Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ноосыг “алт” болгогч

 

ноос” компанийн захирал Ч.Эрдэнэбат, ээрмэлийн үйлдвэрийн дарга А.Ариунболд

Хэд хоногийн өмнө үндэсний үйлдвэрлэгч “Могол ноос” ХХК “Могол” брэндээ “Номин” их дэлгүүрээр борлуулах болсон. Хонины нарийн ноосноос ялган авсан ноолуураар утас ээрч, түүгээрээ нэхсэн даавуугаар пальто, ороолт зэрэг олон нэр, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйгаараа онцлог гэдгийг энэ үеэр дуулгасан юм. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Ноос боловсруулах явцын хамгийн хүнд хэцүү үе нь утас ээрээд, даавуу үйлдвэрлэх байдаг. “Могол ноос” үүнийг давчихлаа. Одоо борлуулалт, олон улсын зах зээлд гаргах маркетингдаа анхаарах учиртай” гээд энэ бол монголчуудын нэгэн бахархал хэмээн онцолсон.

Уг нь Монгол шиг таван хошуу малаараа “хахчихсан” оронд малын түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгоод дотоодын хэрэгцээгээ хангаж, цаашлаад гадаадад гаргах нь тийм хүнд хэцүү, эсвэл гайхуулаад байх зүйл биш мэт санагдах байх. Харамсалтай нь, нэгэн үед бид байснаа үгүй хийж, нэлээд хэдэн шат уруудаад, гацчихсаны балгаар чаддагаа чадахгүйд хүрсэн. Гэхдээ буруугаа засахын тулд жирийн монгол иргэд хичээж, боломжийнхоо хэрээр бүтээж, босгож, тодорхой амжилтад хүрч байна. Тэдний нэг нь “Могол ноос”-ыг үүсгэн байгуулсан Ч.Эрдэнэбат. Монгол хонины ноосыг угааж, боловсруулаад, утас ээрч, ноолуураас ялгагдахгүй шахуу торгон, зөөлөн ноосон даавуу сүлжээд, түүгээрээ пальто оёх хүртэл шат дамжлага, технологийг бий болгоход амьдралынхаа 30-аад жилийг зарцуулсан түүнийг “Нэг өдөр” онцлон, ажлыг нь сурвалжиллаа.

Загасчны морь усгүй гэдэг шиг би чинь хонины ноосон пальтогүй юм байна, нэгийг авч өмсөнө өө

09.30 цаг. Бид “Номин” их дэлгүүрийн II давхарт байрлах “Могол” брэндийн дэлгүүрт өнгөрсөн мягмар гаргийн өглөө уулзахаар тохирсон юм. Хүмүүс бүтээгдэхүүнийг нь хэрхэн үнэлж, ямар шинэ санаа оноо хэлж буйг “тандах” зорилгоор Ч.Эрдэнбат тэнд үе үе очиж байгаа гэнэ.

Ердөө хэдхэн хоногийн өмнө дэлгүүрээ нээсэн хэрнээ ихэнх загварын пальтогоо 50 хүртэл хувь хямдруулчихаж. Ямар учиртайг нь асуухад “Бид оёдлын үйлдвэрээ 2017 онд ашиглалтад оруулсан. Өдийг хүртэл боловсон хүчнээ сургаж, мэргэшүүлж, загвараа гаргах зэргээр турших үйлдвэрлэл явуулаад одооноос жигдэрч байгаа.

Энэ хугацаанд хийсэн бүтээгдэхүүнүүдээ хямдруулан борлуулж байна” хэмээн тайлбарлав. Энэ өглөө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Могол” брэндтэй танилцахаар ирж таарлаа. Түүнийг Засгийн газрыг тэргүүлээд удаагүй байхад “Могол ноос” ХХК-ийн ээрмэлийн үйлдвэр ашиглалтад орсон бөгөөд үүнээс улбаалан хамтран ажиллах санал хүртэл тавьж байсан хүний хувьд, мөн сэтгэж, бүтээж байгаа нэгнээ дэмждэг жирийн иргэний хувьд ч сайд асан энд ирсэн гэдгээ онцлов. Тэрбээр гэргийн хамт “Могол”-оос пальто худалдан авч, ерөөлийн сайхан үгээр мялаагаад явлаа.

11.00 цаг. Хонины ноосон пальтонуудыг “эх барьдаг” үйлдвэртэй танилцахаар Төв аймгийг зорилоо. Зам зуурт Ч.Эрдэнэбатаас элдвийг асууж, “байцаав”. Тэрбээр Завхан аймгийн Яруу суманд төрж, өссөн, айлын 12 хүүхдийн нэг нь аж. Хотод оюутан болсон нэг ах нь дунд сургуулиа төгсдөг жил нийслэлд авчирснаар XX дунд сургуульд сурч, төгсөөд оюутан болжээ. Хойд хөршийн Эрхүү хотын ХААИС-ийг 1985 онд ан судлаач мэргэжлээр төгсөж, ирээд Богд уулан дахь бугын аж ахуйн орлогч даргаар томилогдсон гэнэ.

Тэнд ажиллаж байхдаа Булган аймгийн Могод суманд бугын аж ахуй байгуулж, ашиглалтад оруулжээ. Дараа нь Ан олзворын үйлдвэрийн ерөнхий инженерээр томилогдож, тарваганы арьс идээлэн, боловсруулах шинэ технологи боловсруулсан нь тухайн цагтаа том дэвшил болжээ. Энэ мэтээр байнга бүтээж, босгож, шинийг эрэлхийлж явсаар 1990-ээд онд ангийн үсээр бүтээгдэхүүн хийдэг цехээ нээсэн байна. Дараа нь ноостой “найзалж”, түүхийгээр нь экспортолдог болж, энэ хоорондоо “Ургадаг цагаан алтаа гадагш зөөх нь буруу юм байна” гэж ухаараад өөрсдөө угааж, боловсруулахаар шийдсэн гэнэ.

Ингээд Төв аймгийн Баянцогт суман дахь, банкны өрөнд хураагдчихсан, цонх, хаалга гэх зүйлгүй үлдсэн үнээний фермийн барилгыг авч ноос, ноолуур угаадаг үйлдвэрээ босгож, 2001 онд ашиглалтад оруулжээ. Үүндээ түшиглээд 2012 онд монгол хонины ноосноос үйлдвэрлэлийн аргаар ноолуурыг нь ялгах технологитой үйлдвэр байгуулав. Дараа нь утас ээрдэг буюу бидний зорьж буй үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм байна.

Энд нэг зүйл онцлоход, урд хөрш рүү урсаж байсан ноосны урсгалыг зогсооход хамгийн чухал хөшүүрэг болсон ноосны урамшуулал гэдэг зүйлийг Ч.Эрдэнэбат санаа нийлсэн хэдэн хамтрагчтайгаа санаачилж, УИХ-ын гишүүдэд захиа бичиж, анхааралд нь хүргэсэн юм билээ. Мөн үндэсний үйлдвэрлэгчдэдээ хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл олгох талаар ч тэрхүү захидалдаа дурдсан гэдэг. Захидлынх нь хамгийн анхны хариуг Ц.Нямдорж гишүүн ирүүлсэн, “Фортуна” Батбаяр бүр тэдэнтэй уулзаж, зөвлөлдөж байсан талаар дурсахдаа түүний хоолойд тун их баярласан өнгө илрэв. Түрүүн дэлгүүрт байхдаа ч “Ерөнхий сайд байсан хүн манайд урилга заллагагүй ирлээ” гээд инээхдээ дууных нь өнгө мөн л ийм болсон. Энэ талаараа “Би ямар нэгэн намын харьяалалгүй хүн. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихдээ намчирхдаггүй хүн манайд байдаг нь үнэхээр талархууштай. Монголд хоёр нам хамтраад нэг зөв шийдвэр гаргахад л үйлдвэрлэгчид нь ямар их зүйл хийж, бүтээснийг харж болно” гэлээ.

1995 онд орон нутагт бүр багийн төвд ноос, ноолуур угааж, ялгадаг үйлдвэр байгуулахаас эхлээд Итали, БНСУ, Хятад, Энэтхэг, Балбад ямааны ноолуур нийлүүлдэг болж, хонины ноосны ноолуураар нарийн утас хийдэг анхны үйлдвэрийг Монголдоо 2013 онд ашиглалтад оруулсан, ОХУ-ын Эрхүү, Казахстаны Алма-Ата хотод дэлгүүрээ нээх болсон гээд өч төчнөөн түүх бичихдээ олон саад бэрхшээл туулсан “Могол ноос” компани өнөөдөр 300 гаруй ажилчин, ажилтантай. Зөвхөн ноос угааж, самнаж, боловсруулдаг үйлдвэрт нь 100-гаад хүн ажилладаг аж. Ээрмэл, оёдлын зэрэг үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал 500 гаруй хүнийг ажлын байраар хангах юм билээ.

Хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэсэн. Энэ нь импортоор ижил төрлийн бүтээгдэхүүн их хэмжээгээр оруулж байгаатай холбоотой. Жишээлбэл, ээрмэлийнх нь үйлдвэр 300 тонн утас ээрэх хүчин чадалтай. Энэ бол дотоодынхоо жилийн хэрэгцээний 80 хүртэл хувийг хангах боломж. Одоогийн байдлаар тус үйлдвэрээс 40-50 тонн утас л гарч байгаа гэнэ. Гэтэл Монголд жилдээ импортоор 400-500 тонн утас оруулж ирдэг юм байна. Тэр нь чанарын хувьд муу, Ч.Эрдэнэбатын ярьснаар магадгүй урд газрынхны хаясан өмд, дотуур хувцас зэргээр хийсэн, өөрөөр хэлбэл, дахин боловсруулсан, ноосны орц өчүүхэн “ноосон” утас байгаа. Энэ талаар мэргэжилтнүүд ч хэлдэг, мэргэжлийн байгууллагуудын лабораториор шинжлээд баталчихсан юм билээ.

“Могол ноос”-оос гадна дотоодын хэрэгцээг хангах хэмжээний утас ээрдэг үйлдвэр бий гэсэн. Тэгэхээр энэ салбарынханд зүтгэл нь байгаа ч төрийн бодлого, зохицуулалт дутаад буйг холбогдох хүмүүс нь анхаараасай. Энэ талаар байнга шахуу хөнддөг ч яам, тамгын газрынхан хэдий болтол чих, нүдээ “дараад” суух вэ.

12.20 цаг. Нарийн утас хийдэг Монголын анхны үйлдвэрийн үүдэнд “Дундардаг шар алтнаас ундардаг цагаан алт үнэтэй. Уран гар, ноос нийлэхэд улс Монголын ирээдүй гэрэлтэй”, “Дэвшилт технологи-төгс чанар-чадварлаг хамт олон” гэсэн сайхан уриа үг байна. Байгууламжийн нэгдүгээр давхарт байрлах ээрмэлийн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжүүд бүрэн автомат бөгөөд Италиас оруулж ирсэн, нийт өртөг нь хоёр тэрбум төгрөг гэсэн. Анхан шатны үйлдвэрийн есөн дамжлагаар орж, угаагдаж, ялгагдсан хонины ноосны ноолуурыг энд авчирдаг. Тэр нь хамгийн эхний дамжлагаас цувимал болж гараад утас болох замаа эхлүүлнэ. Үүнээс цааш дахиад 10 гаруй дамжлагаар явж, ээрэгдсээр 3-9 өнгийн утас болно.

Эднийх 80-100 дугаарын утас хийх боломжтой юм байна. Дугаар нь өгсөх тусам утас нарийхан болдог аж. Дашрамд сонирхуулахад, утас хийх шиг нарийн, хэцүү технологид дэлхийд байдагүй. Бүр нисэх онгоц хийхээс ч хэцүү гэдэг. Дэлхийн хэмжээнд бүтээсэн 300 дугаартай хамгийн нарийн утсыг энгийн нүдээр харах боломжгүй аж. Энэ салбарт тэргүүлэгч нь Итали, Япон, Германы брэндүүдийг нарийн, чанартай утсаар хийдэг учраас өндөр үнэтэй байдаг ажээ.

“Могол ноос” компанийн ээрмэлийн үйлдвэрийн захирал А.Ариунболдын ярьснаар эднийх одоогоор нэг ээлжээр 20 гаруй хүнтэй ажиллаж байгаа бөгөөд сардаа 4.5 тонн нэхмэлийн утас гаргадаг. Тус бүр нь 400 ээрүүл бүхий таван машинтай үйлдвэр борлуулалтаасаа шалтгаалаад 100 хувь ажиллаж чадахгүй байгаа гэнэ.

Энэ үйлдвэрийн машинууд утасны нарийн, бүдүүний хэлбэлзлийг хянадаг учраас хэрэгцээтэй үед нь автоматаар таслаад, залгах зэрэг үйлдэл хийчихдэг “ухаантай” юм байна. Мөн утасны хаг зэргийг ялгачихна. Тухайн түүхий эдийн 10-15 хувь нь ийм хорогдол байдаг бөгөөд эл “хаягдал”-ыг нь оймс, шаахай хийхэд ашигладаг гэсэн.

Тус үйлдвэр өөрийн лабораторитой. Үйлдвэрт ирсэн түүхий эд, түүгээр хийсэн сүлжмэлийн болон нэхмэлийн утаснууд нь хэр бөх бат, жигд байна гэхчлэн чанарыг нэгбүрчлэн шалгадаг хэрэгсэл, багаж төхөөрөмжтэй юм байна.

13.30 цаг. Дундговь, Өмнөговь болон Төв аймгийн урд хэсгийн сумуудын хонины бүдүүн ноос нарийн зүйл хийхэд хамгийн тохиромжтой гэдгийг Ч.Эрдэнэбат захирал тайлбарлаад

“Дундговийн удирдлага өнөөдөр манай үйлдвэртэй танилцаад, тэр нутгийн хонины ноосоор юу хийж байгааг үзнэ” гэж өглөө ярьж байсан юм. Төлөвлөсний дагуу тус аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ ирж, үйлдвэртэй танилцав. Дундговийн хонины ноосоор Монголдоо цорын ганц үйлдвэр нь ямар бүтээгдэхүүн хийж байгааг тун шамдангуй тайлбарлах захиралд нэг бодол бий. “Буга намнадаг нь манайд, булга зүүдэг нь танайд бий” гэдэг шиг “Ноос аваад, утас болгоод өгье. Түүгээр аймгийнхаа иргэдийн өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжээрэй. Бэлэн туршлага нь бидэнд бий шүү, хамтран ажиллая” гэсэн санаатай.

Тиймээс ч зөвхөн үйлдвэрээ танилцуулаад зогссонгүй. “Могол ноос”-ны утсаар бүтээгдэхүүн хийж, тов хийсэн орлоготой болсон нэгэн бүсгүйн ажилтай танилцуулав. Дөрвөн жилийн өмнө анх таван ханатай гэрт үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Ч.Мядаг өдгөө түрээсийн байранд, 2-3 хүн цалинжуулаад, хамтран нэхмэл бүтээгдэхүүн хийж, гадаад, дотоодод борлуулдаг болжээ. Захиалга болон борлуулалтаа ихэвчлэн цахимаар хийдэг юм байна.

“Могол ноос” компанийн утасны чанарыг Хятадынхтай харьцуулах аргагүй сайн. Урдаас оруулж ирдэг утас нейлоны орцтой учраас маш их цахилгаанждаг, нэхэх явцад ганц гогцоо алдчихвал эгнээгээ дагаад хөвөрдөг гээд үнэхээр хэцүү. Миний мэдэхийн өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг найз нар маань бүгд “Могол”-ын утас хэрэглэдэг” хэмээсэн тэрбээр ирэх зун гэхэд өөрийн гэсэн ажлын байртай болохоор зээлээр бариулж буй талаараа дуулгалаа. Энэ бол орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх боломж, нөөц байгааг харуулах ганцхан жишээ. Сэтгэлд цучил байхад зууханд гал олдоно гэдэг дээ. Ийм хамтын ажиллагааг хаана хаанаа хөгжүүлбэл Засгийн газрын ажлын байр бий болгох зорилтод өчнөөн дэм болох нь гарцаагүй.

15.00 цаг. Төв аймгийн төв буюу Зуунмод сумын “Хүмүүн” ахлах сургуулийн сурагчид чөлөөт цагаараа нэхмэлийн дугуйланд сурдаг аж. Энэ нь орон нутагтаа байгаа үйлдвэрээсээ түүхий эдээ авах хамтын ажиллагаатай. Үүнийг Дундговийн Засаг даргад үзүүлж, туршлагаасаа хуваалцсан Ч.Эрдэнэбат сургуулийн захиралд “Сурагчдаа манай үйлдвэрт дадлагажуулах боломжтой. Ийм хамтын ажиллагааны үр дүнд хүүхдүүд их зүйл мэдэж, сурч, хожим хүсвэл хувиараа үйлдвэрлэл эрхлэхэд нь дөхөмтэй. Нөгөөтэйгүүр бид үйлдвэрийнхээ боловсон хүчнийг багаас нь сургаж, бэлтгэх давуу талтай” хэмээлээ.

15.40 цаг. “Хоол оройтчихлоо шүү дээ. Яагаад хоол өгөхгүй байна аа, өлсөөд байна” гэж “үглэх” захирлын үгийг таслан ээрмэлийн үйлдвэрийн дарга дуудав. Тогооч нар хоолоо бэлэн болгожээ. Үйлдвэрийн ажилчдын хоолны газар нь нэлээд том танхимтай “хөөрхөн” зоогийн газар аж. Ч.Эрдэнэбат “Ажлын шугамаар ирсэн нэг хятад хүн “Монголчууд зав л гарвал хооллох юм. Бид ямар ч ачаалалтай байсан хоолоо хэзээ ч хойшлуулдаггүй” гэж байсан. Бидний ходоод хямарч, их ядардаг нь хоол ундаа цагт нь идэхгүй хэт холдуулдагтай холбоотой байх хэмээн учирлав.

Сайхан хооллож, эрч хүч авсан бид ээрмэлийн үйлдвэрийн хоёрдугаар давхарт байрлах “Могол” брэндийн пальтоны үйлдвэртэй танилцлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас масс үйлдвэрлэлээ эхлүүлсэн тус газарт одоогоор 30 гаруй хүн ажиллаж байна. Энэ оны эцэс гэхэд 20 гаруй ажилчин нэмэгдэж, 54 хүнтэй болох бөгөөд ингэснээр жилдээ 10 000 пальто үйлдвэрлэх зорилтоо биелүлэх боломж бүрдэх гэнэ.

“Могол ноос” компани ээрсэн утсаа “Блю скай” компанид нийлүүлж, даавуу хийлгээд, түүгээр нь хувцас оёдог юм байна. Энэ бол кластерын систем бөгөөд олон улсад үйлдвэрлэлийг энэ л замаар хөгжүүлж буй. Өөрөөр хэлбэл, нэг газарт эхнээс нь эцсийг нь хүртэл үйлдвэрлэдэг цаг үе хэдийн ард хоцорсон.

Нэг пальто оёдлын найман дамжлагаар ороод, 2-3 чанар шалгагчийн гараар “шүүгдсэний” эцэст хэрэглэгчдэд хүрдэг юм байна. Дэлхийн том брэндүүд ямар оёдол, шошго, дотортой байдаг тэр л жишиг стандартаар бүтээгдэхүүнээ оёдог гэдгийг энэ үйлдвэрийн дарга Ч.Нарантуяа ярилаа. Тэрхүү стандартад нийцэж байгаа, эсэхийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчээр үзүүлж, зөвлөгөө авдаг аж. Эднийх Америкт ажилладаг монгол шинжээч бүсгүйг урьж, бүтээгдэхүүнээ “шинжлүүлсэн” гэнэ. Бүтээгдэхүүнийх нь гоёлын оёдлууд, өнгөний сонголт, загвар нь гоё санагдлаа. Брэндийн нээлтийн үеэр хэрэглэгчид суга, мөрний хэсгээрээ хөдөлгөөнд саад болохгүй, өөрөөр хэлбэл, биед сайн сууж байгааг онцолж байсан юм.

Дэлхийд “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой гарах “Могол” брэндийг Япон, Итали, БНСУ, Хятад, Хонконгийн тоног төхөөрөмжөөр өргөтгөсөн үйлдвэрт, 200 гаруй хүний хүч хөдөлмөрөөр урлаж байна. Үүнээс гадна ороолт, бээлий зэрэг бүтээгдэхүүн гаргаж байгаа бөгөөд тэдгээрийг нэхмэлийн үйлдвэрүүдэд захиалж хийлгэдэг юм билээ. Эднийх одоогоор ажилчдаа зөвхөн пальтогоор мэргэшүүлэн сургаж буй бөгөөд ойрын үед ноосон драпаараа дээл хийхээр бэлтгэж байгаа аж. Ирэх оны төлөвлөгөөндөө хослол, хүүхдийн хувцас, ахуйн бүтээгдэхүүн хийхээр тусгажээ.

Энэ мэтээр ундарч, буцалсан олон төлөвлөгөөгөө биелүүлэхээр цаг хугацаатай уралдаж буй “Могол ноос” компанийнхан, үндэсний ийм сайхан баялаг бүтээж, олон ажлын байр бий болгож, бахархалт хамт олон бүрдүүлсэн захирал Ч.Эрдэнэбатад мөрөөдлөө хэдэн зуун хувиар давуулан биелүүлэхийг “Өнөөдөр” сонин хүсэн ерөөе. “Зарим том компаниас хөрөнгө үнэртдэг. Харин “Могол ноос”-оос хөрөнгө мөнгө биш, хөлс үнэртэж, мэдрэгдэж байна” хэмээсэн О.Бат-Эрдэнэ даргын үгээр сурвалжилгаа өндөрлөе.

17.20 цаг. “Аливаад сэтгэлээ шингээж чаддаг, хөдөлмөрч, сэтгэлгээтэй иргэдээ төр, засаг нь дэмжээд, дор бүрнээ хичээгээд явбал гурван сая хүн амтай, уудам тал нутагтай “жижигхэн” Монголоо амархан хөгжүүлнэ дээ” гэж бодон, Ч.Эрдэнэбатад дахин дахин талархсаар Төв аймгаас Улаанбаатарыг зорилоо. “Могол ноос” компанийн ээрмэлийн үйлдвэрийн гурав дахь уриа “Хөдөлмөрч хүний гар аз жаргалыг мэдэрнэ”. Үнэхээр бид хөдөлмөрлөж чадвал аз жаргал бидний гарт байгаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан