Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, физикч Л.Бямбажаргалтай ярилцлаа.
–ЖДҮ-ийн зээлийг сайд, УИХ-ын гишүүд хувааж авсан нь илэрч эрх баригч намд сонгогчдын итгэл алдарлаа. Улс төрд үүссэн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна?
-ЖДҮХС-гийн зээлийг тойрсон асуудал бол том мөсөн уулын орой төдий юм. Үнэндээ бол 60-аад тэрбум төгрөгийг жаран хэдэн гишүүндээ квотоор хуваагаад өгчихсөн шиг байгаа юм. Нэг гишүүн тэрбум төгрөг гэхээр нөгөө “Хүүдий хүүдий мөнгөөр хүрээгээ хүрээгээ худалдсан ноёд” гэж дуунд гардаг шиг муухай сонсогдоно гэж үзээд 950 сая төгрөгөөр тооцон хуваарилалт хийсэн байж магадгүй. Өнөөдөр жирийн албан хаагч хэрэглээний зээл ямар хүүтэй байдгийг бүгд мэдэж байгаа. Бизнес эрхлэгч сард хэдэн хувийн хүүтэй зээл авч байгаа билээ. Банк бус санхүүгийн байгууллагын зээл хамгийн багадаа 3-4 хувийн хүүтэй гэж үзэхэд жилийн 36 хувь, тэгэхээр тэрбум төгрөгийн хүү нь жилийн 360 сая төгрөг гэсэн үг. Нөгөөх нь гурван хувийн хүүтэй гэхээр 30 сая төгрөг. Ингээд ЖДҮХС-гаас зээл авсан сайд, гишүүд хамгийн багадаа жилд 330 сая төгрөг хүүлж байна. Гурван жилийн хугацаатай зээл аваад буцаагаад төлөхөд бараг тэрбум төгрөгийн ашиг өөрт нь унаж байгаа биз. Зээл авсан нь илрэнгүүт өнөөдөр “Буцаагаад авахгүй юу”, “Төлчихье, муухай л юм болж” гэж том дуугараад байгаа нь ийм учиртай. Ер нь бол зээл авсан хүн түүнийгээ төлнө гэдэг амаргүй. Тэр мөнгө нэг бол үйлдвэр аж ахуйн газар, эсвэл үхэр мал, тариа будаа болоод байж байх ёстой шүү дээ. Үйлдвэр бол үйлдвэр. Гэтэл тэд Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулаад мөнгө хүүлчихсэн учраас нөгөөх нь бэлэн байж байна шүү дээ. “Өгчихье”, “Төлчихье” гээд байгаа нь ийм юм. Үүний эх сурвалж болсон Д.Батзориг сайдаар Засгийн газар нь туг тахичихлаа. Уг нь эхлэлийг нь тавьчихаад явчихсан хүн нь Ж.Эрдэнэбатын танхим, ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн юм. Өөрөөр хэлбэл, ЖДҮ-ийг дэмжихэд Засгийн газар бодлогоо гаргаж, түлхүүр тааруулаад банкинд өгдөг. Банк барьцаа хөрөнгө гэхчлэн бүх юмыг нь шалгаад зээл олгодог. Нэгэнт банкнаас олгогдож байгаа зээл учраас Монголбанкинд тэр нь бүртгэгдээд, Банк бус санхүүгийн байгууллагаар дамжиж мөнгө угаах бололцоогүй болдог. Өмнө нь ийм зарчмаар явж байсан. 2016 онд хугацааг нь сунгаж, хэмжээг 1-2 тэрбум болгочихсон. Ингээд Банк бус санхүүгийн байгууллагаар дамждаггүй, төсвөөс шууд компанийн данс руу шилждэг. Өөрөөр хэлбэл, зээлийн бүртгэлжилт явагдахгүй гэсэн үг. Ингэхээр хэн нь яаж дутах вэ, бүгд авчихсан. Зарчмын алдаа гаргасан тэр нөхдүүд булхайны эх суурийг тавьж, хоёрдугаарт ЖДҮ-ийг дэмжих сан гэдэг нь жижиг, дунд үйлдвэрт огт зарцуулагдаагүй юм байна. Нөгөө талаас, зээл авсан нөхдүүд бүгд тэрбумтан байгаа. Тэр байтугай ЖДҮ-ийн зээл авсан банк хүртэл дуулдаж байна. 52 тэрбумын хөрөнгөтэй хүн чиг л авч байдаг. Монголын толгой компаниуд хуваагаад авч байдаг. Тэгэхээр ямар нэгэн зээлийн зориулалт, хязгаар байхгүйн шинж юм.
ЕРӨНХИЙ САЙД СЭЛМЭЭ СУГАЛЧИХААД БУЦААГААД ХУЙЛЧИХДАГ БАЙЖ БОЛОХГҮЙ
–Өмнө нь ямар зарчмаар явж ирсэн юм бол, та мэдэж байна уу?
-Э.Бат-Үүл хотын дарга байхдаа ийм санаачилга гаргасан, хороо болгонд Хадгаламж зээлийн хоршоо байгуулъя гээд. Тэр нь сарын нэг хувийн хүүтэй зээл өгдөг. Нийслэл 150 хороотой, нэг хороонд зуун сая төгрөг гэхээр 15 тэрбум орчим төгрөг болж байгаа юм. 15 тэрбум гэхээр их тоо шиг сонсогдоно. Ингээд асуудал яриад эхэлтэл Банк бус санхүүгийн байгууллага, холбоод “Манайх хэрэгжүүлье” гээд дайрчихсан. Дараа нь бүгд алга болчихсон. Э.Бат-Үүл ямар шаардлага тавьсан бэ гэвэл, нэгдүгээрт тухайн хорооны оршин суугч байна, хоёрдугаарт, зээлийн хэмжээ таван саяас хэтрэхгүй гэсэн. Ингэхээр том тэрбумтангууд таван сая төгрөг сонин биш гээд алга болсон. Зээл ч зөв явж, жинхэнэ эзэндээ хүрсэн. Гэтэл ЖДҮ-ийн зээлийг томруулчихаар томчууд нь авчихаж байна шүү дээ. Ингээд яривал, өнөөдөр улсын төсвийг 10 мянгөн төгрөг гэж бодоход тэр доторх 50 төгрөгийн хэрүүл болж байна. Гэтэл 10 мянга дотор чинь түүнээс ч их юм явж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, 400 төгрөг нь баахан зураггүй байшинд явж байна. 350 орчим нь гишүүд мөнгө болоод явчихаж байгаа. Ингээд мянган төгрөг нь сул явчихаж байна гэсэн үг. Үндсэндээ улстөрчдийн араас нь тооцох хяналтгүй, хариуцлагагүй, хамаарал бүхий этгээдүүдээр дамжих бололцоо нь бүрдчихсэн мөнгө явж байна гэсэн үг. Энэ утгаар нь аваад үзвэл, улсын төсвийн алдагдал нэг тэрбум төгрөг болно. Тэгэхээр эхлээд төсвөө алдагдалгүй хийчих хэрэгтэй. Хоёрдугаарт үр ашиггүй зардал гэх юм уу, хөрөнгө оруулалтыг хавтгайрсан гэж болох юм. Ингэж суурин дээрээ бууж байж явахгүй бол манайх 1990 оноос хойш улсын төсөв хүрдэггүй, төсөв алдагдалтай баталдаг байдлаар яваад сурчихжээ.
–Энэ бүхнээс үүдэж нийгэм маш их бухимдаж байна?
-Тэр аргагүй. Зээл эзэндээ хүрсэн бол 20 сая төгрөгтэй хүн хөөрхөн ЖДҮ хийчих боломжтой. Манайд 250 сая хүртэлх төгрөгийн орлоготой аж ахуй нэгжүүд бий. Орлого нь тэрбумаас доош байвал татварыг нэг хувь болгочих хэрэгтэй. Энэ нь асар том хөнгөлөлт болно. Хоёрдугаарт, ЖДҮ болгон гарааны ижил нөхцөл үйлчилдэг баймаар. Өнөөдөр зээл авсан нь илүү яваад, аваагүйгээ татаж унагаад байна. Нэг нь жилийн 36 хувийн хүүтэй мөнгөн дээр, нөгөө нь гурван хувийн хүүтэй мөнгөн дээр бизнес хийж буй хоёр хүний хэнийх нь бизнес илүү явах вэ. Энэ нь өрсөлдөөнийг автоматаар хаачихаад байна. Өнөөдөр яагаад бизнесмэнүүд улс төрд олноор орж мөнгө, эрх мэдэл хоёр ойртоод байна вэ гэвэл, манайх мөнгөний баялгийг дахин хуваарилдаг төсөвтэй. Өөрөөр хэлбэл, хамгийн том худалдан авагч, хамгийн том хөрөнгө оруулагч нь төр өөрөө юм. Тэгэхээр тэр хувааирлалтад оролцож байгаа бол тэндээс хувь хүртэх нь улстөрчдийн өөрсдийнх нь эрх, үүрэг болчихоод байгаа. Энд л манай төрийн зовлон байгаа. ЖДҮ-ийн зээлийг зориулалтын дагуу ажиллуулж байгаа хүн ч байгаа байх. Манайхан нэг юманд туйлшрахаараа хэцүү. Магадгүй одоо зээлээ зориулалтын дагуу зарцуулж, ажлаа хийж байгаа хүмүүс рүү очоод дарамтлаад унах вий.
У.ХҮРЭЛСҮХИЙГ БОДВОЛ Ж.МӨНХБАТ УЛС ТӨРИЙН МЭДРЭМЖТЭЙ ЮМ
–ЖДҮ-ийн зээлийг сайд, гишүүд хувааж авсан асуудлаас үүдэж Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санал оруулсан. Эрх баригч нам дотроо хагаралдаж 27 гишүүн Засгийн газраа огцруулах бичиг өргөн барилаа. Засгаа авч үлдээд УИХ-аа тараая гэж байгаа гишүүд ч байна?
-Засгийн газар битгий хэл УИХ тарах бүх болзол хангагдчихсан. Гэтэл бие биеэ барьцаалаад байна. Нэг хэсэг нь Засгийн газраа огцруулъя гэлээ. Нөгөө нь УИХ-ыг тараая гэнэ. Хоёуланг нь тараая гээсн хэсэг ч гарч ирэх юм байна. Энэ гурван хэсэг юун дээр очиж нийлэх вэ гэвэл тодорхой нэр нөлөө бүхий хүмүүстэйгээ хариуцлага тооцох ёстой. Түүнээс хавтгайруулж болохгүй. Жишээ нь, нэг хулгайчийг бариад авбал, Монголын бүх хулгайчийг бариарай гээд байж болохгүй биз дээ. Монголд илрээгүй хулгайн хэрэг зөндөө л байгаа. У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайд Д.Батзоригийг огцруулахаар эхлүүлсэн бол чигээрээ урагшаа явах ёстой байсан. Сэлмээ гаргаж далайснаа хуйнд нь буцаагаад хийчихдэг байж болохгүй. М.Энхболд өөрийн эрхийн хүрээнд Ерөнхий аудиторыг ажлаа өгөхийг шаардсан, нөгөөх нь өгсөн үү, үгүй юү. Ерөнхийлөгчийн хувьд эхний шийдвэр нь зөв байсан юм. Гэтэл хажуугаар нь “юун гуя вэ” гэдэг шиг 500 тэрбумын асуудал орж ирээд өөрөө ч нэр хүндгүй болоод, цаад хоригийн агуулга ч өөр болчихлоо. Дээр нь нэг нэг зөвлөх, нэг албаны дарга нь ЖДҮ-ийн зээлтэй холбоотойгоор чөлөөлөгдлөө. Үнэндээ бол улсын төсөв дэх 400 гаруй тэрбум гээд байгаа нь үндсэндээ гишүүдийн хуваарилсан, орон нутагт тараасан мөнгө шүү дээ. Тэр нь ямар ч зураг төсөлгүй явж байгаа. Төсвийн тухай хуульд зураг төсөлгүй бол улсын төсөвт суулгахыг хориглодог санагдана. Одоо ямар болсон юм бол. Хэт олонх болчихоороо хуульд маш хурдан засвар оруулчихдаг. Зарим заалт “хүүе” гэхийн завгүй алга болчихдог. Тэгэхээр түүний эсрэг 500 тэрбумыг хөдөө аж ахуйд зарцуул гэж оруулдаг нь зөв санаа ч бас л зураг төсөлгүй харилцан барьцаалс ан юм шиг болчихож байгаа юм. Тэр нь Ерөнхийлөгчийн хоригийн хүчийг сулруулчихлаа.
–Хариуцлагыг хавтгайруулж байна гэлээ. Яавал шударга болгох вэ?
-Нэг хүнээс эхэлдэг нь зөв. Д.Батзоригийг огцрууллаа гэж байна. Тэгээд дараа дараагийнхыг хариуцлага тооцоод явах хэрэгтэй. ЖДҮ-ийн зээл ярьснаас хойш өдөр бүхэн шинэ хүн гарч ирээд байна шүү дээ. Сүүлийн үед интернэт, сошиал ертөнцийг харж байхад бүх юм дэлгээтэй байна. Эндээс хоёр юмны үр дүн гарч байна. Муу хэлээд байдаг Ц.Элбэгдоржийн “Шилэн данс”, нөгөөх нь Бүртгэлийн тухай хууль. Өөрөөр хэлбэл, ямар компани вэ, эзэмшигч нь хэн бэ гэдэг нь иргэдэд нээлттэй болчихлоо. Тэгэхгүй бол эцэг эх, эхнэр хүүхдээ танихгүй байгаа энэ улс чинь компанийг танихгүй гэх юу ч биш. Үүний хүчинд цаашаа асуудал явж байна.
Сэтгүүлчид сайн мэдэх байх, ЖДҮХС нь “Мэдээлэл өгөхгүй” гэвэл дуусаа шүү дээ. Одоо “Шилэн данс”-тай, тийшээ мөнгө шилжчихсэн, тэр компанийг хэн эзэмшдэг вэ, Улсын бүртгэл дээр нэр оруулахад бүх зүйл гараад ирнэ. Дээр нь “Хамаарал бүхий этгээд” гэдгийг маш сайн тодотгож өгөх ёстой. Тэгэхгүй бол маш сонин заалт юм байна лээ. Хамаатан саднаас илүү бизнесийн хамтрагчид байдаг. Нам хамаагүй бизнесийн нэгдлүүд бий. Тиймээс хамаарал бүхий гэдгийг юу гэж ойлгох вэ, энэ маш чухал. Жишээ нь, би Б.Наранхүү, М.Энхболд хоёрыг хамаарал бүхий этгээд гэж үздэг. Газрын асуудлаар холбогдчихсон. Дүнжингаравыг бариад авсан. Түүнээс урагш байшин барихгүй, нийслэлийн цэвэр усны цэг гэсэн. Гэтэл барилгаар дүүрчихсэн. Үүнийг хэн ч мэднэ. Ямар нэртэй компани оруулж, яаж нэрээ сольж явсан бэ гэдэг өөр асуудал.
–Таны хэлсэнчлэн “барьцаалагдсан улс төр” –өөс хэн нь түрүүлж мэх хийсэн нь унах, эсвэл хожих ийм л хувилбар байх шиг?
-Мэдээж хэн түрүүлж мэх хийсэн нь унана. Гэхдээ одоо хүлээлтийн байдалд орчихсон.
–Д.Хаянхярваа гишүүн Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан. Одоо Ж.Мөнхбат гишүүн УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхлээд байна?
-Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсны хувьд Ж.Мөнхбатад улс төрийн мэдрэмж байна.
Улстөрчийн дотоод мэдрэмж гэж бий. Тэр нь илүү юм. Одоо УИХ-ын гишүүд уучлал гуйгаад байна шүү дээ, 2020 оны сонгуульд нэр дэвших гээд. Түүний оронд “Би ЖДҮХС-гаас зээл аваагүй шүү. Ямар ч холбогдол байхгүй” гээд гараад ирэх хэрэгтэй шүү дээ. Тийм хүнд тойргийг нь зоогоод өгөх хэрэгтэй. Гэтэл тийм зоригтой хүн алга. “Уучлал гуйгаад болчихноо” гэсэн У.Хүрэлсүхийн мэдэгдэл Ерөнхий сайд, намын даргын хувьд маш болчимгүй. Ер нь бол хараад байхад хоёр юм зэрэг явчихлаа. Засгийн газрын хувьд нэгдүгээрт, төсвөө батлуулах. Үүний тулд УИХ-ын гишүүдийн тойрогт мөнгө тавьж өгөөд дээрээс нь ЖДҮХС-гаас авъя гэсэн зоргоор нь зээл өг гэсэн шиг байгаа юм. Нэг гишүүнд нэг тэрбум төгрөг өгчих, хоёр жилийн дараа төлнө биз гэсэн юм болов уу даа. Төслүүдийг нь олж үзвэл дотроо юу байгаа юм бүү мэд. Уг нь 950 сая төгрөг авахын тулд дор хаяж 90 хуудас материал бүрдүүлсэн байх ёстой. Ядаж тэрийг нь олж үзмээр байгаа юм. Үнэхээр тэр дотор “Эрдэнэ мэт дүүтэй” хүний эгэлгүй төсөл байхыг ч үгүйсгэхгүй. Зүгээр бие биеэсээ хуулаад тавьчихсан байж ч мэднэ. Эсвэл огт төсөлгүй өгчихөж үү. Байдлыг эхнээс нь харж байхад үйл явдал эхэндээ зөв байсан, одоо ямар ч үр дүнгүй болж мэднэ. Засгийн газар ч огцрохгүй, УИХ ч тарахгүй. Ерөнхийлөгчийн хувьд өөрийн эрх мэдлийн хүрээнд санал оруулж, хориг тавьж үзэж байна. Бодит эрх мэдэл бол байхгүй. Гудамжнаас иргэд жагсч, цуглаж байгаа. Тэдний зорилго бас өөрчлөгдөх магадлалтай. УИХ-ыг тараая гээд жагсч байхад, нөгөө талд Засгийн газрыг огцруулъя гээд. Ингээд нэг үзүүр рүү явж байсан нийгмийг талцуулж мэднэ.
ХАРИУЦЛАГА ТООЦСОНООР ТӨР ЦЭВЭРШИХ НЬ ГЭСЭН ИТГЭЛ БИЙ БОЛНО
–Энэ тохиолдолд эрх баригч намын үүрэг юу байх вэ?
-У.Хүрэлсүх биш, гэхдээ тэр хүний оронд байсан бол яах байв гээд бодвол янз бүрийн гаргалгаа байна. Би байсан бол Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад төсөвт 500 тэрбумыг суулгалгүй, 417 тэрбумыг шууд хасаад явна. Алдагдалтай төсөв батлах гээд байгаа нь зээл авах гээд байгаа юм уу, бонд гаргах гээд байгаа юм уу, ардаа ийм юм заавал байна гэсэн үг. Ядаж төсвийнхөө алдагдлыг 50 хувь бууруулчих хэрэгтэй. Ирэх жилд хойч үедээ өр биш өглөг үлдээх гэж байгаа бол алдагдалгүй төсөв батал. Ерөнхий сайд бол намын дарга. Өөрийнх нь нам эрх барьж байна. Тиймээс танхимын гишүүд, дэд сайдууд, УИХ дахь намын гишүүн, яам, агентлагийн дарга нар нь ЖДҮ-ийн зээл авсан бол дуудаж гаргаж ирээд, олон нийтэд зарлаад хариуцлага тооц. Мөнгө мөргүй алга болдог эд биш хаачив, ялгаа салгааг нь гарга. УИХ-ын гишүүн ЖДҮ-ийн зээл авчихсан байх муухай гэж бодъё, ядаж зориулалтын дагуу нэг төгрөг зарж уу гэдгийг шалга. Өөрөөр хэлбэл, “Говь” саун гэдэг чинь ЖДҮ мөн үү. Капитрон банк ЖДҮ юм уу. Түний хажууд Ж.Энхбаярын 30 хувийг нь эзэмшдэг үхрийн фермер зээлээр үхэр худалдаж авч уу, хэдэн үхэр харуулчихаад мөнгө эргэлдүүлж байна уу. Бас тийм аюул бий.
–Яаж тэр билээ?
-Манайхан мах, сүү, хөдөө аж ахуйн салбар гээд ярьдаг. Тэр нь мөнгө эргэлдүүлдэг том салбар болчихож байгаа юм биш биз. Эрчимжсэн мал аж ахуй, үхэр өсгөж байна гэж яриад байдаг. Бидний татварын мөнгө яваад байдаг. Гэтэл тэр нь төв суурин газрын махны хэрэгцээ, нийлүүлэлт, үнийн хувьд ч ямар ч нөлөөгүй. Сүүний чиглэлийнх нь хэдэн хувьтай байдгийг мэдэхгүй. Ингээд үзэхэд стратегийн зориулалтыг мөнгө угаадаг үзүүлэн болгочихож буй юм биш биз, сүүлийн үед би ингэж хардаад байгаа юм.Тэгэхээр Ерөнхий сайд асуудлыг эхнээс нь ийм байдлаар авч үзэж, хариуцлагыг шат дараатай эхлүүлэх хэрэгтэй. “Чи авгайдаа зээл авч өгчээ, энэ арай хэтэрчээ” , “Чи банк бус санхүүгийн байгууллага байгуулжээ, энэ хэтэрнээ” гээд эхлүүл. Ядаж Монгол Улсын төр цэвэршихийн тулд бага зэрэг итгэл үнэмшил бий болгохын тулд нэр бүхий хүрээнд үз л дээ. 76 гишүүн, Ерөнхийлөгч, дээр нь Ерөнхий сайд, салбарын сайд, дэд сайд, яам, агентлагийн дарга нар гэхчлэн 150-160 хүн бий. Дээр нь аймгийн Засаг даргын орлогч нар байна. Бүгдийг нь жагсаагаад АТГ-аар шалгуулчих.
Эхлээд өөрсдөөр нь яриулах хэрэгтэй. Авсан уу, авсан бол зээлээ яасан бэ гээд. Түүнээс “Хүрээний булайг тоочих юм бол чи бид хоёрын нас гүйцэхгүй” гэдэг шиг болно. Ингээд эхнээс нь явахад болохгүй юм үгүй. Өдөрт таван хүний асуудлыг танилцуулчихаад байвал нийгэмд сонирхолтой, сэтгүүлчдэд зугаатай. Ингэж чадвал дараа, дараагийн Засгийн газар, УИХ-ын гишүүдэд жишиг болно.
–Тэгж чадахгүй “сөрсөн базаа” гэгч болчих гээд байх шиг?
-Хэрэв тэгвэл төрийн тогтворгүй байдал үүснэ. Жагсаал, цуглаан даамжирвал эвгүй. Ер нь бол эрх баригч намыг хараад байхад доторх хүчний харьцаа, хуваагдал тэнцүү юм уу гэж ойлгосон. Ямар ч байсан 32, 32-оор хуваагдчихсан. Тиймээс бие биеэ түлхэж үзээд, яг сэлэм эргүүлэхэд ялах уу, үгүй юу гэдэг ч эргэлзээтэй болчихлоо. Жишээ нь, У.Хүрэлсүх сэлмээ гаргаж ирээд яг далайх гэж байснаа буцаагаад хуйнд нь хийчихэж байна шүү дээ. М.Энхболд үнэхээр өөрийнх нь талд асуудал байхгүй бол гарч ирээд ярьж болно. Аль нэг тал нь зөв гаргалгаа гаргаж ирээд ярихад болохгүй юм үгүй. Өөрөөр хэлбэл, нөгөө талаа цэвэрлэнэ гэсэн үг.
АН-ЫН ХУВЬ НЭМЭР ШУДАРГА ТАЛД НЬ БАТ ЗОГСОХ
–УИХ-ын дарга өнөөгийн нөхцөл байдалд ямар эрх, үүрэгтэй вэ?
-УИХ-ын дарга гэдэг манайд маш сонин албан тушаал шүү. Дарга гээд байгаа болохоос хурал удирдаж байгаа л хүн. Тийм учраас 76 гишүүний нэг гэсэн үг. Хэдхэн зүйл дээр давуу эрхтэй. Хэлэлцэх асуудал оруулна, алх цохино, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн гэдэг ч кноп дарах эрх нь адил. УИХ-ын дарга нэг ч томилгоо явуулдаггүй байх. Оруулж ирж томилуулах болохоос ямар ч нөлөө байхгүй.
–Одоо сөрөг хүчин, УИХ дахь цөөнх АН-ын улс төр дэх оролцоо ямар байх бол?
Төрөө нураахаар өрөө тэглэе. Төр нь ч өргүй, түшээд нь ч өргүй, иргэд нь ч өргүй байх ийм л асуудал.
-УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хэлж байгаагаар бол Ч.Улааныг сайдад дэвшүүлэхийг дэмжихгүй, Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ, ЖДҮ-ийн зээл авагчдыг хөөж явуулахыг дэмжинэ, Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ, УИХ-ын гишүүд унах гээд ороод ирвэл унагаана гэж ойлгосон. МАН-ын 32, 32-оор хуваагдсан талцал дотроос бас ч гэж зөв, шударгыг хүссэн, буруу нөхдүүдтэй “хам хэрэгтэн” болохыг хүсэхгүй байгаа гишүүд бий байх. Ядаж өөрийн нэрийг цэвэр авч үлдэх гэсэн нөхөд байж таарна. Тэд ялгарах байх. Ядаж 10 гишүүн гарна. Тэгэхээр АН-ынхан аль шударга талыг нь дэмжих байх. Засгийн газрыг шахаж ёс зүйгүй, буруу муу юм хийсэн сайд нарыг нь огцруулах хэрэгтэй. УИХ-ыг ч гэсэн шахаж байгаад ёс зүйгүй, муу юм хийдэг гишүүдийг түдгэлзүүлээд явуулчихмаар байна шүү дээ. Миний хувьд шударга ёс тогтоох талаас ингэж л харж байгаа. Гол нь Засгийн газраас нэр бүхий сайд нараа огцруул, УИХ-аас нэр бүхий гишүүдээ явуул. Ганц Д.Батзориг бол хариуцлага тооцчихсон хэрэг биш. Цаана байгаа хүмүүсээ оруулж ир. Төрөө нураахаар өрөө тэглэе. Төр нь ч өргүй, түшээд нь ч өргүй, иргэд нь ч өргүй байх ийм л асуудал. Үнэхээр асуудал шийдье гэж байгаа бол АН маш тодорхой зүйлүүдийг гаргаж тавих хэрэгтэй.
–ЖДҮХС-гийн дараах “тэсрэх бөмбөг” нь АСЕМ гэсэн хүлээлт нийгэмд бас үүсээд байна?
-АСЕМ-аас хэдэн тэрбумаар нь идэж уусан гэх юм. Тийм их мөнгө тэнд байгаагүй. Зочид буудлууд нь зуун задгай, Богд уулын арын зам дуусаагүй. Манайхан нэг юм болохоор айл амьтнаас гуйж болгодог шиг тухайн үедээ гуйлга түүлгээр болгоод өнгөрсөн. Гаргаж ирээд байгаа зөрчилтэй мөнгө гэдэг нь тоо нь тодорхой биш. Гэхдээ нийт тоог үзвэл хоёр тэрбум хүрэхтэй үгүйтэй мөнгө шиг байна лээ. 10 саяыг хөтлөгчид гэрээгүй өгчихөж, тайзыг тендер зарлалгүй засчихаж гэх мэтчилэн 20-30 сая төгрөг ярьсаар нийтдээ хоёр тэрбум болох юм шиг билээ. Гэхдээ нарийн тоог нь ил гаргаж зарлахгүй байна. Нөгөө талаас АСЕМ болсон цаг үе, зохион байгуулж, нээж, хааж, тооцоо гаргасан бүх үүрэг Ардын намд байсан. АСЕМ болох гээд маш түргэн томилогдсон Ерөнхий сайд байх шүү, Ж.Эрдэнэбат. Сонгуулийн хэл ам дуусаагүй байхад, дөнгөж наадмын өмнөхөн томилогдсон. Хотын дарга ч адил. Э.Бат-Үүлийн хэлдэг үнэн л дээ, АСЕМ болох гэж байхад би гэртээ телевизор хараад сууж байсан, мэдэхгүй гэсэн нь. Тэгэхээр одоо АСЕМ-тай холбоотой хэл ам гарвал Ардын нам л хариуцна. Ерөнхийлөгчийн Тамгын газартай холбоотой гээд байгаа асуудал ч адил. Яагаад гэвэл, мөнгө мэдэж зарцуулах эрхгүй газар шүү дээ. Бүх зохион байгуулалтыг Засгийн газар хийсэн. Тэгэхээр АСЕМ мөн л “сөрсөн базаа”, гэхдээ тэрэнд ямар ч ач холбогдол байхгүй.
–Улс төрд өрнөсөн энэ үйл явцыг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Төр цэгцрэх төвөргөөн” гэж дүгнэсэн байсан. Ер нь энэ том нүргээний дараа сонгогчдын итгэл үнэмшил хаашаа явах бол. 2020 онд юу болох бол?
-Манайхан юмыг мартахдаа амархан. Тэгэхээр мартчихна биз дээ. Энэ сонгогчдын боловсролд нөлөөлөөд хариуцлагатай болгохгүй байх. Харин ч төрд байсан нөхдүүд хулгайч байгаад хулгай хийхээсээ ичдэг байсан бол 2020 онд хулгай хийж гаршаад бүр цайчихсан нөхдүүд гарч ирэх вий. “Би уучлал гуйчихсан шүү дээ. Намайг хууль, хяналтын байгууллага буруугүй гээд гаргасан” гээд ичих ч үгүй нэр дэвшинэ. Ийм болох вий гэхээс би айж байна. Ерөнхий сайдын болчимгүй үг чинь тэр байхгүй юу. “Уучлал гуйхгүй бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэсэн. Нөгөөх нь “Би уучлаарай гээд хэлчихсэн шүү дээ, ингээд болоо. Надаар өөр яалгах гээд байгаа юм бэ, би та нараас уучлал гуйлаа. УИХ дээр намайг буруугүй гээд аваад үлдсэн” гээд жишим ч үгүй зогсч байх вий. Сая сэтгүүлчид харсан байх, М.Оюунчимэг гишүүн Ерөнхий прокурор руу яаж дайрч давшиллаа. УИХ дээр хэрэг оруулж ир гээд байна шүү дээ, гэтэл УИХ шүүх биш. Тэр С.Баяр, С.Баярцогтын хэргийг АТГ, шүүх, прокурор нь шалгадаг номоороо шалгаад явж байгаа. УИХ-д оруулж ирдэг шалтгаан нь “Энэ хэргийн холбогдогч нь та нарын дунд сууж байгаа” гэсэн үг. Гэтэл “Бусдыг нь яасан бэ, ар араас нь оруулаад ир. АСЕМ яасан. Тэрийг оруулж ир” гээд байх юм. Тэр чинь хуулийнхны асуудал. Тэдэнтэй тэдэнгүй хууль дүрмээрээ шийднэ. Ингээд үзэхээр 2020 оны сонгуулиар олон хулгайч нар орж ирэх үндэслэл байгаа нь Д.Батзоригийг авч үлдсэн явдлаас харагдаж байгаа юм.
Зууны мэдээ
Ч.Үл-Олдох