Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Эрдэнэтуяа: Монголын ноос ноолуурын салбарт экспортын асар их бололцоо байна

“Сор кашемир” компанийн Ерөнхий захирал М.Эрдэнэтуяатай хөнгөн аж үйлдвэрийн салбарын талаар ярилцлаа.

-“Сор Кашемир” ХХК-ийг эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээр илүү мэдэх юм. Ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт өнөөдөр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ажиллах, хөгжих боломж, бололцоо ямар байна вэ? 
-Манай компани 1997 оны сүүлчээр хөрөнгө оруулалтаа хийгээд 1998 оны хавраас үйлдвэрлэлээ эхэлсэн юм. Анхны үйлдвэр маань хялгас ялгах байлаа. Хялгас ялгах чиглэлийн үйлдвэр маань одоог хүртэл ажиллаж байна. 2007 он, 2011 онд тус бүр нэг ээрэх шугам оруулж ирсэн. Ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр зэргийг малчдаас шууд худалдаж авдаг. Манайд түүхий эдээ нийлүүлдэг малчдын хоршоо, бэлтгэлийн цогц систем бүрдүүлж хамтран ажилладаг. Ноос ноолуурын салбарт жижиг дунд үйлдвэрүүдээс хамгийн түрүүнд зоригтойгоор ээрэх үйлдвэрээ байгуулж, гүн боловсруулалт хийснээрээ онцлог. Дотоодын олон сүлжих цехийн үндсэн түүхий эд нь манай ээрсэн утас байдаг. Натурал, эко утас үйлдвэрлэж байгаа нь бидний гол онцлог. Жишээ нь, сарлагийн хөөврийг будалгүй, цайруулалгүй цэвэр эко утас хийж байна. Торомны ноосоор мөн ээрмэл утас хийж байгаа. Энэ жил манайх baby yak буюу сарлагийн тугалын хөөврөөр утас ээрч, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Өнгөрсөн 2015 онд манайх будах цехээ байгууллаа. Гэхдээ зөвхөн боловсруулсан ноолуураа будаж удахгүй ноолуураар олон өнгийн 20 гаруй төрлийн будагтай утас ээрэхээр зорьж ажиллаж байна. Сүүлийн 4-5 жилд гар сүлжмэлийн цехээ халж, Германы “Штол” маркийн компьютер машин оруулж ирэн үйлдвэрлэлдээ нэвтрүүлж эхэлсэн.
Ойрын үед бид сүлжмэлийн үйлдвэрээ өргөтгөхөөр төлөвлөсөн. Ээрэх үйлдвэрийнхээ машин тоног, төхөөрөмжийг сайжруулж, сүлжмэлийн үйлдвэрээ мөн өргөтгөнө. Мэдээж экспортод бүтээгдэхүүнээ түлхүү гаргахыг зорьж байгаа. 

-Танай үйлдвэр жилдээ хэр их хэмжээний түүхий эд бэлтгэн нөөцөлдөг вэ. Ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврийн тус бүр хэдэн хувийг нь боловсруулж, утас ээрч, бүтээгдэхүүн болж гардаг юм бэ. Хаягдал их гардаг гэдэг?
-Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 8200 тонн түүхий ноолуур гарсан. Энэ жил ямаа өссөн учраас манай Ноос ноолуурын холбооноос бидэнд өгсөн статистик мэдээгээр 8500 орчим тонн ноолуур гарна гэж байсан. Тэмээний ноосны хувьд манай улс 1200 тонны нөөцтэй. Сарлагийн хөөвөр самнаснаараа 70 тонн, хяргаснаараа бол 200 орчим тоннын нөөцтэй. Сарлагийн хөөврийг хяргахаар гарц муу байдаг учраас үйлдвэрлэлийн зардал өндөр болдог тал бий. Тиймээс бид Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн хүрээнд малчдад сургалт явуулж, сарлагийн хөөврийг хяргаж биш самнаж авахуулахаар хамтарч ажиллаж байгаа. Үндсэндээ бид найман жил хамтарч ажилласан. Тэмээний ноосны нөөцөөс 20, сарлагийн хөөврийн бэлтгэлийн 30 хувийг манай компани боловсруулдаг. Зах зээлийн үнэ ханшийн байдлаас хамаараад жилд 100-150 орчим тонн ноолуур боловсруулдаг. Манай нийт бүтээгдэхүүний экспортын 70-80 хувь нь угаасан, самнасан ноолуур. Мөн дотоодын үйлдвэрүүдийн захиалгаар утсаа ээрдэг. Экспортын хувьд самнасан ноолуураа Итали, Энэтхэг, Балба, Хятад руу гаргаж байна. Сүлжмэл бүтээгдэхүүнээр нь ОХУ, Казахстан, Германд нийлүүлж, АНУ, Солонгосын зах зээлд бүтээгдэхүүн гаргахаар анхааран ажиллаж байна. Бид үйлдвэрлэл явуулаад эхний 10 жилд нь шууд угааж самнасан ноолуураа 100 хувь экспортолсон. Харин сүүлийн жилүүдэд ээрмэл утас, сүлжмэл цамц гаргах боллоо. Нэг таатай мэдээ дуулгахад, бид Япон улсын зах зээлд ээрмэл утас экспортолж эхэлсэн. 

-Манай улс Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж үндэсний  үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ нийлүүлээд эхэлсний нэг нь танайх. Японы зах зээл хэр таатай нөхцөл боломж санал болгодог вэ?
-Өнгөрсөн долдугаар сард Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Монгол Улсын 50 гаруй компанийн төлөөллийн хамт Японд хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулахаар очсон. Энэ багт манай компанийн төлөөлөл багтсан. Японоос Монгол руу хийсэн импорт их. Харин Монголоос Япон руу экспортолсон нь маш бага юм билээ. Тэгэхээр бүтээгдэхүүнээ гаргах боломж байна гэж бодсон л доо. Япон чанарыг хангах нь чухал. Манай ноос ноолууран, сүлжмэл бүтээгдэхүүн зарагдах маш том зах зээл тэнд бий. 127 сая хүн амтай Япон улсад сүлжмэл бүтээгдэхүүний зах зээл бий. Дулаан орон учраас бид илүү нарийн эрчтэй утас үйлдвэрлэж, нимгэн хувцас үйлдвэрлэх хэрэгтэй юм гэж харсан. Манай үйлдвэр даавууны үйлдвэрүүдэд ээрмэл утас нийлүүлэх анхны гэрээгээ байгуулсан. Тэд манай үйлдвэрт ирээд маш олон загвар дээр ажиллаж байгаад эхний захиалгаа хийлээ. 

-Танай брэнд болсон сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг маш олон дамжлагаар сайн боловсруулдгийг сая харлаа л даа. Ноолуураас дутахааргүй зөөлөн утас ээрч, түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. Технологийн нэг онцлог байна уу. Хаягдал хэр их гардаг вэ?
-Боловсруулсан ноолуурын гарц 50 хувь. Тэмээний ноос бол 35 хувийн гарцтай. Харин сарлагийн хөөвөр бол 25 орчим хувийн гарцтай. Гарц нь бага ч гэсэн түүгээрээ сайн утас ээрч, бүтээгдэхүүнээ чанартай болгоход бид анхаардаг. Бэлтгэсэн хөөврийг 100 хувь гэж үзвэл 25 хувь нь л бүтээгдэхүүн болж, үлдсэн нь хаягдал болдог гэсэн үг. Тэгэхээр 25 хувийг гаргаж авахын тулд бэлтгэл дээрээ анхаарч, малчдад сургалт явуулж, маш их ажилласны хүчинд үйлдвэрлэлийн гарцыг гурван хувиар нэмэгдүүлж, 28 хувь болгож ахиц гарч эхлээд байгаа. Тэгэхээр сарлагийн хөөврийг маш сайхан зөөлрүүлж, боловсруулахад тун их анхаарч байгаа гэсэн үг. Гадаадын зөвлөх үйлчилгээний компаниудаас зөвлөгөө авч, ажилчдаа сургаж, гүйцэтгэлээ сайн хийдэг. Ийм учраас ОХУ-ын зах зээлд гаргах экспортоо нэмэгдүүлж, Казахстанд төлөөлөгчийн газраа нээхээр ажиллаж байна. 

-Танайх бүтээгдэхүүнээ дотооддоо хаана хаана борлуулдаг юм бэ?
-Үйлдвэрийнхээ дэргэдэх нэрийн барааны дэлгүүрээр үйлчилдэг. Вокзалын зүүн талын “Монголд үйлдвэрлэв” худалдааны төвд ээрмэл утсаа зардаг. Сүүлийн үед гадаадын жуулчид манай үйлдвэртэй танилцаад бүтээгдэхүүн авдаг болсон. Тиймээс энэ боломжийг бид үйлдвэрийн барааны дэлгүүртээ бүрдүүлсэн. 

-Миний хувьд энгийн хэрэглэгч учраас эко бүтээгдэхүүн гэдгийг хамгийн их ажиллагаа орсон, хөдөлмөр шингэж байж гардаг гэж ойлгодог. Ер нь түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болж гарахад хэр олон шат дамжлагаар ордог юм бол?
-Малчнаас түүхий эдээ худалдаж авахаас л бүх ажиллагаа эхэлнэ. Худалдан авсны дараа зэрэглэн ангилна. Микроноор нь, өнгөөр нь, хялгас агууламжаар нь гээд л. Нэг өнгийг гэхэд дотор нь гурван зэрэглэлээр дахиад ялгах гээд малчнаас түүхий эдийг авснаас хойш 9-10 зэргийн ялгаа хийдэг. Угаах үйлдвэрт мөн тус тусад нь оруулаад хялгас нь парт партаар нь ялгаж, самнаж боловсруулна. Эндээс нэг, хоёр, гуравдугаар зэргийн самнасан түүхий эд гарч ирэхэд ээрэх үйлдвэрт чанараас хамаараад дан болон давхар эрчтэй утас ээрдэг. Дараа нь, сүлжмэлийн үйлдвэр дан утсаа давхарлах уу, нарийн утсаар нимгэн сүлжээ хийх үү гэх зэргээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Ингэхээр 30 гаруй дамжлагаар орж байж эцсийн бүтээгдэхүүн бэлэн болно. Эко бүтээгдэхүүний маань онцлог бол цайруулах, будах шат дамжлагаар орохгүй гэсэн үг. Ноолуурыг буддаг. Харин сарлагийн хөөвөр, торомны ноосыг байгалийн натурал өнгөөр нь бүтээгдэхүүн болгоход илүү анхаардаг.  

-Ажиллагаа, шат дамжлага их болоод ирэхээр үнэ ханш нэмэгдэх нь тодорхой. Бас түүхий эдийн зах зээлийн үнэ ханшаас хамаарч хэлбэлздэг байх. Ер нь ноос ноолууран бүтээгдэхүүний үнэ өртгийг яаж тооцож, тогтоодог вэ?
-Сүүлийн жилүүдэд худалдан авалт буурч байгаа учраас түүхий эдийн үнэ ханш дагаад буурсан. Ер нь, дэлхийн нэхмэлийн зах зээлд захирагдаж манай дотоодын түүхий эдийн ханш тогтдог. Түүнээс Монголын үндэсний үйлдвэрүүд бид өөрсдөө үнэ тогтоогоод байгаа юм биш гэдгийг малчид ойлгох хэрэгтэй. Манай компани ч гэсэн утас, сүлжмэлийн үнэ тогтоохдоо Хятад, Италид самнасан ноолуур ямар үнэтэй байгаа, дэлхийн түүхий эдийн биржүүд дээрх ханшийг судалдаг. Өнгөрсөн жил малчнаас ноолуурыг 60-70 мянган төгрөгөөр бэлтгэн ирж байсан бол энэ жил 60 мянган төгрөгөөс эхэлж байна. Ноолуурын ханш буухгүй, ноднин жилтэй бараг адил байна. Дотоодын сүлжмэлийн үйлдвэрүүд Хятадаас оруулж ирсэн утас маш их хэрэглэдэг болж. Цэвэр биш хольцтой утсууд хэрэглэж бүтээгдэхүүн үйлдвэрлэчихээд 100 хувийн ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр гэж шошго тавих нь шударга бус. 100 хувийн утас бол түүхий эд нь ч үнэтэй, дээр нь боловсруулах зардал нь шингэсэн байдаг юм. Улаанбаатарт гэхэд зөвхөн хятад утсаар сүлжмэл бүтээгдэхүүн хийдэг 100 гаруй цех ажиллаж байна. Зах зээл дээр тухайн ээрмэл утасны орц 100 хувь уу, хольцтой юу гэдгээс хамаараад үнэ тогтдог байх ёстой. Тэгэхээр манайхан шошгоо үнэн зөв тавихгүй бол гадаадын жуулчдыг үргээчих вий дээ. Монголын үндэсний үйлдвэрийн 100 хувийн ноолууран цамц аваад өмстөл хольцтой хятад утсаар хийсэн бүтээгдэхүүн байх вий гэж санаа зовдог. Тиймээс ч Монголын ноос ноолуурын холбоонд үйлдвэрүүд нэгдэж шударга байх, шошгоо үнэн зөв бичихийг уриалж буй юм. 

-Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнд шарик үүсч бөөгнөрчихдөг сул тал бий. Бараг гол асуудал энэ гэхэд болно. Энэ нь монгол ямааны ноолуурын онцлог байна уу, түүхий эдээсээ хамааралтай байна уу. Эсвэл боловсруулалт, үйлдвэрлэлийн технологид учир дутагдал байна уу?
-Түүхий эд бэлтгэлтийн систем дээрээ анхаарахгүй бол болохгүй байна. Боловсруулалтын шатандаа ч мөн анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, самнасан ноолуураа урт, богино, дунд гэж ангилж ялгах ёстой. Ижил бус хэмжээтэй түүхий эдээр сайн чанартай утас үйлдвэрлэхэд технологийн хувьд алдаа гардаг. Социализмын үед ямаа таван нас хүрсэн бол заазанд явуулдаг байсан бол одоо 7-8 настай сэрхтэй малчин байна. Хоттой малынх нь сүргийн бүтэц алдагдсан гэсэн үг. Тав хүртэл настай ямаатай айлын хотноос гарах ноолуурын бүтэц жигд байдаг. Харин одоо 2-5 настай, 7-8 настай ямаатай холилдоод ирэхээр ноолуурын чанарт нөлөөлнө. Манай улсын 60 сая малын 30 гаруй хувь нь ямаа боллоо. Ямааны тоо толгой бол хэтэрчихсэн шүү дээ. Тэгэхээр одоо ямаагаа үүлдэр угсаагаар нь төрөлжүүлж, сүргийн бүтцийг таваарлаг болгох шаардлагатай байгаа юм. Тэр дундаа цагаан ямааг төрөлжүүлж, сүргийн бүтцийг сайжруулах асуудал тулгарсан. Үйлдвэр дээр түүхий ноолуурыг хэчнээн их ялгаж, ангилаад ч микроны хэлбэлзэлтэй болохоор ээрмэл утас нь жигд бус болдгоос үүдээд бөөгнөрдөг. Энэ бол түүхий эдээсээ гаралтай юмаа. Малчид хуучны үед малаа угаадаг байсан. Одоо больсон. Мал угаах онгоцтой сум цөөхөн байна. Малчид тэтгэмж, дэмжлэг авдаг ч гэсэн малаа эрүүлжүүлж, ядаж угаадаг болмоор байгаа юм. Угаахгүй байна гэдэг арьс, үсний чанарт ихээр нөлөөлж байгаа хэрэг. Малдаа туулга уулгахаа ч больж. Малаа эрүүлжүүлэх талыг маш сайн анхаарахгүй бол горьгүй нь. Үйлдвэрүүд малчдыг үүнд уриалж байна шүү дээ. Энэ бол зөвхөн малчид гэлтгүй хөдөө аж ахуйн салбарын бодлогын түвшиндээ анхаарах ёстой асуудал.  

-Нэг үеэ бодоход гадаадын зах зээлд манай бүтээгдэхүүнүүд нэвтрээд эхэлсэн. Эргээд энд чанар яригдана. Монгол ноос ноолууран бүтээгдэхүүн дэлхийд өрсөлдөх чадвартай юу?
-Манай ноолуурын бүтээгдэхүүн Хятадынхаас загвараараа дутахгүй. Сүүлийн үед манай ноос ноолуурын салбар хурдан хугацаанд өсч байгаа. Манай сүлжих цех гэхэд “М” размер бол яг л тэр хэмжээндээ таардаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нарийн мэргэжлийн ажилчдаа бид 5-10 жил сургаж бэлтгэдэг. Хүмүүсээ ажилтай, орлоготой байлгахын тулд үйлдвэр маань санхүүгийн чадавхитай байж, оршин тогтнох ёстой. Ур чадвар сайтай инженер техникийн ажилчдаараа бахархдаг. Монголын ноос ноолуурын салбарт экспортын асар их бололцоо байна. Харин бидэнд технологио яльгүй сайжруулах, гадаадын хэрэглэгчийн зах зээлийг судлах л хэрэгтэй байгаа. Аль улс руу бүтээгдэхүүнээ гаргах гэж байна, тухайн орныхоо хүмүүсийн онцлог, уламжлал, цаг уур, хувцаслалт, соёл гээд маш их зүйл судлах шаардлага гардаг. Бид ямар л бол ямар загварын хувцас үйлдвэрлэж байна. Монголын ноолуур, сарлагийн хөөвөр бол сайн түүхий эд юм. Бидэнд түүхий эдээсээ л эхлээд сайн бэлтгэдэг болгож, улам чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ гадаадын олон оронд экспортлох бололцоо бий. Ноос ноолуурын салбарт бид 17 жил үйлдвэрлэл эрхэлж байгаагийн хувьд бүх нөөц боломжоо ашиглаж өдийг хүрлээ. Цаашид ч их зүйл төлөвлөж, зорьж байна. 
 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан