Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Энхтүвшин:Үндэсний бахархал болсон брэнд үлгэрийн баатартай болох ёстой  

Хүүхэлдэй урлаач Ч.Энхтүвшинтэй ярилцлаа. Тэрээр 2005 оноос хойш монгол хүний эртний төрхийг харуулсан хүүхэлдэй урлах ажилд бие сэтгэлээ зориулсан нэгэн. “Монгол брэндээ дэлхийд сурталчлах цаг нь болсон” гэж үргэлж ярьж, зорилгоо биелүүлэхээр тууштай хөдөлмөрлөж яваа тэрээр 2006 онд “National Geographic”-ийн урилгаар эх орноо төлөөлөн АНУ-д анхны үзэсгэлэнгээ гаргаж байснаас хойш Атланта, Техас, Сан Франциско, Япон гээд олон улсад бүтээлээ толилуулжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Хүүхэлдэйнүүдийг тань харахаар их өвөрмөц төрхтэй. Хүннүгийн энэ төрхийг яаж олсон бэ?
-Яахав миний дотоод сэтгэлийн ихэнх нь энэ ажилдаа орчихсон. Байнга л бодоод яваад байхаар тухайн цаг үедээ орчихдог юм. Заримдаа зүүдэлдэг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан чинь нэг зүйлд хамаг анхаарлаа хандуулаад, сэтгэлээ зориулчихаар ингэдэг юм байна. Нөгөө талаас тодорхой судалгаанд тулгуурласан. Хүннүгийн цаг үед амьдарч байсан хүний палеонтологийн олдворын дүгнэлтээс харвал тэр үеийн хүн монхор хамартай, дагз нь арагшаа түрсэн гэдэг нь тодорхой болоод ирнэ. Дашрамд сонирхуулахад Хүннүгийн үеийн археологийн олдвор хүүхэлдэйгээр бид “N’coosh” брэндийн лого хийсэн. Тэр үед хүүхэлдэй урлаж байжээ гэсэн үг. Цаашилбал, энэ урлалын үүсэл нь 2200-гаад жилийн өмнө болж таарна. Одоо л хүүхэлдэй урлал сэргээх гээд яваа болохоос монголчууд аль эрт үүсгэсэн зүйл байх нь. Миний хувьд арьсан барималаа Оюуны өмчийн газарт бүртгүүлж, зохиогчийн эрх, оюуны өмчийн эрхийг нь авсан. Энэхүү арьсан баримал гэх хавтгай зүйлийг 3D, 4D болгож ирснээр нэг шат ахиулсан гэж  хэлж болно.

-Энэхүү арьсан хүүхэлдэйг харахад их нарийн ур ухаан шаардлагатай бололтой?

-Тийм шүү. Дээрээс нь бүх зүйлээ өөрөө хийдэг. Загвараа гаргана. Санаагаа баяжуулна, дүрээ тодруулна, хувцсыг нь оёно, нэхнэ, хамтгамал хийнэ, төмөр хийцүүдээр сийлнэ, цоолно, арьсаа өөрөө боловсруулна, товойлгоно. Энэ дүрүүдийн бүх зүйлийг өөрөө хийнэ. Үсийг нь гэхэд сарлагийн савгаар урлан хийж байгаа юм. Мөн зарим нэг зүйлийн зохилдлогоог олж, загвар гаргаж сэтгэж байгаагаараа миний бүтээл болж байгаа юм. Ер нь энэ хүүхэлдэйг хийхэд баримлын ажиллагаа, дарханы ажил, оёдол, нэхмэл арьсны үдээр хадаар гэх мэтчилэн хийхгүй зүйл байхгүй. Ер олон мэргэжил хослоно. Гэхдээ хэн болох нь хамаагүй, ямар болох нь л чухал. Би ингэж харсан. Үүнийгээ бүрэн хийж байгаа нь чухал. Ерөөсөө миний дотоод ертөнцийн илэрхийлэл. Би үлгэрийн орноор л амьдардаг байх нь байна шүү дээ.

-Хийж буй уран бүтээлээс тань харахад нэлээд үндэсний үзэлтэй юм шиг анзаарагдах юм?
-Би их үндэсний үзэлтэй, эх орондоо тун хайртай хүн. Намайг АНУ-д үзэсгэлэн гаргаад явж байхад тэндэхийн хүмүүс энд үлдчих, чамайг дэмжье, уран бүтээлээ хийгээд явбал амжилтад хүрнэ гэж хэлдэг байсан. Монголыг бодвол уран бүтээлчийг дэмждэг, ойлгодог, чамайг хамгаалах хууль эрх зүй нь хавьгүй сайн гэж их ятгаж байлаа. Гэхдээ би үгүй ээ, эх орондоо л хурдхан харих минь гэж хэлээд ирсэн.
2006 онд 208 хүүхэлдэйгээр үзэсгэлэн гаргасан. Бүгд өөр өөрийн зан араншин, үйл хөдлөлтэй. Тэнд байсан бүх хүүхэлдэйг гадаадынхан худалдан авч, одоо зураг л үлдсэн. Дотоодод бүтээлээ борлуулах гэхээр хүмүүсийн амьдралын түвшин доогуур, худалдаж авах болоогүй байна л даа. Манай хүүхэлдэйнд монголд байдаг маш олон төрлийн материал ордог. Арьс, үс, сур, явуу, сувд, шүр гээд л. Тэгээд үнэ нь 100 ам.доллар гэж тогтооё. Гэтэл АНУ-ын Аляска мужид аваачвал үнэ нь 700-800 ам.доллар хүрнэ. Аляскад жилдээ сая гаруй жуулчин ирдэг. Тэр их мөнгө олоод, юу ч бодохгүй амьдарч болохоор л байгаа юм. Гэхдээ би тэгэхгүй, эх орондоо байх дуртай. Зүрх сэтгэлээ дагаад, үүх түүх соёлоо дэлхийд таниулахаар хичээж явна.



-Ингэхэд дэлхий дахинд хүүхэлдэйн урлал хэр хөгжсөн байдаг бол?
-Маш их хөгжсөн, ялангуяа Японд. Японы хүүхэлдэйн кино бол айхтар шүү дээ, шууд Холливуд руу гарах боломжтой. Магадгүй манай улс Японтой байгуулсан хамтын ажиллагаагаараа дамжуулаад дэлхийн тавцанд гарах зам ч байж болох юм.
Ер нь миний хүүхэлдэйнүүд хаан урлаг хэмээгдэх баримал юм. Харин уран зургийг хатан урлаг гэж ярьдаг. Бүх талаас нь харж болж байвал тэр баримал гэсэн ойлголт бий. Тэгэхээр хийсэн хүүхэлдэйнүүд маань бүх талаасаа харагддаг, баримал болж байна. Баримлыг юугаар хийх нь хамаагүй. Мод, төмөр, хуванцар, хог, хүрэл, шавар гээд ямар ч материал ашиглаж болдог. О.Бошо гуай хүүхэлдэйнүүдийг маань харчихаад энэ ёстой амьд, сүнстэй байна гэж шагшиж байсан. Яагаад гэхээр тэр хүний бүтээл нь шаазан юм л даа. Зөвхөн урдаас нь л харж болдог шаазан. Гадуураа торго, дурдан гээд боловсруулсан хээнцэр зүйлээр чимсэн. Гэтэл дэргэд нь манай хүүхэлдэйнүүд түүхий эд материалаар л бүрдсэн гэдэг нь хавьгүй амьд, өөр харагдсан хэрэг.

-Хүүхэлдэйг хүмүүс хүүхдийнх гэж нэг хэсэг ойлгодог байхад зарим нь тоглоом гэж үздэг. Таны хувьд хүүхэлдэй гэж юу вэ?
-Тоглодог ч бай, үгүй ч бай хүүхэлдэй бол оюуны өмч, өв соёл. Хүүхэд түүгээр тоглоод түүх, ахуй уламжлалдаа суралцдаг. Театрт тоглолт хийлээ ч гэсэн оюун санааны бүтээл, хүмүүжил олгох жишээтэй. Барбара гэдэг эмэгтэйг “Барби” хүүхэлдэй болгочихсон байхгүй юу. Одоо дэлхий нийт түүгээр тоглож, хүүхдүүд хүмүүжиж байна. Миний хүүхэлдэйнүүдийг хүн сувинер байна гэдэг, байж болох л юм. Гэхдээ юу өгүүлж, харуулах гэсэн бэ гэдэг нь миний хувьд чухал л даа.

-Таныг хүүхэлдэйн кино хийх гэж байгаа талаар сонссон. Энэ тухайд?

-Холливудтай хамтарч, дэлхийд гарах өндөр чанартай бүтээл хийхсэн гэж зорьж байгаа. Энэ сардаа киноны маань зохиол анхны хувилбараар гарчихна. Дөрвөн бүлэгтэй байна. Одоогийн байгаа зохиолоор бол 4-5 цаг үргэлжлэх болчихоод байгаа. Мэдээж үүнийг хянан тохиолдуулж, редакторлаад багасгана. Бүтээлээ Холливудад гаргана гэдэгтээ ерөөсөө эргэлздэггүй. Европ, Хятад болон бусад оронд хүүхэлдэйн киноны экспо байнга болдог. Товчхон хэлэхэд тэндээс хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгч, хамтрагчаа олж бүтээлээ амилуулна. Үүний тулд маш сайн зохиол гарчихсан, ямар ямар дүр гарах, хэдэн хүн тоглох гээд бүх зүйл тодорхой болсон байх ёстой. Хийх цаг хугацаа, түүхэн улбаа, оролцогч тал, дэмжигчид нь ч тодорхой болчихвол киногоо бүтээхэд арай дөхөм болно гэж бодож байна. 


-Хүүхэлдэйн кино бол хамгийн орлоготой ч хамгийн их ажилтай төсөл. Тэгэхээр дэмжих байгууллага олдоно гэдэг жаахан хүндрэлтэй байдаг байх тийм үү?
-Бүх зүйл зохиолоос хамаарна. Зохиолоо гараас гаргаагүй байж хүн бүрээс дэм эрээд хандаад явах дэмий. Мэдээж түүх, археологи, цэрэг дайны тактик гээд олон талаас эрдэмтэн, мэргэдийн санал, зөвлөгөөг авч ажиллана. Нөгөө талаас хөрөнгө оруулагчийн туслалцаа зайлшгүй шаардлагатай. Гэвч төрийн төсөвт хүүхэлдэй урлалд зориулсан өчүүхэн ч хөрөнгө алга. Миний зорилго бол монголчуудын түүхийг дэлхийд шинээр танилцуулъя, энэ хүүхэлдэйн киног Холливудтай хамтарч бүтээх замаар монголчууддаа зам тавьж, гүүр гаргаж өгье. Мөн энэ үеэр 2-3 хүнээ хүүхэлдэйн кино бүтээхэд сургаад авъя гэх зэргээр ач холбогдлыг нь бодож байсан. Гэвч
Өвөрмонголын кино уран бүтээлчид, миний уран бүтээлийг мэддэг хүмүүс надтай ирж уулзсан. Хятадын уран бүтээлчид бидэнтэй хамтрах уу гэж ирж уулзсан хэрэг. Өвөрмонгол, Хятадын зах зээл дээр гаргахын тулд зөвшөөрөл авч хөрөнгийг нь гаргана гэсэн санал гаргасан байгаа. Удахгүй та бүхэндээ сайхан мэдээ дуулгах байх.


-Өдөрт хэдэн хүүхэлдэй урладаг вэ. Гарын шавь хэр олон болсон бэ?
-Би анх бөөг дүрсэлсэн хүүхэлдэй бүтээж байсан. 2005 онд таван хүүхэлдэй урлаж, 2006 онд оюуны эрхийн патентаа авсан. Түүнээс хойш 10 гаруй шавьтай болсон ч сүүлийн үед хамт ажиллах зав гарахгүй байна. Ер нь өдөрт 5-10 хүүхэлдэй гаргачих боломжтой. Шат дамжлагын байдлаар шавь нар маань урлаад би ерөнхийд нь гадаад зан байдал, нүүрний төрхийг нь харчихдаг. Одоо энэ бүтээлүүдээ хүүхэлдэйн кино урлаг болгоод монголчуудаа дэлхийд харуулахаар ажиллаж явна.
Уолт Диснэй анх Микки Маус зурчихаад ингэж хөдөлгөж болно, хүүхэлдэйн кино хийх гэсэн юм гээд хөрөнгө хайж 100 шахам банкаар орсон гэдэг. Тэр үед дайн болж байхад юу яриад байна аа гээд хөөгдөөд л гардаг байж. Явж явж Европын нэг банк дэмжээд хөл дээрээ боссон түүхтэй. Түүнтэй адил би ч бас юмаа хийхээр зогсолтгүй хөөцөлдөж байна. “N’coosh” нэрийн дор хүүхэлдэйнүүдээ урлалаа. Одоо дэлхийн зах зээлд гаргах нь чухал.
Монголчууд бид үндэсний гэсэн бахархал брэнд  үлгэрийн баатартай болох ёстой. Бахархалгүй бол үндэстэн мөхнө шүү дээ. Тийм учраас бахархалтай байх нь чухал. Энэ арьсан бүтээл миний нэр дээр, би дэвшүүлэн гаргаж ирж бүртгүүлсэн хэдий ч Монгол Улсын л өмч юм шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан