Даяаршилын эрин үед улс үндэстний давтагдашгүй онцлогийн илэрхийлэл нь өв соёл билээ. Тиймээс өв соёлоо биетээр өвлөн тээж дамжуулах нь монгол хүний үүрэг гэлтэй. Монголын ирээдүй болсон хүүхэд бүр монгол дуугаа өвлөн дуулж чаддаг болж, дуугаар дамжуулан ёс заншил, өв уламжлал, ардын урлагийн баялаг түүхтэй танилцан түүнийгээ дээдлэн хүндэлж, дэлхий дахинд өв соёлоороо гайхагдах, эх орноороо бахархах, эх оронч сэтгэлтэй иргэн болгож төлөвших ёстой.
Өндөр дээд өвөг дээдсийнхээ энгүй их түүх соёл, өв уламжлал, эрдэм ухааныг үе үеийн ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх үүргийг гүйцэтгэж байгаа Монгол хэв шинжийг агуулсан цэцэрлэгтэй танилцсан талаарх мэдээллээ хүргэе. Жинхэнэ монгол ахуй үнэртсэн гэж хэлж болохоор энэхүү “Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг” Өвөрмонголын Хөх хотод байдаг юм. Байгуулагдаад 36 жилийн нүүр үзэж буй тус цэцэрлэг өмнө, хойд тойргийн гэсэн хоёр салбартай аж. Бидний очсон өмнө тойргийн цэцэрлэг нь одоогоос хоёр жилийн өмнө ашиглалтад оржээ. Энэхүү цэцэрлэгийг монгол гэж тодотгохын учир нь нэг ч хятад хүүхэд явдаггүй байна. “Орчин нөхцөл сайтай учир хятад эцэг, эхчүүд хүүхдээ өгөхийг ихэд хүсдэг, гэсэн хэдий ч бид авдаггүй, манай цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр монгол хэл дээр явагддаг” гэж дэд захирал Урлаг ярьж байв. Манай улсын цэцэрлэгүүд хоёр нас хүрсэн хүүхдийг элсүүлж авдаг бол энд гурван наснаас нь авдаг байна. 1000 орчим хүүхэдтэй тус цэцэрлэг нь бага, дунд, ахлах гэсэн 22 бүлэгтэй бөгөөд нэг бүлэгт 35-40 хүүхэд явдаг. Гэхдээ нэг бүлэгт хоёр багш, нэг асрагчийн хамтаар өдөрт 07:30-17:30 цагийн хооронд ажилладаг байна.
Хэдийгээр улсын цэцэрлэг ч гэлээ хоолны мөнгийг нь эцэг, эхчүүд нь төлдөг гэж байв. Нэг хүүхдийн өдрийн хоолны мөнгө нь 18 юань бөгөөд монгол төгрөгөөр тооцвол 6600. Харин цэцэрлэгийн зүгээс хүүхдүүдийн сургалтын хэрэглэгдэхүүнээс эхлээд бас бус зардалд 550 юань зарцуулдаг байна.
Хүүхдүүддээ Монгол өв соёлоо, ёс заншлаа, монгол ахуйгаа өвлүүлэн үлдээхийг эрмэлздэг нь анги танхим, орчноос нь харахад л илт. Хүүхдүүд нь ч монголоор ярьж, монгол дуу бүжиг сурч, монгол ахуйтайгаа танилцах их дуртай юм билээ. Энэ талаар цэцэрлэгийн эрхлэгч Урлаг ярихдаа “Манай цэцэрлэгийн хамт олон хүүхдүүддээ өв соёлыг нь өвлүүлэхийг илүүтэй чухалчилдаг. Хүүхдийнхээ насны онцлогт тохируулан сар бүр хичээлийнхээ агуулгыг өөрчилдөг. Тухайлбал, нэг сард нь үндэсний хувцас, дараа сард нь идээ ундаа, таван хошуу малаа танилцуулах зэргээр хичээлээ явуулдаг байгаа. Мөн даваа гараг бүрт Монголоороо гоёх өдрийг зохион байгуулдаг. Энэ өдөр цэцэрлэгийн багш ажилтнууд, хүүхдүүд монгол дээлээ өмсөж, дуулж хуурдаж, бүтэн өдрийг үндэсний соёлын өдөр болгон өнгөрүүлдэг.
Өнгөрсөн жилээс эхлэн үндэстний соёлын сарыг зохион байгуулдаг болсон. Ерөнхийдөө хүүхдүүддээ өв соёлоос гадна өдөр тутмын зөв дадал суулгаж, амьдралын ухаанд суралцуулахыг хичээдэг. Энэ ч үүднээсээ цэцэрлэгийн орчноо тохижуулсан” гэв.
Тус цэцэрлэг монгол ёс заншилтай холбоотой, хүүхдүүдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх үүднээс олон дугуйлан хичээллүүлдэг бөгөөд зарим анги, танхимаа цэцэрлэгийн хамт олон өөрсдийн нөөц хөрөнгөөр засч тохижуулсан гэж байлаа. Цэцэрлэгийн барилгын загвар, дизайн, дотоод засал чимэглэл, тохижилт, сургалтын хөтөлбөр гээд тэр чигээрээ Монгол ахуй үнэртсэн энэ цэцэрлэгээс санаа авах зүйл олон байна билээ. Үндэсний соёлоо ингэж хадгалж, түгээж, үлдээж чадаж байгаа тэднээр бахархахгүй байхын аргагүй мэт.