрсдийн салбар бүртээ, Монгол Улсын шинжлэх ухааны өмнө хүлээх үүрэгтэй болж байна гэсэн үг. Академич цол хүртэнэ гэдэг та бүхний олон жилийн уйгагүй хөдөлмөр, хүчин зүтгэлийн үр шим. БСШУСЯ шинээр төрөн гарч байгаа залуу академичидтайгаа хамтран ажиллах, жил бүр шинжлэх ухааны салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн нийгэм дэх ач холбогдлыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч байгаа. Тиймээс та бүхэн маань яамтайгаа холбоотой ажиллаарай гэж хүсч” байна хэмээн онцоллоо.

Академичидыгг төлөөлж Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, хүний гавьяат эмч Р.Шагдарсүрэн хэлсэн үгэндээ “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд БСШУСЯ хамгийн хүнд үеийг туулсан гэж боддог. Энэ хүнд үед улс төрийн тэвчээр гаргаж, коллегийн гишүүдтэйгээ хамтран ажиллаж, шинжлэх ухааныг дэмжин, хөгжүүлэх чиглэлээр бүтээлчээр хандаж, олон ажил хийсэнд нь Ц.Цогзолмаа сайдад талархаж явдаг. Гэмтлийн эмнэлэг бол ард иргэдэд хамгийн ойр үйлчилдэг эмнэлэг. Энэ эмнэлгийн жирийн эмч миний бие шинжлэх ухааны академич болно гэдэг нэр хүндийн асуудал байлаа. Монгол Улс маань хөгжил дэвшлийн шинэ заагт ирсэн үед бид улам хичээж ажиллах болно” гэлээ.

ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол Улсын төрийн шагналт О.Чулуунбаатар “Академич цол гэдэг өндөр хэргэм. Маш их хариуцлага бидэнд ногдож байгаа. Би хэдийгээр ОХУ-д ажиллаж амьдарч байгаа ч Монгол Улсынхаа шинжлэх ухааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэж боддог. Монголд Үндэсний тооцоолох төвийг байгуулах боломжтой. Манай ШУА ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт ч энэ зорилт орсон байдаг. Энэ бол ОХУ-д миний хариуцаж хийж байгаа ажил. Багаж том байж их ажил хийнэ. Тиймээс бид том багажтай болох ёстой. Тэр нь Үндэсний тооцоолох төв” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа академичдад хариу талархал илэрхийлж, “Хүссэн хүсээгүй бид эрдэмтэд, академичиддаа хөгжлийн загвараа захиалах цаг үе тулж ирсэн. Гадаадад ажиллаж амьдарч байгаа эрдэмтдийнхээ оролцоог татах нь төрийн бодлого байх болно” гэлээ.

1 Сэтгэгдэл
Улсын мэдлийн сургуулийн чадваргүй нэг нөхөр баахан лоббидож бж академич болсон гэж сонслоо. Өнгөрсөн онд тэнцээгүй юм гэсэн.
Хамгийн их уншсан